Өглөгийг хичээж, өөрийн сэтгэлээ зассан бүхэнд ээлтэй
“Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн өнгийг “Салан дагцал” буюу үхэр зурагт хэрхэн зурсныг сүм хийдийн тэргүүн нар, зурхайч, шашны зүтгэлтнүүд ингэж үзэж байна. Тэдний байр суурийг хүргэе.
Д.Чойжамц: ЦАГААН САР ТУСГААР ТОГТНОЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ
/Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба/
Уламжлалт баярын нэг Цагаан сараараа монголчууд аав ээж, өтгөс буурал, төрөл төрөгсөдтэйгээ учран золгож, энх мэнд, элбэг сайхны бэлгэ ерөөлийг бүрдүүлдэг учиртай. Хуучин он хангиран одож, шинэ оноо угтан золгож байгаа нь нэг цаг хугацаанаас огт өөр цаг хугацаанд шилжиж байгаа зүйл бус энэ нь цаг хугацааны үргэлжлэл болой.
Бурханы шашинтан бидний хувьд шашин соёлын шавхагдашгүй олон талт өв сан, мэдлэг ухаан, ёс заншлаа сэргээх, хадгалах, өвлүүлэхийн төлөө өөрсдийн боломж бололцооны хэрээр чармайн ажиллаж ирлээ. Монголын ард түмний уламжлалт шашин соёл, ёс заншил, эх орноо гэсэн ухамсар ч улам бүр сэргэж байгаа нь бахархууштай. Цагаан сараа өвөг дээдсийнхээ өвл үүлж ирсэн үнэт ёс заншил, өв уламжлалаа баримталж элдэв суртлыг номлогч. нөлөөнд авталгүй тэмдэглэж, хойч үедээ уламжлуулан өвлүүлж үлдээхийг хаа хаанаа бодууштай.
Энэ сайхан баяраараа бие,хэл, сэтгэлээ тэгшитгэх буюу амар мэндийг зөв эрж, билэгтэй сайхан үгийг хөөрөлдөж, гадаад төрх байдал. явдал мөрөө засч, уур шунал, атаа хорсол зэрэг муу сэтгэлийг дотроо үл агуулж сэтгэлээ шинэтгэн шинэлэн өнгөрүүлэхийг эрхэмлэвээс зохилтой.
Дорно дахины Азийн улс орнууд бурхан шүтээн болоод нэг нэгнээ хүндэтгэн дээдэлж, таван зүйлийн өргөл тахил, сайхан дүрс, сайхан дуу, сайхан үнэр, сайхан амт, сайхан хүртэхүйг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу монголчууд Цагаан сарын баяраараа гэр орон, гаднах орчноо цэмцийлгэж, шинэ хувцас зүүсгэлээ асааж, сонсголонтой үгсийгхэлэлцэж, арцхүжтэргүүтэн анхилам үнэртнийг уугиулж, амтат идээ ундаагаар дайлж, хамгийн зөөлөн хүртэхүйн дээд болсон хадгаа барин золгодог. Монголчууд бид бусдад номын өглөг, асралын өглөг, эдийн өглөг зэргийг өгч баярлуулан буян хураадаг уламжлалтай. Монголчууд та бүхэндээ оюуны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон уламжлалт ёс заншлаа халгалан, эцэг өвгөдөөс өвлөн авч үеийн үед энх тунх оршин буй байгаль дэлхийгээ хайрлаж, үндэсний шашин соёлоо эрхэмлэн дээдэлж явахын сайхан ерөөлийг дэвшүүлье.
Р.Оюунчимэг: ЖИЛ ОРЖ БУЙ ХҮМҮҮС ОНЦГОЙ ЗАСАЛТАЙ
/“Баянбүрд” зурхайн төвийн зурхайч, академич/
-Энэ жил ямар жилтнүүд онцгойлон засал хийлгэхээр зурхайд буусан вэ?
-Тийн унжлагат шороон нохой жилд 13, 73-ны жил орж байгаа хүмүүс бие махбодийн хямралтай, 25, 85-ны жил орж буй хүмүүс ад зэтгэр босох нигууртай 37, 97-ны жил орж буй хүмүүс дайсан махбодтой тул тус, тус онцгойлон анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 49-ний жил орж буй бол хийморь доройтох, 61 настнууд төрсөн махбодтой, шулмын хөнөөл гарах гэж зурхайд буужээ. Жил угтаж ордог үдэж гардагучир эдгээр хүмүүс угтаж засал хийлгэх хэрэгтэй.
-Харш гэж ярьдаг даа, үүнд ямар жилтнүүд багтаж байна?
-Луу жилтнүүд дүнгэр ба их харш. Бар, морьтон ивээл жилтэнгүүд түнсүм засалтай. Гахай жил гарз гарах, сэтгэл энэлэх гэм буй.
-Суудал өнцөгдсөн жилтнүүд юу анхаарах вэ?
-Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтэн суудал өнцөгдсөн тул засал хийлгэ. Догсүм, Доржнамжим, Цэнд, Цэвэгмидийн чого. Жанцан зимой бүжин, Цагаан шүхэрт, Базарсад, Жадамба тус тус уншуул.
-Хийморийн буулттай ямар өдрүүд байна вэ?
Нохой жилд ганц тохиох хийморь буулттай өдөр бар, морь, нохой жилтнийх ирэх сарын 27-нд тохиож байгаа бөгөөд эдгээр жилтэн баруун зүгт, тахиа, үхэр, могой жилтнийх ирэх долдугаар сарын 30-нд тохиох бөгөөд эдгээр жилтэн хойд зүгт, хулгана, луу, бич жилтнийнх 2019 оны нэгдүгээр сарын 17-нд тохиож буй бөгөөд зүүн зүгт, туулай, хонь, гахай жилтнийх 2019 оны нэгдүгээр сарын 20-нд тохиох тул урд зүгт тус, тус дарцагаа хийсгэвэл зохилтой. Жилийн ерөнхий төлөв байдал болоод жилүүдийн зурлага тодорхой байгааг бүгд дор бүрдээ судалж, харж байгаа гэж найдна.
Монгол түмэн, сүсэгтэн олон та бүхэн минь зурхайн зурлагад буусныг болгоож, биеэ энхрийлж, бусдыг хүндэлж, эв эеийг хичээж, ургаж буй жилээ ерөөлөөр угтаж, сэтгэлдээ түмэн амгалантай, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл байж, дор бүрдээ ажил үйлсийг эрхэмлэвээс хөдөлмөрийнхөө үр шимийг дүүрэн хүртэх сайхан жил гарч байна. Тийн унжлагат хэмээх модон нохой жилдээ Монголын ард түмэн эвсэн найрамдаж, улс орноо хөгжүүлэх үйлсэд хүн бүр зүтгэж улс эх орон минь хөгжин дэлгэрэх болтугай.
Д.Тайвансайхан: ӨГЛӨГ БУЯНЫГ ХИЧЭЭВЭЛ ДЭВЖИНЭ
/Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш/
-Энэ жилийн өнгийг та юу гэж үзэж байна?
-Зурхайн зурлагаас харахад хур бороо тэгш, үр тариа ургац шим сайтай сайхан жил гарч байна. Хөгшдөд хатуу, залууст амгалантай, хүүхдэд ширүүн гэж зурхайд буусан. Зарим халууны улиралд өвчин дэгдэнэ. Улс орны хөгжил дэвшил сайжирч амгалантай болно. Ард зоны амьдрал сайжирна. Салхи, шуурга намдуу. Өглөг тэтгэлэг сайжрах сайн нигуртай.
-Өглөгийн жил байна, өглөгийг дээдэл гэж зурхайч, шашны зүтгэлтнүүд хэлж байна. Өглөг гэдгийг тодруулж айлдана уу?
-Өгье л гэвэл, ямар ч хүнд боломж бий. Мөнгөгүй байж болох ч эрүүл саруул, гар хөл нь хөдөлж ажил хөдөлмөр хийж чадаж байгаа хүн бусдад тустай үйлийг бүтээж, хэнд ч тусалж чадна шүү дээ. Хүнд сайныг санаж, тустайг хэлэх, сануулах нь ч өглөг болно. Сайхан үг хэлэх ч бас өглөг. Өгье гэвэл бүх хүнд боломж бий.
-Бүгд тийм байж, өгч чадах болов уу?
-Өөрийн сэтгэлээ таньж, өөрийгөө толинд харсан мэт дотоод сэтгэлдээ харж, би-гээ тольдож буй хүн бусдад тусалж, өглөг өгч буян үйлдэж чадна. Ядаж л уур уцааргүй тайван амгалан нүдээр орчин тойрноо хар л даа. Тэр бас өглөг. Иймээс залууст захих зүйл асар их байна.
-Залууст ямар сургааль айлдах вэ?
-Оюунаа хөгжүүлж, хөдөлмөрийг гололгүй хийгээрэй. Улс орны төлөө, хувь амьдралынхаа сайн сайхныг бас бодож хичээн зүтгэж, уламжлал ёс заншлаасаа сайн суралцаж, өвгөд өтгөсөө хүндэтгэж, тэднээс суралцан асрал тэтгэмж, өглөг буяны ажлыг эрчимжүүлэн дэвжин дээшлэхийг хүсье. Зурлага ийм, тийм гарч гэж сэтгэл хямрах зүйл нэгээхэн ч үгүй. Суудал өнцөгдсөн, жил орсон яах билээ гэж айх хэрэггүй. Бүхий л арга замыг зурхайн ном, жилийн зурлага зааж байдаг. Заслаа тухай бүрт нь хийлгэж, зурхайн зурлагад юу гэж буусныг анхаарч амьдрал ахуйдаа мөрдлөг болгож өөрсдийгөө хайрлаж, бусдыг хүндлэх, бусдыг хайрлах нь бүр ч их хүчийг өгдөг гэдгийг санаж эв эеэ хичээж явах нь зүйтэй. Түмэн олондоо амгалантай сайн байхын ерөөл дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Г.Пүрэвбат: ХООСОН ШҮТЭХ БУС МӨН ЧАНАРЫГ ОЙЛГО
/Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурханч лам/
-Цагаан сараар Лхам бурхан зочилж ирдэг гэж айл бүр идээ ундаа өргөдөг. Ямар билэгдэлтэй юм бэ?
Цагаан сараар ёс заншлаа дагаж, буян үйлдэх аваас жирийн өдрөөс хэмжээлшгүй их буяныг дагуулна гэж үздэг.
-Бурханы мэндэлсэн өдөр, Цагаан сар гэх зэрэг нь онцгой бэлгэдэлтэй. Уг чанартаа хүний төрсөн өдрийг тэмдэглэдэгтэй адил утгатай. Нас нэмсэний баяр, ураг төрлийн баяр шүү дээ. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл бурхан багш хувилгаан дүрээ олсон гайхамшигтай буяны өдрүүд үргэлжилдэг. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн зуун мянгаар арвиждаг. Тиймээс шинийн 1-нээс 15-ныг хүртэлх өдрүүдээр гандангуудад “Их ерөөл” хурдаг. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үг байдаг. Тиймээс хүн болгон өөр өөрийнхөө заслыг бэлгэшээгээд засуулчихвал зөвхөн жил битгий хэл нэг насаараа бурхан болж төрдөг. Иймд хүн бүр ариун зорилгынхоо төлөө, тэр бүхнийг төгс үзүүлсэн чанарын төлөө агуу зүйлийг хүн төрөлхтөнд номлосон өдрийг баясгах нь зөв зүйтэй биз ээ. Бурхадын мэндэлсэн өдөр онцгой. Мэдээж тэд жирийн өдөр мэндлэхгүй. Онцгой тохиол байгаа. Тэр хүмүүсийн тэмдэглэлт өдөр агуу байдаг. Тиймээс бурхан багшийн мэндэлсэн өдөр болон Цагаан сараар ёс заншлаа дагаж, буян үйлдэх аваас жирийн өдрөөс хэмжээлшгүй их буяныг дагуулна гэж үздэг. Иймд бид бүх зүйлээ ариулан шинэтгээд зогсохгүй өөрийн дотоод сэтгэлээ цэвэрлэж, хийсэн буянаа арвижуулах нь зохистой.
-Хүн бүрт төрсөн жилийн тухайлсан бурхан гэж байдаг уу. Мэнгэний бурхан гээд зарим нь хүзүүндээ дүрсийг нь зүүдэг?
-Шүтэхийн өмнө бурхан гэж юу байдаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ. Төрсөн жилийн бурхан л гэнэ, тэр нь үнэн чанартаа юуг хэлж байгаа юм б.э. Шүтэж байгаа бурханаа ямар учиртай, юуг эрхшээсэн, ямар нөлөөтэй, юу хэлж сургадаг, яагаад бурханы сургаалийг дагадаг гэдгийг судалж, таньж мэдсэнийхээ дараа л эргэлзээ арилж өөрийн гэсэн ойлголттой болно. Хүмүүс амар амгаланд тэмүүлэх эцсийн зорилгыг бурхан гэж ойлгодог. Тэр эцсийн зорилгод хүрч, сэтгэлийн гэмээ арилгаж, эрдмийг олсон сэтгэл хаана байна вэ. Гэр орондоо бурханы дүрийг залчихаад амьгүй зурагг итгэж шүтэж буйд биш түүний цаад мөн чанарыг ойлгож ухаарахад л мөн чанар нь оршиж байгаа юм.
Ж.Гончигсүрэн: ДОТООД СЭТГЭЛДЭЭ АНХААР
/Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, хамба/
-Нохой жил монголчуудад юу авчрах вэ. Зурхайд юу гэж буусан бол?
-60 жил өөр, өөрийн гэсэн ёгт нэртэй. XVII жарны шороон нохой жил “тийн унжлагат” гэсэн тогтсон нэртэй. Ер нь жил жилийн байцыг зурхайн ухаанаар ”Салан дагцал” буюу үхэр зургаар гаргадаг. Энэ жил тариа будаа арвин, өвс ургамал өтгөн, ихэс дээдэс амгалан, цаг улирлын эрхээр жаахан гандуу, улирлын сүүлээр салхитай. Хүн ардын ажил үйлс бүтэмжтэй, сүрэг малд ээлтэй байна.
-Хүмүүст анхааруулах зүйл юу байна?
-Морилон ирж буй жил бид гол нь эв эеэ хичээх хэрэгтэй байна. Гаднаас шалтгаалах зүйл гайгүй, харин дотроос шалтгаалах зүйлүүдээ анхаарах хэрэгтэй юм. Онцгойлон анхаарах засалтай жилүүдийн хувьд жил бүр өөр гардаг. Жил орж буй бүх хүн ижил байдаггүй. Ихэр төрсөн хүн ч төөрөг тавилан нь өөр байдаг гэж миний багш заасан учраас би бүх хүн адил байх ёсгүй гэж үздэг. Тухайлбал, жилийн 365 хоног өөр юм. 12 жил ч өөр байна. Түүнчлэн есөн мэнгэ ч, суудал ч өөр байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө анхаарах хэрэгтэй. Хувь хүн өөрийнхөө дотоод сэтгэлд анхаарч чадвал бүх юм сайхан болно.
-Ёс заншлын тухайд та юу хэлэх вэ?
-Монголчуудын үе үеэрээ тэмдэглэж ирсэн баяр шүү дээ, Цагаан сар. Нэгдүгээрт, нас нэмсэний баяр, ураг төрлөө мэддэг баяр. Наслахуй өглөгийн баяр гэж би ойлгодог. Хүн байгаа юмаараа, сэтгэлээрээ дайлдаг, хүндэлдэг. Дээр нь байгаль дэлхий, орчин тойрноо цэвэр сайхан байлгадаг, хот хороогоо цэвэрлэдэг, хир буртгаа угаадаг. Өөрийн сэтгэл дотор хир буртаг байвал түүнийгээ арилгадаг. Ийм учраас Цагаан сар гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр ганц нэг хүний бус нийт монголчуудын уламжлалт соёл, зан заншлаа авч үлдэх хариуцлага, үүрэг давхар байгаа юм. Залуус, хойч үедээ ёс уламжлалаа сургаж, үлдээж байвал сайн байна. Үүнийг нэг хүн хэлээд засчихдаг, үлдээчихдэг ажил хараахан биш учир хүн бүхэн анхаарах хэрэгтэй юм.
Ч.Эрдэнэбаатар: ШИНИЙН НЭГЭНД ЗӨВ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭ
/Очирваань дуганын тэргүүн/
-Энэ жил хүн болгоны эрхэмлэвээс зохилтой зүйлүүдийг хэлж өгнө үү?
-Шороон нохойн жилийн өнгийг хэлье. Энэ жил хоёр луу ус засч, 11 үхэр тариа тарина. Гурав хоногт үр дэлгэрнэ. Зургаан хүнд найман боорцог ногдоно. Жилийн эхний сайн зүг нь баруун хойд, жилийн бага сайн зүг нь хойд зүг байна. Нохой жилийн мэнгэ нь есөн улаан. Хур бороо элбэг, үр тариа арвин дэлгэрнэ.
-Гурав хоногт үр дэлгэрэх, зургаан хүнд найман боорцог ногдоно гэдгийг дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Үр тариа түргэн дэлгэрэх тул түүнийг дагаад идээ ундаа, өмсөх зүүх элбэг байна. Ямар нэгэн их бага үйлсийг сэдэж, хийх аваас хурдан бүтэх сайн нигуртай. Зургаан хүнд найман боорцог ногдоно гэдэг бол хүн бүхэн аливаа ажил үйлсийг эхлүүлэх аваас хувь хишиг арвин болно гэсэн утгатай. Худалдаа, арилжаанд сайн жил байна. Харин шинийн 1-нд анхаарах зүйлүүд бий.
-Тухайлбал?
-Хөх барс сарын шаргачин туулай өдөр шинэлнэ. Шинийн нэгэн дөрвөн нүдтэй, хий суудалтай, хуран үйлдэхүй барилдагатай өдөр юм. Хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй, тиймхэн байх нигуртай тул зөв харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Бусад талын өнгө сайн байна.
-Хүмүүст анхааруулж хэлэх, онцгойлон захих ямар зүйлүүд байна вэ?
Монголчууд зурхайн зурлагад анхаарч, тухайн жилийн зурлага, тооцоог нарийн гаргаж ирсэн нь учиртай. Аливаа гэм хор, муу зүйлээс урьдчилан сэргийлэх, цаг улирлын байдалд амьдрал ахуйгаа тохируулах, ихэс дээдэс нь бодлогын төвшиндөө анхаарч бодож болгоох, айл гэр, хүн бүр дор дороо бодол санаагаа цэгцэлж, үйл хэргийг эхлүүлэхийн тулд болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг анхаараасай гэсэн эртнээс зорилго бүхий ухаан юм. Тиймээс хаана хаанаа анхаарч, бодож болгоон ёс журмыг гүйцэлдүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: