ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮД АГААР ШҮҮГЧТЭЙ БОЛОВ
НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв болон дүүргийн 31 өрхийн эмнэлэгт 36 агаар шүүгч төхөөрөмж хүлээлгэн өгчээ. Агаар цэвэршүүлэгч нь тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулж, улмаар амьсгалын замын хурц халдвар, үүнд томуу, томуу төст өвчний улмаас үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй өвчтөний эдгэрэлт, дахин халдвар авахаас сэргийлэхэд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм гэж эмнэлгийн эмч, ажилтнууд хэллээ.
Дэлхийн банк болон нийслэлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа 13 эмнэлэг, 142 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 462 дотоод орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж олгох ажил өрнөж байна.
2017 онд 96 цэцэрлэг, 23 сургуулийн бага анги, 11 эмнэлгийн хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасагт нийт 1413 агаар шүүгч төхөөрөмж олгожээ. Мөн Засгийн газрын тогтоолоор нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсэд орших сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 5,270 ширхэг агаар цэвэршүүлэгч олгох ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-ээс эхлэн зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 125 цэцэрлэг, 103 сургуулийн анги танхим, 12 эмнэлгийн хүүхдийн тасаг, 4 асрамжийн газарт нийт 3,792 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг нийлүүлээд байгаа юм.
URL: