Монгол “КАТРИНА”

2005 оны наймдугаар сарын эцсээр АНУ-ын Флорида, Луизиана мужуудаар далайн хар салхи дайрч, олон мянган хүн амь насаа алдаж, олон зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, эдийн засагт учруулсан нийт хохирлыг нөхөхөд 100 тэрбум доллар зарцуулж байв.

Олон мянган хүн, хот суурингийн хэвийн амьдрал, үйл ажиллагааг алдагдуулсан, “Катрина” нэрт энэхүү байгалийн гамшигтай тэмцэхийн тулд тухайн муж улсуудад онцгой байдал зарлаж, түүнд тохирсон бүхий л арга хэмжээг авсан билээ.

Иргэдэд учруулж байгаа хор хөнөөл, эдийн засгийн хохирлоороо “Катрина”-гаас дутахгүй гамшиг Монгол Улсын нийслэлд оршин байна. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн өвөл бүр аймшигт хорт утаанд хордож, гамшгийн төвүүдэд байгаа гэр хорооллын олон айлын иргэд, түүний дотор өндөр настан, нялх хүүхдүүд угаартан, ухаан алдаж байна.

Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс өвлийн шөнийн харанхуй гудамжинд хашаагаа олохгүй, хашаагаа олж чадсан нь гэрээ олохгүйд хүрч байна. Нийт 200 гаруй мянган яндангаас гарч буй дутуу шаталттай нүүрсний хар утаа агаарыг ийм аймшигтайгаар бохирдуулж байгаа юм.

Гэр хорооллын ядуу иргэд нүүрс авах мөнгөгүй учир машины хуучин дугуй, хөдөлгүүрийн ашигласан тосонд дэвтээсэн тоосго шатааж, хүйтэн шөнийг элээж байна. Хотыг өвлийн цагт урд уулан дээрээс харахад гэр, байшин нь ялгагдаж танигдах аргагүй өтгөн хар утаанд живж, хүн ард нь астмаар хахаж, харшлаар тарчлах боллоо. Дэлхийн хамгийн бохирдсон агаартай Утаанбаатар хотын дүр төрх ийм байна. Ийнхүү Улаанбаатарын утаа зөвхөн тулгамдсан асуудал биш, бүр гамшиг болжээ.

Асуудалтай бол хуралдаад, хэлэлцээд шийдэж болдог. Гамшгийг бол бүх байгаа хүч, чадлаа дайчлан, завсар зайгүй хөдөлмөрлөж байж шийддэг. Гэтэл хотын маань удирдлага утааны асуудлыг хуралдаж, хэлэлцэж, хууль гаргуулж байж шийдэх юм гэнэ ээ. Монголын улстөрчид, нийслэлийн дарга нар хотын утааг хүйтрэх цагаар баахан ярьж, дулаарахаар таг мартаж орхидог жишиг нэгэнт бат бэх тогтжээ.

Жишээ нь өнгөрсөн хавар 18.2 их наяд төгрөг гаргаж, энэ оны хоёрдугаар хагаст “Шинэ бүтээн байгуулалт” хийх тухай Их хурлын шийдвэр гэгчийг гаргасан ч юу ч хийгээгүй, ямар ч юм эхлээгүй бөгөөд энэ тухай ярихаасаа улстөрчид зугтаж байна.

Тэд улиг болсон утаагүй нүүрс, шидэт зуухны тухай үлгэр домгоо ярьж, энгийн нүүрснээс үнэтэй мөртлөө илчгүй шахмал түлшийг өндөр үнээр шахах замаар хэдэн арван тэрбум төгрөг хуйвалдан зувчуулахаас өөр юу ч хийж чадахаа больжээ. Хотын дарга ч, хотын хурлынхан ч ахиад л утаатай тэмцэх ажил бол нэн тэргүүний зорилт, гэр хорооллыг барилгажуулах ёстой хэмээн ярьсаар байгаа ч үнэндээ юу ч хийгээгүй байна. Хотыг хуультай, тусгай татвартай болгох тухай дуусдаггүй яриа хэдэн жил үргэлжилж, тэд хоосон уйлагнаснаас өөр юу ч бүтээсэнгүй. Бидний амьдрал, эрүүл мэндээр тоглож байгаа хариуцлагаг үй хэдхэн этгээдийг Та бид аль хэр удаан тэвчих болж байна аа.

Гамшгийг зах зээлийн аргаар шийддэггүй. Ухаалаг аргыг оновчтой хэрэглэж, ямар ч зардлаар хамаагүй хурдан шуурхай арга хэмжээ авч байж шийддэг. Улаанбаатарт нүүрлэсэн Монгол “Катрина”- тай бид тэгж тэмцэхээс өөр аргагүй.

Гэр хороололд амьдарч байгаа хүмүүст шөнийн цагаар халаалтын зориулалтаар хэрэглэх цахилгааныг нь төлбөргүй болгож, нүүрс түлэхийг нэн даруй хориглох шаардлагатай байна. Зардал их гарах нь мэдээж. Гэхдээ орон сууцанд амьдарч байгаа хүмүүс хэрэглээний болон ундны усны төлбөрийг зах зээлийн үнээр төлдөггүй, харин гэр хорооллынхон зах зээлийн үнээр яс тас төлдөг шиг гэр хорооллынхон цахилгааны үнэ дээр хөнгөлөлт эдэлж яагаад болохгүй гэж.

Төрийн хөнгөлөлт зөвхөн баячууд, дарга нарт үйлчилдэг, гэр хорооллын ядуучуудад үйлчилдэггүй байж таарахгүй. Хүн ардын эрүүл мэндэд учруулж байгаа одоогийн болон хэтийн хор хөнөөл, тэдний ажлын чадварын бууралт, эмчилгээнд зарцуулсан цагийн бүтээмжийн алдагдал, сэтгэл зүйн хохирол, агаараас зугтаж хоёр нутагтан болж байгаа чинээлэг иргэдийн гадаадад оруулж байгаа хөрөнгө оруулалт, “усны шувуудын” нүүдлийн зардал нийлээд Монгол “Катрина”-гийн зардал хэдэн тэрбум доллараар хэмжигдэж байна.

Хорт утааны гарз хохирлыг нарийвчлан хэмжиж, шийдэх зардалтайгаа харьцуулж үзвэл хохирол нь зардлаасаа их болно. Тиймээс Монгол “Катрина” буюу утаан гамшигтай тэмцэх харангыг улам бүр чанга дэлдэх хэрэгтэй байна.


URL:

Сэтгэгдэл бичих