“Лондон-2012”-ын медалиудыг Монголын алт, зэсээр чимнэ
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын медалийг Монголын алт, зэсээр хийхээр болжээ.
Дэлхийн уул уурхайн салбарын “акул”-уудын нэг Рио Тинто групп олимпийн наадамд амжилт гаргасан тамирчдад олгох 4700 медальд ашиглах алт, мөнгө, зэсийг гаргах аж. Ингэхдээ АНУ-ын Солт-Лейк хот дахь “Кеннекот Юта” зэсийн уурхай болон Монголын Оюутолгой орд газрын бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдгийг олимпийн наадмыг зохион байгуулах хорооныхон мэдэгджээ.
Оюутолгой орд газраас олборлосон зэс, алт ийнхүү олимпийн аваргуудын энгэрт гялалзах нь.
Олимпийн медалийн загварыг язгууртнуудын дизайнер Давид Уаткинс урласан. Медалийн нэг талд нь зуны олимпийн бүх наадмын медальд байдаг Грекийн ялалтын бурхан Нике, Афиний сүм Партеноныг зэрэгцүүлжээ. Харин нөгөө талд нь Темза мөрөн, орчин үеийн хотыг харуулсан зураглал багтсан байна.
Медаль нь 375-400 грамм жинтэй байх ба 85 мм-ийн диаметр, долоон мм-ийн зузаантай аж. Хүн төрөлхтөний эв найрамдлын билэг тэмдэг болсон зуны XXX олимп 2012 оны долоодугаар сарын 27-ны үдэш нээлтээ хийх юм.
Г.Идэр
URL: