З.Баянсэлэнгэ улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулжээ
УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ Барилга, хот байгуулалтын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж буй юм.Тэгвэл тэрбээр 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудалд ороод байгаа аж.
АТГ-аас З.Баянсэлэнгийн энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх бөгөөд “З.Баянсэлэнгэд эрүүгийн хэрэг нээсэн. Тэрээр Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа зах зээлд борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар улсад 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэлгүйгээр ашиглалтад ороогүй орон сууцыг худалдан авсан болох нь тогтоогдсон” гэх мэдээллийг эх сурвалж өгчээ.
Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах замаар хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.
Эх сурвалж: newspress.mn
URL: