Валютын сан татвар нэмэхийг тулгаагүй, харин МАН…

17587bac4c49ed1ee9c8f47d1cafa953Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй бол Монгол Улсын эдийн засаг сэхээнээс гарахгүй байсан талаар эрх баригчид учирладаг. Тиймдээ ч хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн хэмээн өдгөө цээжээ дэлдэгсэд олон.

Харин хөтөлбөрт ОУВС хэмээх мангаа Монгол төрийн дээр сандайлж, хүссэнээрээ аяглаж, эрх баригчдыг утсан хүүхэлдэй болгон ашиглаж байгааг сөрөг хүчин буруутгасаар ирсэн. Үнэхээр хөтөлбөрт хамрагдсанаар МАН амлалтаасаа буцах шаардлага гарч, 7 төрлийн татварыг нэмэгдүүлсэн. Татвар нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг танах шаардлагыг ОУВС-гаас тулгасан гэж Сангийн сайд нар ч мэдэгдэж байсан удаатай. Гэвч ОУВС-гийн Монгол дахь хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлийб энэ бүхнийг үгүйсгэв. Тэрбээр “Татварын нэмэгдлийг манайхаас тулгаагүй. Аливаа асуудал дээр байр суурь зөрчилдөх зүйл байсан. Гэвч эцсийн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж байсан гэсэн юм. Тэгвэл ОУВС-гийн нэрийг барьж, эрх баригчид татварыг нэмэгдүүлж, иргэдийнхээ халаас руу гараа дүрсэн үү гэх асуулт урган гарна. Юутай ч энэ талаар хэн юу гэж хэлж байсныг нэхэн саная.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Тухайн үед бүлгийн хурал дээр ч энэ тухай яригдаж, эсэргүүцсэн. Гэвч өөр гарц байгаагүй. ОУВС хатуу нөхцөл тавьсан. Тэдний талаас 33 төрлийн нөхцөл тавихад бид 7-г нь л хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь эдийн засгийн эерэг өөрчлөлтийн үр дүнд 7 төрлийн татвараас 3-ыг нь хуучин байдалд нь орууллаа. Монгол бол ОУВС-гийн хөтөлбөрт орохгүй бол цаашаа нэг ч алхам алхах газар байгаагүй.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг: ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гээд өмнөх Засгийн газар хэлэлцээ байгуулчихсан юм билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. 2014 оноос хойш үндсэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд инфляци ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа ОУВС-тай хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломжгүй ч гэсэн орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.

Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав: Долоон төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг ОУВС-аас шаардсан гэж байгаа нь үнэмшил багатай тайлбар юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 487.1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэлх хугацаанд татварын орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад ихэд харамсаж байна гэв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Олон улсын валютын сан тодорхой шаардлагуудыг тавьсан. Засгийн газар ч түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Үүнд архи, тамхи болон тансаг хэрэглээний татваруудыг нэмэх, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, төрийн байгууллагуудын бүтэц орон тоог цомхотгох, оновчтой болгох, үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг тодорхой шаардлагууд тавигдсан байгаа. Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болоод явж байгаагаас хойш шаардлагуудыг хүлээж авахаас өөр аргагүй. Олон түмэн ч улс орон хүнд байдалд орсон байгаа бол тэр шаардлагуудыг нь хүлээж аваад явахаас өөр аргагүй гэдэг ойлголттой болсон. Татвар нэмэх асуудал одоо орж ирж байгаа юм биш, өнгөрсөн жилийн намар орж ирж хойшлогдоод, 2017 оны төсөв хэлэлцэх үеэр татвар нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан юм. Энэ бол МАН эдийн засаг хүнд үед аль болох ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй гэж тухайн үедээ гаргасан шийдвэр л дээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: Эрх баригчид өөрсдийнхөө хийж байгаа үйлдлээ хаацайлахын тулд ОУВС тэг гэсэн, ингэ гэсэн гээд яриад байдаг. ОУВС хаашаа юм Монголын төр юм уу. Монголын төрөөс илүү эрх мэдэлтэй байгууллага юм уу. Энэ яг ямар статустай байгууллага юм. Энэ ОУВС-гийн гол хөрөнгө оруулагчид нь хэн юм. Энэ талаар хэн өнөөдөр мэдэж байгаа юм. ОУВС гэж шидэт дохиур барьчихсан байгууллага юм уу. Тэг гэхээр нь Монголын Засгийн газар бөндөгнөтөл гүйж очоод тэр зүйлийг нь үг дуугүй хийж л байдаг. Ямар ид шидтэй, яасан эрх дархтай байгууллага вэ, тэр.

niigmiintoli.mn


URL:

Сэтгэгдэл бичих