Төрийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс томилогдвол бүү гайхаарай
Туйлшрамтгай монголчуудын анхаарлыг үл ялих зүйлээр сатааруулаад ар хударгаар нь өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах явдал улстөрчдийн дунд байдаг л үзэгдэл болж. Хууль батлахдаа ч УИХ-ын гишүүд яг ийм зарчмаар ажилладаг. Шинэ жил, Наадам, Цагаан сартай давхцуулаад цоорхойтой олон хууль баталсныг хуульчид шүүмжилсээр. Үүний тод жишээ бол монголчууд Цагаан сарын бэлтгэл ажилд анхаарлаа ид хандуулсан үе буюу 2013 оны нэгдүгээр сарын 24-нд Шүүхийн тухай багц хуулийн нэг хэсэг болох Шүүх байгуулах тухай хуулийг баталсан явдал. Монголчуудын анхаарал өөр зүгт хандсан үед баталсан энэ хууль өдгөө ч Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд маргаан дагуулсаар байдаг.
Яг үүнтэй адил, чоно борооноор гэгчээр энэ парламентын баталсан Төрийн албаны тухай хууль ашиг сонирхолтой хүмүүсийг төрд томилох боломжийг нь нээгээд өгчихлөө гэхэд хилсдэхгүй. “Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орлоо” гэх мэдээлэлд дээр дооргүй анхаарлаа хандуулчихсан өдрүүдэд буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд УИХ Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Улмаар түүнийг дагалдуулан зарим хуульд өөрчлөлт оруулахаар болсны нэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Ингэснээрээ төрийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг ганц чөдөрлөж байсан заалтыг үгүй хийж, АТГ-ыг хүчгүйдүүлэх бодлого бариад эхэллээ. Уг нь энэ парламент үйл ажиллагаагаа эхлэхдээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, АТГ нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг гишүүд хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл жилийн дараа гишүүд хэлсэн, ярьснаасаа буцаж, авлигатай тэмцэх ажлын нэг чухал хэсэг болох ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг хэнд ч хэрэггүй хэдэн өгүүлбэр болгочихов.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлээд улстөрчид төрийн албанд өөрийн гар хөл болсон, ашиг сонирхлын зөрчилтэй баахан хүнийг томилох боломжийг нээгээд байна. Төрийн албанд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс томилогдвол нэг их гайхаад хэрэггүй, хууль зөрчлөө гэж хашхираад ч нэмэргүй болно гэсэн үг. Уг нь аливаа хуулийг батлахдаа санаачлагчид нь мэргэжлийн байгууллагынхнаас санал, дүгнэлтийг нь авдаг журамтай. Гэтэл Төрийн албаны тухай хууль батлуулсан, улс төрөөс ангид байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хэмээн шоудаж буй УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй 12 гишүүн АТГ-аас санал, дүгнэлтийг нь аваагүй гэдгийг баттай эх сурвалжууд хэлж байна. Магадгүй АТГ-ынхнаас асуувал өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй хариулт өгөх болохоор хулгайн аргаар хуулиа баталчихсан гээд хэлчихэд хилсдүүлсэн болохгүй биз.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах ҮҮРЭГТЭЙ” гэж заасан. Хуулийн энэ заалтыг баримтлан АТГ-ынхан сайдад нэр дэвшигч, эсвэл төрийн өндөр албан тушаал томилогдох гэж байсан хүмүүсийг буцааж байсан билээ. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулах үед Барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Өнөрболор, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Ц.Анандбазар, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Ж.Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу АТГ-ынхан хянаад сайдад нэр дэвшүүлэх боломжгүй гэж шийдвэрлэн Ерөнхий сайдад хүргүүлж байсан билээ. Хуулийн дагуу АТГ-ын өгсөн хариунд үндэслэн нэр дэвшигчдийг сольж байсныг уншигчид мартаагүй. Нийтийн албаны дунд шатанд томилогдохоор нэр дэвшүүлсэн хүнийг нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гээд өөрчлүүлсэн тохиолдол маш олон.
Тэгвэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн 23.9-д “Энэ хуулийн 23.7-д заасан тохиолдолд ний- тийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд энэ хуулийн наймдугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох, эсэхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 23.10-т “23.9-д заасан баталгааны маягтыг АТГ батална” гэж заажээ. Мөн 23.7-д заасныг “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол АТГ илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6- д заасан мэдэгдэлд тодорхой дурдана” гээд өөрчилчихсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, АТГ нэг гараараа хэнийг ч ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргачихна. Нөгөө гараараа баталгааны маягт дээр энэ хүн нийтийн албыг хашиж болно гээд дүгнэчихнэ гэсэн үг. Эндээс АТГ-ын ажилтнуудад ч ашиг сонирхлын зөрчил үүсэж болох эрсдэлтэй юм.
Нийтийн албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан хүний гараар буюу АТГ-ынхнаар могой бариулчихаад нэр дэвшигчийг албан тушаалд томилох нь гарцаагүй. Ингээд төрийн албаар дүүрэн ашиг сонирхлын зөрчилтэй хурган дарга нар бий болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монголын улстөрчид өнөөдөр нийтийн албанд нэр цэвэр, мэргэшсэн хүн томилно гэдэг бол санасны гарз. Өөрсдийн хамаарал бүхий, эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хэн нэгнийг томилохын тулд л УИХ-ын гишүүд чоно борооноор гэдэг шиг зан гаргаж, олны анхаарал өөр зүгт хандсан үед нам нийлж, сэм хуйвалдан Төрийн албаны болон дагаж гарах бусад хуульд өөрчлөлт орууллаа. АТГ-ын үйл ажиллагаанд хамаарал бүхий маягтуудыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталдаг. Гэтэл үүнийг зөрчөөд АТГ-аар маягт батлуулах гээд хуульчилж байгааг юу гэж ойлгох вэ. Ингэж баталснаар төрийн албыг цэвэр байлгах, ашиг сонирхлыг зөрчилгүй хүн нийтийн албанд томилох хөг ч өнгөрч байна. Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгдөг, Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөх хэрэг цаашид байх ч юм уу даа. Ер нь нэг хуулийг дагаад бусад хуульд оруулж буй өөрчлөлтүүдийг УИХ-ын гишүүд ингэж хулгайч байдлаар хийж, улмаар хоорондоо зөрчилдсөн олон хуультай болоод байгаагаа хэзээ сэхээрэх юм бол доо, хууль тогтоогчид.
“Өнөөдөр” сонин
URL: