ФЭЙСБҮҮКИЙН 14 ЖИЛИЙН ОЙ ДЭЭР ЗУКЕРБЕРГ ХИЙСЭН АЛДААНУУДАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

550cc0_mark_zuckerberg_2_x974-1024x660

Өчигдөр буюу Даваа гарагт Марк Зукерберг үүсгэн байгуулсан Фэйсбүүк сүлжээнийхээ 14 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн хугацаанд гаргасан алдаануудаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө шүүмжилжээ.

Тэрээр өөрийнхөө хуудсанд бичихдээ “Өнгөрсөн хугацаанд би та бүгдийн төсөөлж чадах бүх алдааг хийжээ” хэмээн бичсэн байна.

“Би олон арван техникийн алдаа гаргаж, алдагдалтай гэрээ байгуулсан. Би буруу хүмүүст итгэж, чадварлаг хүмүүсийг буруу газарт нь ажиллуулж байв. Чухал боломжуудыг алдаж, бусдын хурдыг удаашруулан мохоож байлаа. Би ар араас нь амжилтгүй бүтээгдэхүүнүүд гаргасаар байв” гэж Зукерберг бичсэн юм.

14 жилийн өмнө түүний Харвардын оюутан байхдаа бүтээсэн дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ нь өнөөдөр 2 тэрбум орчим хэрэглэгчтэй болоод байгаа.

Гэвч хүмүүс Фэйсбүүк сүлжээний нийгэмд учруулж байгаа хор нөлөөг сүүлийн үед хурцаар шүүмжилдэг болоод байна. Үүнээс болоод Зукерберг сүлжээнийхээ хэрэглэгчдийн анхаарлыг илүү гэр бүл, найз нөхдийн хүрээнд чиглэдэг болгох өөрчлөлтүүд хийж, үүний улмаас хэрэглээ нь буурсан үр дүн гарч эхэлсэн юм.

Даваа гарагийн түүний мэдэгдэл нь Фэйсбүүк сүлжээ өөрийгөө хэрхэн шинэчлэх талаар бодож эхэлснийг харуулж байна. Зукерберг эцэст нь түүний үүсгэсэн сүлжээ цаашид хөгжихийн тулд алдаанаасаа зугтах ёсгүй, шинэ хүнд сорилтуудыг даван гарснаар ахиц дэвшилд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: AFP


URL:

Сэтгэгдэл бичих