МИАТ-д юу болоод байна вэ?

17388936_684188251789764_4679370601577312739_oБайсхийгээд л хувьчлалынх нь асуудал яригддаг Төрийн өмчийн цөөхөн хэдэн компанийн нэг нь МИАТ. Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой анхаарал татаж мэдэх зарим мэдээлэл бидэнд ирсэн юм.

Тодруулбал, МИАТ компанийн гадагшаа хийсэн зарим гэрээ маш их алдагдал хүлээх болсон гэж байна.

МИАТ компани “Air Lease Corporation” компанитай  2011 оны дөрөвдүгээр сарын 20-нд өдөр “Боинг 767-300” онгоцыг 40 сарын хугацаатай ашиглахаар түрээсийн гэрээ байгуулжээ.

Гэтэл “Air Lease Corporation” компани 2014 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр нөгөөх онгоцоо “Air Lease 28149” компанид худалджээ. Ингээд МИАТ шинэ эзэмшигчтэй 2014 оны аравдугаар сард нэмэлт гэрээ байгуулсан байна. Гэвч “Air Lease 28149” компани гэрээний үүргээ зөрчин Монгол Улсын ИНЕГ-ын дүрмийн шаардлагад нийцэхгүй хөдөлгүүр, хөл анги гэдгийг МИАТ компанид санал болгожээ. Үүнийг ашиглах боломжгүйг МИАТ компаниас мэдэгдсэн байна. Гэсэн ч нөгөө талаас ямар нэг арга хэмжээ аваагүй учраас МИАТ компани түрээсийн онгоцыг 2016 оны дөрөвдүгээр сараас ашиглалгүй зогсоож, улмаар зургадугаар сард онгоцыг буцаах шийд­вэрийг гаргаад АНУ-д хүргэж өгчээ. Гэтэл 2016 оны есдүгээр сард “Air Lease 28149” компани МИАТ ХК-иас түрээсийн төлбөр нэхсэн байна. МИАТ компани ч түрээ­сийн төлбөрийг төлөх үндэс­лэлгүй гэсэн хариуг хүргүүлжээ.

Гэсэн ч түрээслэгчид МИАТ ХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гээд 10 сая ам.доллар нэхэмжлэн 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд АНУ-ын Карифорни мужийн дүүргийн шүүхэд хандсан байна. Энэ талаар МИАТ компанийн Захирлын зөвлөл хэлэлцэж, тус компанийг АНУ-ын Калифорни мужид төлөөлөх эрх бүхий “Pillsbury Winthrop Shaw Pitman LLP”-тай хамтран ажиллаж эхэлсэн байна. Улмаар МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир 2017 оны зургадугаар сард АНУ-д очиж, “Aersale” компанийн удирдлагатай уулзаад, тус компанид 3.0 сая ам.доллар төлөх хэлэлцээрийг хийчихээд иржээ. Эвлэрлийн гэх тэр гэрээнд 2017 оны аравдугаар сарын 17-нд гарын үсэг зурсан байна.

Ингээд гэрээнд зааснаар онгоцны түрээсийн барьцаанд байсан 600 мянган ам.доллар дээр нэмж 600 мянган ам доллар шийлжүүлж, эхний төлбөр хүлээн авмагц “Aersale” шүүхээс нэхэмжлэлээ татахаар тохирсон байна. Харин үлдэгдэл төлбөрийг 2019 оны гуравдугаар сар хүртэл сар бүрийн эхэнд 100 мянган ам.долларыг шилжүүлэхээр тохиролцжээ.

Яг одоогоор МИАТ компаниас “Aersale” компанид 1.5 сая ам.доллар төлөөд байгаа юм байна. Харин үлдсэн 1.5 сая ам.долларыг сар бүрийн эхэнд шилжүүлнэ гэсэн үг.

Хамгийн хачирхалтай нь энэ зардлыг МИАТ ХК-ийн ТУЗ зөвшөөрөөгүй. Бас Зам, тээврийн хөгжлийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ч мэдэгдээгүй байна. Тиймээс энэ мөнгийг төлөх хөрөнгө 2018 оны төсөвт суугаагүй гэсэн үг. Дээрээс нь МИАТ ХК-нд хуулийн үйлчилгээ үзүүлж байсан АНУ-ын “Pillsbury Winthrop Shaw Pitman LLP” компанид 250 мянга гаруй ам.доллар төлчихөөд байгаа юм. Үүнээс гадна Кипр улсын “Zela aviation”  компанитай нойтон түрээсийн GSA буюу Ерөнхий борлуулагч агентлагийн гэрээ байгуулжээ. Үүний дагуу МИАТ компани сар бүр “Zela aviation” компанид суурь хураамж гэж 3000 ам.доллараас 5000 еврог төлдөг юм байна. 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар “Zela aviation” компанид 1.25 сая орчим ам.доллар, 100 мянга гаруй еврог төлөөд байгаа ажээ.  Бас 2017 оны нэгдүгээр сард Малдив улсын Мега малдив компанид нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан байна. Энэ дагуу Малдив руу нислэг үйлдсэн боловч “Мега малдив” компаниас МИАТ ХК-д төлөх ёстой 850 мянга орчим ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээнд зааснаар бол Zela aviation компанийн зуучлалын хөлсийг “Мега Малдив”-ын төлбөр орж ирсний дараа төлөх учиртай аж. Гэтэл МИАТ компани 46 мянган ам.долларыг гэрээний заалтыг зөрчөөд төлчихжээ.

Түүнчлэн БНЧУ-ын Травел сервис компанитай мөн нойтон түрээсийн гэрээ байгуулсан байгаа юм. Энэ гэрээнээс МИАТ компани 2017 онд 4.5 орчим сая ам.долларын орлого олж, үүний 8-10 орчим хувь нь цэвэр ашиг байх тооцоог хийжээ. Гэтэл энэ гэрээний дагуу МИАТ ХК “Бойнг 737-800” онгоцоо  нислэгийн ачааллын үед буюу 4-8 дугаар сард БНЧУ-д тогтмол нисгэснээр агаарын хөлгийн дутагдалд орсон байна. Тэгэнгүүт Оманы “Оман айр” компаниас “Бойнг 737-700” буюу хэт жижиг онгоцыг хоёр жилийн хугацаагаар түрээсэлжээ. Энэ онгоцыг түрээслэн авахтай холбоотой зардалд л гэхэд 670 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Дээрээс нь сар бүрийн түрээсийн зардлыг оруулан тооцвол БНЧУ-ын “Травел сервис” компанитай байгуулсан нойтон түрээсийн гэрээнээс олох орлогоос нь хэд дахин өндөр болж, даваад явчихсан байна. Түүнчлэн “Оман айр” компаниас турээсээр авсан “Бойнг 737-700” онгоцоос болж, ачаалал багатай өвлийн улиралд МИАТ ХК онгоцны илүүдэлтэй сууж байдаг болжээ. Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сард Гайти улсын “Sunrise airways” компанитай нойтон түрээсийн гэрээ байгуулсны дагуу МИАТ ХК-ийн “Бойнг-767” онгоц тус улсад нислэг үйлдэж байна. Энэ нислэгээс МИАТ ХК 300 орчим сая төгрөгийн ашиг олох тооцоог хийжээ. Гэвч Кипр улсын “Zela aviation” компани зуучлалын хөлсөндөө 450 мянган ам.доллар авахаар байгаа үед МИАТ компанид ашиг гэхээсээ алдагдал авчирч байгаа юм. Уг нь бол  аливаа улсын иргэний агаарын тээврийн компани нойтон түрээсээс маш их ашиг олдог. Харин манай МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээ дандаа алдагдалтай гэгдэж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тэрчлэн МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээг нягтлах шаардлага үүсч болзошгүй юм байна.  Гэрээний дагуу МИАТ компани “Изинис айрвэйс” ХХК-д нисгэгч бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлж, тэдний нисгэгчдийг зөөх, шалгах үүргийг хүлээсэн байна. Мөн interline passanger ticketing, baggage and ticket handling agreement байгуулжээ. Үүгээрээ тус компанийг Олон улсын агаарын тээврийн холбоонд бүртгүүлэх, “Бойнг 737- 800” онгоц оруулж ирэх, олон улсын нислэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлдэг гэсэн үг. Гэтэл төрийн өмчит МИАТ ч, хувийн “Изинис айрвэйс” ХХК ч адилхан агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, тэд өрсөлдөгчид. Ийм байтал Т.Тамир захирал өрсөлдөгч компанийн үйл ажиллагааг илтэд дэмжиж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм.

Т.Тамир захирлын бас нэг үйлдлийг энд онцлох хэрэгтэй байх. Тэрээр 2016 оны арванхоёрдугаар сарын 22-нд Бизнес төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Эрдэнийг Лондон хотын Брунейн Их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид нэг жилийн хугацаанд суралцуулах тушаал гаргажээ. Ингэхдээ сургалтын төлбөр, амьдрах зардалд зориулж нийт 104 сая төгрөгийг МИАТ компанийн төсвөөс гаргахаар шийдсэн байна.

Хамгийн гол нь Т.Эрдэнэ МИАТ-д ажилд ороод жил ч болоогүй байжээ. Бас  Т.Эрдэнийн эзэмших мэргэжил МИАТ компанид онцын шаардлагагүй гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлэх юм билээ. Тиймээс Т.Тамирын энэ шийдвэрт МИАТ компанийн ажилтнууд ч эргэлздэг юм байна. Энд нэг хачирхалтай зүйл бий.

Т.Эрдэнэ Лондонд суралцах гэрээгээ МИАТ компанийн мэргэжилтэнтэй 2016 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна. Гэтэл Т.Тамир захирлын тушаал дээрх гэрээг байгуулснаас нэг сарын дараа гарсан байдаг. Бас Т.Эрдэнийн сургуулиа төгсөөд эргэж ирэх баталгааг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн дүү Б.Мандхай гаргасан байх юм. Б.Мандхай МИАТ компанид ажилладаг. Тэрээр Т.Эрдэнийн эргэж ирэх баталгаа болгож, өөрийнхөө эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьжээ. Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эзэмшлийн “Гранд степп” ХХК гэж бий. Б.Хурц 2014 оноос хойш АТГ-т “Гранд степп” ХХК-ийг эзэмшдэг болохоо мэдүүлсэн байдаг юм. Тэгвэл “Гранд степп” ХХК нь МИАТ компанид “Хөөрөх цэг” гэдэг сэтгүүлийг бэлтгэн худалдахаар гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг 2017 оны наймдугаар сарын 25-нд байгуулжээ. Гэрээг нэг талаас “Гранд степп” ХХК-ийн захирал Ү.Сарнай буюу ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр байгуулсан байгаа юм. Ширхэг нь 4500 төгрөгийн үнэ бүхий 4000 ширхэг сэтгүүлийг улирал тутам МИАТ компанид худалдахаар гэрээнд заажээ. Мөн энэ гэрээнд “…Захиалагч нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаанд зориулан жилд дөрвөн удаа өөрийн нислэгийн чиглэлдээ 100 хувийн хөнгөлөлттэй тийз, улирал тутам 250 кг ачааг үнэгүй тээвэрлэх эрх олгоно” гэж зааж өгчээ. Ер нь бол ийм маягаар МИАТ-д болж буй зарим үйл явдалд Б.Хурцын нэр холбогдоод байгаа юм. Дашрамд хэлэхэд, Т.Тамирыг “МИАТ” компанийн ТУЗ-ийн шийдвэрээр 2015 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тэрээр Унгарын Будапешт хотын Бизнесийн сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр төгсч, Итали, НҮБ-ын Шударга ёс судлалын хүрээлэн, Турины их сургуульд олон улсын эрх зүйн магистр зэрэг хамгаалжээ.

Т.Тамир 2004 оноос Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан байна. “МИАТ” компанийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Хонконг дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежерээр ажиллаж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.БОЛД

МИАТ-д юу болоод байна вэ?

МИАТ-д юу болоод байна вэ?

МИАТ-д юу болоод байна вэ?

МИАТ-д юу болоод байна вэ?

МИАТ-д юу болоод байна вэ?


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих