АН иргэний дайн хүсэв үү
Хонхны дуу дахин төв талбайд эгшиглэв. Тэртээх ардчилсан хувьсгалыг санагдуулах эл аялгуу 2012 оноос хойш сонсогдоогүй юм. АН Засагласан дөрвөн жил Төрийн ордны гадна биш дотор л энэ дуу үе үе эгшиглэсэн гэлтэй. Тэр дундаа Н.Алтанхуягийн өрөөний үүдэнд хэдэн өдөр, шөнө З.Энхболд өөрийн гараар эгшиглүүлсэн ч байх.
Үнэндээ ч сөрөг хүчин гудамжинд гардаг нь улиг болж. Өмнөх дөрвөн жил МАН. Өнөөдөр АН. Засаглаагүй нам Сүхбаатарын талбайг “эзэгнэнэ”, уриа лоозонгоос эхлээд жагсаалын өнгө төрх ч жилээс жилд төгөлдөржих болж. МАН-ын жагсаал нөмгөн дээл байсан бол АН-ынх бул хар чулуугаа “гоёсон” дүр төрхтэй байх жишээний. Сэдэв нь олны бухимдлыг хүргэсэн гол асуудал. Тэр асуудал хэрхэн шийдэгдэх, гарц бий эсэх сөрөг хүчинд тийм ч хамаатай биш. Гол нь тэр сэдвийг сэвж, олноос оноо цуглуулах.
Энэ удаагийн жагсаалын бэлтгэлийг Төрийн тэргүүн хангаж, “нам” нь гардан гүйцэтгэв. Ажилгүйдэл, ядуурал, татварын дарамт, үнийн өсөлт гэсэн бичигтэй томоос том ачаа үүрсэн залуучууд жагсаалын тэргүүн эгнээнд алхсаар Сүхбаатарын талбайд орж ирсэн. Чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн ажил хаялт зарласан С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд залуучуудынхаа араас дагалдаж харагдсан. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатарын нарын нөхөд ч жагсаалыг өнгөлсөн. Харин Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, М.Батчимэг, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар оролцоогүй юм. Гол нь сөрөг хүчин болохоороо яаж эрх барьснаа мартаж шоуддаг газ зуршил. АН-ынхны хэлээд байгаа өнөөдрийн энэ их өрийн дарамт дэлхийн олон улсын зах зээлээс жилийн 5-10 хувийн хүүтэй босгосон Чингис, Самурай бондтой холбоотой. Төсөл хөтөлбөрөө бэлдээгүй байж өр тавьж, их хэмжээний бэлэн мөнгө хэвлэн тараасны гар гэдгийг өмнөх эрх баригчид мэдэхийн дээдээр мэдэж буй. Ямар ч байсан жилийн 5-10 хувийн хүүтэйгээр босгосон бондын төлбөрийг жилийн 0.2 хувийн хүүтэй зээлээр дарах бизнесийн ухаан биш үү.
Ёстой л овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчээр өр тавихаас өөр арга гэж учирлаж байсан АН-ынхан өдгөө гудамжинд хашгирч явна. Тэд ямар үр дүн хүлээнэ вэ. Жагсаалын үр дүнд иргэдэд хожиж байсан түүх бидэнд ч дэлхий дахинд ч ховор.
Украины нийслэл Киев хотод тайван жагсаал хийх замаар үргэлжилж байсан эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирсаар иргэний дайн руу хөтөлсөн гашуун түүх бий. Засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал хүний амиар өндөрлөсөн. Мөн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг гудамжны жагсаал цуглаан хэлбэрээр эхэлсэн Сирийн хямрал иргэний дайн болон өргөжсөн гээд тоочвол мундахгүй жишээ бий.
Монголд ч ийм гашуун түүх бий. 2008 оны сонгуулийн дараа АН жагсаал зохион байгуулсан. Гэвч жагсаал тэдний хяналтаас гарч, үймээн болж өргөжиж, барилга байгууламжийг сүйтгээд зогсохгүй, таван хүний амиар өндөрлөсөн. Тухайн үед Ерөнхийлөгч онц байдал тогтоох зарлиг гаргасны ачаар нөхцөл байдал харьцангуй эрт намжсан гэж тайлбарлах хүмүүс ч бий. Төрийн тэргүүний зарлигт “2008 оны долдугаар сарын 01-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бүлэг хүмүүс хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн эмх замбараагүй байдал үүсч, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад халдан амь насанд нь заналхийлж, эд хөрөнгө устгах, галдан шатаах үйл ажиллагаа даамжирч, нийтийн эмх замбараагүй байдал бий болсон тул энэхүү онцгой нөхцөл, үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан бүрэн эрхийнхээ дагуу, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 болон 6 дахь хэсгийг баримтлан нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2008 оны долдугаар сарын 01-ний өдрийн 24.00 цагаас эхлэн 4 хоногийн хугацаанд онц байдал зарласугай” гэжээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн 194 тоот зарлиг гарч, Улаанбаатар хотод 4 хоногийн хугацаатай онц байдал тогтоож энэ тухай Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад ноот бичгийг илгээсэн байдаг. Үймээний улмаас хохирогчдод нөхөн олговор олгох тухай хуулийг УИХ 2009 оны долдугаар сарын 9-ний өдөр баталсан. Хууль батлагдснаас хойш хохирогчдын нөхөн олговорт зориулж улсын төсвөөс 17.1 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмтэж бэртсэн 396 цагдаагийн алба хаагчдад 442.5 сая төгрөгийн нөхөн олговор олгуулах ажлыг зохион байгуулсан байдаг.
Дахин ийм зүйл гарахгүй гэх баталгаа хаана ч байхгүй. Үймээний үеэр амиа хоохойлоод зугтсан АН-ын нөхдүүд ч бий. Өдөөн турхирч, тэргүүн эгнээнд явсан атлаа сүүлдээ сураггүй алга болж, буруугүй гэж мэдүүлсэн нь тухайн үеийн хавтаст хэрэгт хадгалагдсан. Энэ удаад эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүн сумлах ажиллагааг удирдан зохион байгуулсан. Түүний энэ үйлдэл Үндсэн хууль зөрчсөн талаар хуульчид хэлж байгаа ч албажуулсан зүйл өнөөдөртөө үгүй. Хэрэв гадаад хасах хэм зааж, тэр өдөр хялмаатай хүйтэн байгаагүй бол жагсаал тийм ч амархан тарахааргүй байсныг жагсагчид хэлж байна билээ.
Магадгүй нөхцөл байдал даамжирч, бухимдаж туйлдсан иргэд тэдний хяналтаас гарвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. 2008 оны жагсаалд цагдаагийн албан тушаалтнуудаас өөр хэн ч хариуцлага хүлээгээгүй. Нөгөөтэйгүүр, Төрийн тэргүүн УИХ-ыг огцруулах санаагаа цухалзуулж, хэлж байгаа тул тийм амархан онц байдал зарлах байсан болов уу. Бас л бодууштай. 76 гараа өргөөд цагаан туг өргөтөл үймээн үргэлжилбэл иргэний дайн гарахгүй гэх баталгаа бий юу.
niigmiintoli.mn
URL: