БАГАНУУРЫН ОРДЫН “ӨРӨМ”-ТЭЙ ХЭСЭГ ХЭНД ҮЛДЭХ ВЭ?

f4cbec1510f0b19678444d7b8c41fc5cbig1974-1975, 1988-1989 онд хайгуул, 2014-2016 онд нэмэлт хайгуулын ажил хийж 812 сая тоннын хүрэн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон Багануурын орд 40 гаруй жилийн хугацаанд УБ хотын ТЭЦ-3, ТЭЦ-4, Дулааны  2 дугаар цахилгаан станц, Дарханы болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудыг 100 хувь нүүрсээр ханган гал алдуулахгүй ажиллаж байна.

Тус ордыг түшиглэн баригдахаар төлөвлөж байгаа цахилгаан станц, ТЭЦ-5 зэрэг мега төслүүд  ч мөн Багануурын ордод түшиглэн баригдаж байгаа юм. Гэтэл Монгол Улсын цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын 60 гаруй хувийн нөөцтөй талбайг (530 сая/тонн) хувийн нэгэн компани эзэмшиж шүүхдэлцсээр 12 жилийн нүүр үзэж байна.

Түүх сөхвөл, улсын төсвөөс тус ордын хайгуулд зарцуулсан 94,000 ам.долларыг 1999 онд “Багануур” ХК зохих журмын дагуу бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчин 2006 оны 11 сарын 6-нд Ашигт малтмалын газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр “Алтай гоулд” ХХК-д Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ.

Үүгээр зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л шууд зөрчин ганцхан жилийн дараа буюу 2007 оны 11 сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй “Алтай гоулд” ХХК  ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч  улмаар 2010 онд “Алтайн гянт” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байна.

“Багануур” ХК-ийн зүгээс хууль бус лиценз олголтын эсрэг 2008 оноос эхлэн тасралтгүй маргаж гомдол гаргасан бөгөөд 2012 оны 10 сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ.   Эндээс л Багануур ордыг тойрсон олон жилийн зарга эхэлж “Багануур” ХК, “Алтайн гянт” ХХК, АМГТГ харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрсэн. “Алтайн гянт” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 3 жил өнгөрсний дараа буюу 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хуулийн үндэслэлээр захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг. Гэвч “Алтайн гянт” ХХК 2016 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэж чаджээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн 12959А дугаартай лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч “Алтайн гянт” ХХК үүнийг эс зөвшөөрөн Дээд шүүхэд ханджээ. Харин “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануур ордын хувь заяаг шийдэх асуудал өнөөдрийг хүртэл Дээд шүүхээр шийдвэрлэгдэхгүй, шүүх хуралдаан нэг үндэслэлээр 3 удаа хойшлогдоод байна.

2018 оны 01 дүгээр сарын 03-аас 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нийт 26 өдрийн хугацаанд “Алтайн гянт” ХХК-ийн өмгөөлөгчөө сонгож авч чадахгүй байгаа тухай тайлбарыг Дээд шүүхийн эрхэм шүүгчид байж болох зүйл мэтээр хүлээн авч буйг хэрхэн ойлгох вэ.

Хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган эхний удаа 14 хоногийн хугацаа, мөн дахин 14 хоногийн хугацаа өгсөөр байтал 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд “өмгөөлөгчөө сонгож авч чадаагүй” хэмээн шалтаглаж “Алтайн гянт” компани хурлыг 2018 оны 02 дугаар сарын 07-ныг хүртэл ийнхүү 4 дэх удаагаа хойшлуулаад байна.

Сонирхолтой нь ийм “уян хатан” хандлага Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хэрэг шийдсэн практик, туршлагад байхгүй аж.

Дашрамд дуулгахад, тус хэргийн нэхэмжлэгч  нь “Алтайн гянт” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Цоожийн Пүрэвтүвшин бөгөөд 2016-2017 онуудад өөрийгөө тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилон ажиллаж байсан. Одоо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг шилжүүлж авсан “Монголын зэс корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашдаг ажээ.

Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хурал ирэх Лхагва гаригт буюу 2018 оны 02 сарын 07-ны өдөр хуралдаж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын стратегийн ордод хамаарах орд газар маань ард түмэнд үлдэх үү Алтайн гянтад үлдэх үү гэдгийг шийдэх гэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих