Багануурын орд ард түмэнд үлдэх үү, “Алтайн гянт” руу шилжих үү гэдгийг Дээд шүүх шийднэ
АМГ-ын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд “…Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг шууд зөрчин “Алтай гоулд” ХХК-д Багануурын ордод хайгуул хийх лиценз олгожээ.
Үүгээр зогссонгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журмыг мөн л шууд зөрчин ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 7-нд хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй, Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл шийдвэргүй “Алтай гоулд” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч улмаар 2010 онд “Алтайн гянт” ХХК-д тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байна.
“Багануур” ХК-ийн зүгээс хууль бус лиценз олголтын эсрэг 2008 оноос эхлэн тасралтгүй маргаж гомдол гаргасан бөгөөд 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хууль бус тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ. Эндээс л Багануур ордыг тойрсон олон жилийн зарга эхэлж “Багануур” ХК, “Алтайн гянт” ХХК, АМГТГ харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрсэн. “Алтайн гянт” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг гурван жил өнгөрсний дараа буюу 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хуулийн үндэслэлээр захиргааны шүүх нэхэмжлэлийг хүлээж аваагүй байдаг. Гэвч “Алтайн гянт” ХХК 2016 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэж чаджээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн 12959А дугаартай лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэвч “Алтайн гянт” ХХК үүнийг эс зөвшөөрөн Дээд шүүхэд ханджээ. Харин “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Багануур ордын хувь заяаг шийдэх асуудал өнөөдрийг хүртэл Дээд шүүхээр шийдвэрлэгдэхгүй, шүүх хуралдаан нэг үндэслэлээр гурван удаа хойшлогдоод байна.
2018 оны нэгдүгээр сарын 3-29-ний өдрийг хүртэл нийт 26 өдрийн хугацаанд “Алтайн гянт” ХХК-ийн өмгөөлөгчөө сонгож авч чадахгүй байгаа тухай тайлбарыг Дээд шүүхийн эрхэм шүүгчид байж болох зүйл мэтээр хүлээн авч буй нь ойлгоход бэрх юм.
Хууль зүйн туслалцаа авах эрхийг ханган эхний удаа 14 хоногийн хугацаа, мөн дахин 14 хоногийн хугацаа өгсөөр байтал нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд “өмгөөлөгчөө сонгож авч чадаагүй” хэмээн шалтаглаж “Алтайн гянт” компани хурлыг 2018 оны хоёрдугаар сарын 7-ныг хүртэл ийнхүү дөрөв дэх удаагаа хойшлуулаад байна.
Сонирхолтой нь ийм “уян хатан” хандлага Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хэрэг шийдсэн практик, туршлагад байхгүй аж.
Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хурал ирэх лхагва гаригт буюу 2018 оны хоёрдугаар сарын 7-нд болж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын стратегийн ордод хамаарах орд газар маань ард түмэнд үлдэх үү,”Алтайн гянт”-д шилжих үү гэдгийг шийдэх гэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: