“Хаан” банк зээлээ зогсоож эхэллээ
Ирэх жил Монголын эдийн засаг хямрах нь гэсэн сургаар зарим банкууд зээлээ хумьж, бүр зогсоож эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт “Хас” банк зээлээ хумьж эхлэхэд Монгол банкны зүгээс инфляци өснө гэж айсандаа биш харин өөрсдийнх нь чадавхи сайжирч байгаа тул зээлийнхээ чанарыг нэмэгдүүлж байгаа гэсэн тайлбар өгч байсан. Гэтэл энэ долоо хоногт Монголын банкны зах зээлд томоохон байр суурьтай “Хаан” банк хэрэглээний зээлээ зогсоож эхэллээ гэсэн мэдээлэл манайд ирлээ. Улсын төсөв хэт үрэлгэн, зардал ихтэй байгаа, европын эдийн засгийн хямрал ч хүрээгээ тэлсээр байгаа нь бизнес эрхлэгчдийг түгшүүлж байна.
2009 оных шиг эдийн засгийн хямрал болохгүй гээд хээв нэг сууж байсан Монгол банкныхан ч сандралдаж эхлэв бололтой. Тэд улсын төсвийг хэт тэлэлттэй баталсан ч 12-14 хувьд барьж чадна гэсэн амлалт өгч байсан нь саяхан. Энэ амлалтыг тэд “Зэсийн үнэ унавал 20 дугаар тогтоол давтагдах гэх газаргүй” гэсэн гарчиг ярилцлагандаа өгөөд буруудсан “Зууны мэдээ” сонины сэтгүүлч болон бусад сэтгүүлчдэд өгч байсан юм. Монгол банк дээрх сонины сэтгүүлчийг эдийн засаг хямрах нь гэж иргэдийг хий дэмий айлгаж, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Лхагважавын өгсөн ярилцлагыг мушгин гуйвуулсан гэж буруутгасан. Гэтэл саяхан ОНХХ-ийн дарга Б.Лхагважав ажлаасаа халагджээ. Түүнийг хэвлэлийнхэнд буруу мэдээлэл өгсөн гэж халав уу, чухам ямар асуудлаас болов гэдгийг бид эргэн сурвалжлах болно. Ямартаа ч манай банкууд зээлээ хумьж, үнийн өсөлт хурдтай нэмэгдэх дохио өгөөд эхэллээ.
URL: