Өнөөдөр гурван сайдтай 300 гаруй багш уулзна
Цалингийн нэмэгдлийн хугацааг наашлуулахыг шаардаж өнгөрөгч даваа гаригт цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаж, 101 цэцэрлэгийн багш нар энэхүү арга хэмжээнд нэгдсэн билээ. ЕБС-ийн багш нар өчигдөр өглөө сануулах ажил хаялтыг 08.00-10.30 цагийн хооронд зохион байгуулсан юм. Үүнд нийслэлийн болоод орон нутгийн нийт 108 сургуулийн 10 мянга гаруй багш оролцсон байна. Харин өнөөдөр 14:00 цагт багш нарын төлөөлөл болох 300 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч МҮЭСТО-д Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нартай уулзалт хийхээр болсон юм. Тус уулзалтаар шийдэлд тодорхой хүрэхгүй бол ирэх долоо хоногоос хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдээд байгаа юм.
А.Тэргэл
URL: