Монгол Улс эдийн засгийн чадамжаараа Африкийн орнуудтай ижил түвшинд байна

17491

Азийн орон атлаа адилтгах гэхээр Африкийн орнуудтай жагсах болсон Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд өнгөрсөн жилүүдэд нэлээн муудсан.

Тодруулбал, ДНБ-ийг гадаад өртэй харьцуулсан судалгаагаар Монгол Улс нь Мозамбик, Украин, Словени, Зимбабве зэрэг улстай зуузай холбодог. Авлигын төвшнөөр бол Нигертэй адил. Дампуурлын магадлалаар дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.

Энэ утгаараа Аргентин, Чилитэй адилхан. Одоогийн байдлаар нэг хүнд ноогдох үндэсний өр ойролцоогоор 3,000 гаруй ам.доллар болоод буй. Тодруулбал, Монгол Улсын иргэн бүр яг одоогийн байдлаар 7-8 орчим сая төгрөгийн өртэй гэсэн үг юм. Тэгтэл нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ ердөө найм орчим ам.доллар. Түүнчлэн манай улсын ДНБ-тэй харьцуулсан гадаад өрийн хэмжээ өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар 80 гаруй хувьтай байгаа юм.

Бага орлоготой дэлхийн улс орнуудын ДНБ-тэй нь харьцуулсан гадаад өрийн хэмжээ найман хувьтай, дундаас дээш орлоготой орнуудынх дунджаар 21 хувьтай байдаг бол манай улс ДНБ-д харьцуулсан гадаад өрийн хэмжээгээрээ бага орлоготой орнуудын дунджаас 20 хувиар, дундаас дээш орлоготой орнуудаас найм дахин их байгаа юм. Түүнчлэн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Самоа, Тунис, Парагвай, Албани, Босни зэрэг улстай адил төвшинд явна.

Манай улс маргаашаа сайн тооцоогүйнхээ үр дүнг өнөөдөр амсаж буй орнуудын нэг. Түүхий эд нийлүүлэгч олон орон, тэр дундаа Африкийн орнууд эдийн засгийн удаашралыг хангалттай амсаж буй нь эдийн засгийн ганцхан тулгуур болон бат бэх, найдвартай нөхцөл байж чаддаггүй, хэт их зээл улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг гэдгийг баталж буй.

МОЗАМБИК УЛС

Африкийн тэргүүлэх өсөлттэй эдийн засагтай оронд тооцогдож байсан Мозамбик Монгол Улсын нэгэн адил эрдэс баялгийн салбарын өсөлтийн буянаар эдийн засаг нь хурдацтай өсөж байсан. Мозамбик коксжих нүүрсний арвин ордтой бөгөөд тус улсын эдийн засаг сүүлийн 10 жилийн хугацаанд тасралтгүй өсөж, долоон хувийг даваад байсан. Мозамбикийн энэхүү өсөлт нь газрын тос болон хийн хайгуулын төслийн үр дүн юм.

Мөн тyc улсын нүүрс, байгалийн хий, алт, фосфарт, газрын ховор элемент, үнэт чулуу, хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийн төсөл болох Мозал зэрэг нь дэлхийн уул уурхайн томоохон тоглогчид болох “ВНР Billiton”, “Rio Tinto”, Sason, “Anadarko”, “Eskom” зэргийн анхаарлыг татах болсон билээ. Гэвч тус улсад сүүлийн жилүүдэд тохиож буй эрдсийн зах зээлийн уналт эдийн засагт нь маш хүчтэйгээр нөлөөлөх болсон.

Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Мозамбик Улс Олон улсын валютын сангаас 286 сая ам.доллар зээлсэн.Өнгөрсөн оны эхээр тус улсын эдийн засаг асар хурдацтайгаар доройтож, оны дунд үе гэхэд үндэсний мөнгөн тэмдэгтийнх  нь ханш огцом унаж, гадаад валютын нөөц шавхагдаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, донор байгууллагуудын тусламж багасжээ. Тус улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал нэг бол сайжирч, эсвэл бүр дордож мэдэхээр байгааг шинжээчид онцолж байна.

Мозамбик Улсын тухайд сүүлийн арван жилийн хугацаан дахь геологийн судалгааны дүнд 5.66 их наяд куб метр байгалийн хий, 20 тэрбум тонн нүүрс болон бусад эрдсийн нөөцийг илрүүлээд байгаа юм. 2004-2013 оны хооронд тус улсын уул уурхай, гидрокарбоны салбар нь 14 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ. Гэвч сүүлийн жилүүдэд тохиож буй эдийн засгийн хямралаас болж ажлын байрны тоо буурч, олон мянган дотоодын компанийн үйл ажиллагаа доройтоод байгаа юм. Энэ нь Засгийн газрын татварын орлогод ч нөлөөлж эхэлсэн байна.

Мөн тус улс өрийн хэмжээгээр аюултай төвшинд хүрээд байгаа нь эдийн засгийн байдлыг улам хүндрүүлж байгаа юм. Өнгөрсөн оны эхээр тус улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийх нь 42 хувьтай тэнцэж байсан бол уг дүн энэ оны эхний улирлын байдлаар бараг 80 хувьд хүрчээ. Түүнчлэн Засгийн газрын ОУВС-гаас нууж байсан өрийн хэмжээ дор хаяж 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь тус улс руу ОУВС болон барууны орнуудаас үзүүлдэг тусламжийг цуцлах шалтгаан болсон гэдэг. Тус улсын Засгийн газрын уламжилж байгаагаар улсын нийт өр 11.64 тэрбум бөгөөд үүний дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулагчдад хамаарч буй аж.

БОТСВАН УЛС

Нэг үе зөвхөн мал аж ахуйгаас хамаарч байсан Ботсванд 1970-аад оноос алмаз эрдэнийн зах зээл эрчимтэй хөгжиж эхэлжээ. Өмнөд Африкийн энэ орон Монголтой ижил далайд гарцгүй. Газар нутгийнх нь 70 хувийг Калахари цөл эзэлдгийн зэрэгцээ хүн амынх нь тоо манайтай ойролцоо. Ган ихтэй байдгаас газар тариалан эрхлэхэд тохиромжгүй. Гэхдээ Ботсваны Засгийн газар энэ төрлийн бизнесийг ихэд дэмжиж иржээ.

Эдүгээ Ботсван Зимбабве, ӨАБНУ-аас үр тариа импортолж, эргүүлээд энэ хоёр улс болон Европын зарим оронд мах экспортолдог байна. Ботсван Улс газар доороо алмаз эрдэнэ, алт, мөнгө, платинум, нефть, никель, зэс, цайр, чулууны арвин нөөцтэй. 1867-1869 онд энэ нутаг дэвсгэрт алт ихээр олборлож эхэлсэн боловч 1880-аад онд одоогийн ӨАБНУ-д алмаз эрдэнэ олдсоноос Ботсван сонирхол татахаа больсон байна.

Их Британийн ивээлд 80 гаруй жил байсан энэ орон 1966 оны есдүгээр сард тусгаар тогтнолоо зарлаж, Ботсван гэх бие даасан улс болсон. Яг энэ үед тус улсаас алмаз эрдэнэ олдсон гэдэг. Ингээд мал аж ахуйн орноос уул уурхайн орон болох шилжилтийн үе эхэлжээ. Гэвч 1980-аад оны эхнээс Ботсванд ажилгүйдэл газар авсны зэрэгцээ эдийн засаг нь туйлын хүнд нөхцөлд орсон байна.

Гэхдээ Ботсван олон намын системтэй ардчилсан орон байсан бөгөөд НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, Африкийн холбоо, Өмнөд Африкийн гаалийн холбоо, Африкийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын гишүүн байсан учраас тал талаас тусламж авч байжээ. Ямартай ч 1966 оноос хойш Ботсваны эдийн засаг жилдээ ес орчим хувиар өссөн бөгөөд энэ хооронд дэд бүтэц нь нэлээн сайн хөгжсөн байна.

Алмаз эрдэнийн салбар тус улсын ДНБ-ий 33, төсвийн орлогын 45, экспортын 75 хувийг бий болгодог аж. Ботсваны эрх баригчид 1999 онд Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулсан байдаг. Зөвхөн уул уурхай төдийгүй эдийн засаг, ялангуяа бизнесийн орчноо сайжруулахын тулд тус улсын төр, засаг ажиллаж эхэлжээ. Алмааз эрдэнийн зах зээлд хүч түрэн орж, дэлхийд тэргүүлэхийн хэрээр Ботсваны эдийн засаг энэ ашигт малтмалаас хамааралтай болсон нь тодорхой.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын улмаас алмаз эрдэнийн үнэ шалдаа буухад тус улс мөн л хүнд байдалд орсон. Ботсваны төсвийн алдагдал ДНБ-ийхээ 13.5 хувьд хүрснээс тус улсын Засгийн газар Африкийн хөгжлийн банкнаас 1.5 тэрбум ам.долларын зээл авсан байна. Эдүгээ дэлхийн зах зээлд алмаз эрдэнийн үнэ өсөж эхэлсэн нь Ботсван Улсын эдийн засагт эергээр нөлөөлж буй.

ЗИМБАБВЕ УЛС

Зимбабве төмрийн хүдэр, алт, ховор металл, зэс, никель, чулуун нүүрс, алмаз эрдэнийн асар их нөөцтэй. Ялангуяа платинумын төрлийн металлаар дэлхийд гуравдугаарт жагсдаг байна. Гэвч энэ нутагт алт олборлолт чухал байр суурь эзэлдэг бөгөөд байгалийн нөхөн сэргээлт маш муу. Олон улсын валютын сангийн мэдээлснээр Зимбабвегийн эдийн засагт сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдаж байгаа аж.

Өнгөрсөн онд тус улсын ДНБ дөрвөн хувиар өссөн бөгөөд инфляц ердөө 6.5 хувьтай гарчээ.Энэ нь гадаад валютаар төлбөр тооцоо хийдэг болсонтой холбоотой гэнэ. Үүнээс өмнө Зимбабвегийн эдийн засаг жил бүр 5-10 хувиар унаж байжээ. ОУВС-гийн мэргэжилтнүүд сэргэлтийн шинж тэмдэг ажиглагдсан дээр нь шинэчлэл хийх хэрэгтэйг тус улсын төр, засагт сануулж байгаа юм. Гэвч тус улсын Ерөнхийлөгч гадаадын иргэд, тэр дундаа цагаан арьстнуудын бизнесийг улам чанга, хатуу нөхцөлтэй босгоно хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Гадаадын томоохон компанийн 51 хувийг нутгийн иргэдэд “булааж” өгөх тухай хууль санаачилж байснаа ч тэрбээр нуугаагүй. Зимбабвегийн гадаад өр эдүгээ 4.6 тэрбум ам.долларт хүрсэн аж. Гэвч эрх баригчид нь шинэчлэл хийхдээ дургүй. Тус улсын сайд нар халамж, тусламжид найдсан хэвээр. Ер нь Мугабе газар доорх баялаг нь өрөө дарахад хүрэлцэнэ хэмээн бардамнадаг удирдагчдын нэг байсан.

Эх сурвалж: Countrymeters

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих