Эдийн засаг: 4 байр суурь!
Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан. Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж, 2018 оны эдийн засаг, санхүүгийн сорилтууд, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, крипто валют, цахим мөнгө: Бидний байр суурь гэсэн сэдвүүдийн хүрээнд хуралдаанууд хийгдсэн. Тэгвэл Мөнгөний бодлогын хэрэгжилт, сургамж сэдэвт хуралдааны хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчдын байр суурийг хүргэж байна.
ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: Төв банк тэнцвэрийг хангасан бол ийм асуудал гарахгүй байх байсан
Цаашид Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна. Миний шүүмжлэх гэж буй зүйл бол Төсвийн бодлого мөнгөний бодлого хоёр их уялдаа муутай явсан гэж дүгнэсэн. Чингис бондыг босгосны дараа Засгийн газар төсвийн зардлыг их хэмжээгээр нэмж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Төв Банк мөнгөний нийлүүлэлтийг нэмж банкуудаар дамжуулж үнэ тогтворжуулах хөтөлбөрийг явуулсан. Хэрэв Төв банк төсөв тэлж зардал ихэссэн үед мөнгөний бодлогыг хатууруулах арга хэмжээ авч бусад үед тэнцвэрийг хангасан бол ийм асуудал гарахгүй байх байсан. Үүн дээр алдаа гаргасан гэж үзэж байна. Төсөв, мөнгөний бодлогын уялдаагүй байдал, бодлогын зөрчилдөөн гэх мэт алдаанаас болж бодит амьдрал дээр шокуудыг бий болгосон. Тиймээс Төв банк тодорхой секторуудыг онилох, банкнуудад санхүүжилт олгох ажлыг үргэлжлүүлэхийг хүсэж байна
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт: Монгол Улсад валютын урсгалын хяналт байхгүй байна
Мөнгөний бодлого нь эдийн засгийн гол тулгуур салбаруудыг хөгжүүлэхэд нийцэж ажиллахгүй байна. Монгол Улсад валютын урсгалын хяналт байхгүй байна. 2017 онд “Эрдэнэс Таван Толгой”-гоос 20 сая тонн нүүрс дунджаар 20 ам.доллароор тээвэрлэсэн байдаг. Тээврийн зардалд 400 сая ам.долларыг Хятад руу гаргасан. Өнгөрсөн жил “Оюу Толгой” 160 сая ам.долларыг цахилгаан эрчим хүчний төлбөрт төллөө. Эдийн засгийг хөдөлгөж буй гол салбаруудын тээвэр, түлшний зардлаар гадаад валют буцаад урсаад алга болдог. Тиймээс Монголбанкийг бодит эдийн засаг дээрх мөнгөний хэмжээг тооцохыг хүсэж байна. Мөн энэхүү мөнгийг үлдээхийн тулд зохистой бодлогыг авч хэрэгжүүлэхийг хүсэж байна. Ханшны өөрчлөлтийн hedging нэвтрүүлмээр байна. Бодит төсөл болон төслийн санхүүжилтийг хэрэгжүүлбэл хамтарч ажиллахад бэлэн байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Манай улс хөгжлийн загварыг өөрчлөх хэрэгтэй
Банкны салбарын шинэчлэлтэй холбогдуулаад хоёр хууль батлагдсан. Төлбөр тооцоо болон банкны зээлийн хүүтэй холбоотой хууль шинэчлэгдэх гэж байна. Санхүүгийн зах зээлийг бүрдүүлдэг бусад салбарууд, жишээ нь хөрөнгийн зах зээл, даатгал зэрэг салбаруудын шинэчлэл зэрэг явах хэрэгтэй байна. Монголчууд алдсан алдаанаасаа сургамж авдаггүй. Энэ дундаас өмч хувьчлал бол үнэхээр алдаатай болсон. Монголын баялгийг нийт хүн амын гурваас дөрвөн хувьд ногдож байна. Засгийн Газрын хийх ажлуудын нэг бол бүтцийн өөрчлөлтийн бодлого юм. Төв банкны хуулийг сайжруулахын тулд ажилласан. Хамгийн гол нь хэрэгжүүлэх дээр алдаа гаргасан. Тиймээс бид авах олон сургамж байна гэж үзэж байна. Монголд боломжууд байна. 13 их наяд төгрөгийн хадгаламжтай байна. Энэхүү мөнгийг эргэлтэд оруулах болон хөрөнгийн биржийг хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Мөн манай улс хөгжлийн загварыг өөрчлөх хэрэгтэй.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Эдийн засгийг тогтвортой барих нь чухал байна
Манайд эдийн засгийн мөчлөгт орох хугацаа улам бүр багасаж байна. Бид нар эдийн засгийн уналт эсвэл өсөлтийг бий болгодог хоёр төрлийн аргачлал мэддэг болж байна. Тиймээс бидний анхаарах зүйл бол эдийн засгийг тогтвортой барих нь чухал байна. Манай эдийн засаг зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай, тийм учраас санхүүгийн салбар хүртэл нэг тулгууртай болсон. Хөрөнгийн зах зээл, банк болон даатгал гэж хамтарсан байдлаар явбал нөөцийг зөв зохистой хуваарилах ач холбогдолтой юм.
http://www.hunnu.mn/a/88874
URL: