Түүх хэзээ ч түүхийрдэггүй юм

527-1517449749022g

Он жил улиран өнгөрөвч огт мартагдахгүй түүхэн үйл явдал гэж байдаг. Тэр үл мартагдах түүхэн явдлын нэгээхэн хэсэг нь манай нам, ардын төрийг үндэслэн байгуулах ариун үйлсэд гойд онцгой үүрэг гавьяатайгаар оролцсон, ХХ зууны Монголын улс төрийн гарамгай зүтгэлтэн, эх оронч Д.Сүхбаатар билээ. Аймшиггүй чин зоригт аугаа их жанжин Д.Сүхбаатарын командалсан ардын журамт цэрэг 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагт хотыг Хятадын милитарист, гамин цэргээс чөлөөлсөн нь Монголын ард түмний зэвсэгт тэмцлийн анхны том ялалт бөгөөд энэ өдөр бол Монголын ардын армийн төрсөн өдөр мөн. Иймд өнгөрсөн онуудаас эхлэн Монголын ардын армийн төрсөн өдрийг “Монгол цэргийн өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. Д.Сүхбаатар ардын цэрэг армийн үндсийг анх тавьжээ. Түүгээр үл барам манай намын одоогийн төв хэвлэлийг “Монголын үнэн” нэртэйгээр анхны дугаарыг Эрхүү хотноо хэвлүүлэн гаргасан билээ. Д.Сүхбаатарын санаачилгаар түүний төрсөн газарт 1923 онд анх “Улаанбулан” нэртэй ший янгуу, жүжиг тоглодог газар байгуулагдаж, энэ нь манай орны соёл, урлагийн анхны гал голомт болсон түүхтэй. Хожмоо 1924 оны наймдугаар сард Төв хорооны тогтоолоор “Ардын үлгэр жишээ клуб” болжээ. Энэхүү алтан тайзнаас Ардын жүжигчин Л.Дашдэлэг, Д.Ишдулам, Д.Ичинхорлоо, Д.Дамдинсүрэн, Т.Хандсүрэн, З.Цэндээхүү, гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв, Ё.Шаравдоо, Янжинлхам, Б.Сийлэгмаа, У.Уранчимэг, алдарт жүжигчин Лувсанжамц, Цэрэнлхүндэв зэрэг олон алдарт гавьяатан төрсөн түүхтэй. Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэргийн даргын сургуулийг 1921 онд Нийслэл хүрээнд байгуулж, дунд тушаалын дарга нарыг бэлтгэх анхны төгсөлтийг 1922 онд хийж суралцагчдын тоог 150 болгон нэмэгдүүлж, 1923 онд мөн сургуулийг Цэргийн ерөнхий сургууль болгон өргөтгөсөн билээ.

1921 онд цэргийн яамны дэргэд харилцаа холбооны сургууль байгуулжээ. МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1925 онд Д.Сүхбаатарын нэрэмжит даргын сургуулийг Улаанбаатарт 60 сурагчтай байгуулж, Барон-Унгерн ба хятадын гамин цэргүүдийн Монголд орхин явсан “Дож”, “форд”, “Бикав” зэрэг цөөн тооны хэдэн машиныг нэгтгэн 1922 онд “Цэргийн авто-гарааш”-ийг анх санаачлан байгуулж авто-тээврийн үндсийг тавьж байжээ. Тэрбээр Монголын биеийн тамир спортын хөдөлгөөнийг үндэслэн байгуулагч мөн билээ. Спортын талаар гаргасан түүний 30-р тогтоол байдаг. Энэ тогтоол одоо манай спортын удирдах байгууллагуудын яаманд өлгөөтэй байгаа. Мөн жанжны санаачилгаар Монголын ардын армид анхны “Хүн эмнэлэг ариун цэврийн хороо” байгуулах тухай тогтоол гарсан билээ. Жанжин Д.Сүхбаатар бол цэгц, шулуун шударга, алсын хараа сайтай, улс орон, ард түмэн, намдаа чин үнэнч зүтгэлтэн байсныг нь түүнтэй хамран зүтгэж явсан олон нөхдийнх нь дурсамж дуртгалууд тод харуулдаг.
Д.Сүхбаатарын өөрийнх нь бичсэн захидал, гаргасан тогтоол, тушаал, бусад баримт бичгээс нь түүний улс төрийн үзэл бодол нь ил харагддаг. Түүний “Монгол Улсаа тэгш журамт, баян хүчирхэг болгох” хүсэл тэмүүлэл, үзэл баримтлал өнөө ч хуучраагүй төдийгүй энэ цагийн улстөрчдийн баримтлах зарчим мөн билээ. Зуун дамжих энэхүү тэмүүллийг жанжин Д.Сүхбаатар монгол хүн бүрийн зүрх сэтгэлд тухайн үед гүн шингээсний хүчинд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болон Азийн цээжинд мандсан түүхтэй. Жанжин Д.Сүхбаатар “Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох үйл хэрэгт, оролцохдоо амь, биеэ үрэгдүүлэхийг үл хайхран зүтгэнэ” гэсэн тангаргийн үгийг хэлсэн юм. Орчин цагийнхан Монгол Улс хэзээд л ийм амар амгалан, энх тунх оршиж байсан мэтээр сэтгэж, өнгөрсөн түүхийн үнэнийг умартах нь их болжээ. Тэр тусмаа жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийг дурсах төдийхэн болсон нь харамсалтай. Зүй нь энэхүү түүхэн баатрын байгуулсан гавьяаг үр хойчийнхоо ой тоонд суутал магтан дурсч, өнөөдрийн гэрэл гэгээт амьдралын үндсийг тавьсан эрхэм хэмээн онцлон өвлүүлж байх ёстойсон. Түүх хэзээ ч түүхийрдэггүй жамтай. Өнгөрсөн түүхээ умартагчид бол ойд төөрсөн сармагчин лугаа адил хэмээн мэргэдийн хэлсэн үгийг энд эшлэхийг хүслээ.
О.Баатар

URL:

Сэтгэгдэл бичих