”БҮРЗГЭР” эрсийн шинэ өглөө
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хоног төөрүүлэх хөлчүү эрсийн тоо хэрээс хэтэрлээ. Багтахаа ч байлаа. Өнгөрсөн сард нийслэлийн хэмжээнд хоногт 150-170 хүн эрүүлжүүлэгдэж байсан бол энэ сард хоёр дахин нэмэгдэж эрүүлжүүлэх байраар морилогчдын тоо 350-д хүрчээ. Өчигдөр шөнө 254 согтуу эрийг гэрийнхэн нь хүлээж, дутуу нойртой хоносон мэдээ байна. Албан байгууллага бүр шинэ жилийн баяраа тэмдэглэж, баярласан хүмүүс балга тагш юм хүртсэнтэй холбоотой эрүүлжүүлэгдэж байгаа хүний тоо нэмэгдэж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж, олноороо дарвихгүй байх сэрэмжлүүлэг тарааж, эргүүлийн цагдаа нарын хүчийг нэмэгдүүлж байгаа гэнэ.
“САЙД, ХУРАНДАА”-ГИЙН ДҮҮ НАР БАЙНГА ХОНОДОГ
Хүйтэн хана, нус, цэр болсон шалтай эрүүлжүүлэх байрнаас хорин зараа хамаатан садантай нь залгисан “бүрзгэр” эрс хэрхэн гарахыг сурвалжлахаар гарлаа. Бидний очсон эхний газар бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс байв. Өчигдөр шөнө энд 42 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ шөнийн эргүүлд гарсан учир өнөөдөр бага хүнтэй байгаа гэнэ. Тэдний зочдын ихэнх нь оюутан байлаа. Эрүүлжүүлэх байрны үүдээр эрүүлжсэн эрс, хүүхнүүдийг авахаар ирсэн хүмүүс зогсож байв.
Эрүүлжүүлэх байрны үүдээр оронгуут л архи, бөөлжис, хүний өтгөн, шингэн гээд элдэв янзын эхүүн үнэр хамар цоргих аж. Албан хаагчдаас бусад нь ам, хамраа даран зарим нь үүд рүү харайлгаж харагдсан. Өндөр бор залууг эрүүлжүүлэх байрны цагдаа “Хөөш сайд Нямдоржийн төрсөн дүү гараад ир. Одоо ах руугаа утасдаж намайг гаргаж ав гээд ярихгүй юу” гэх сонсогдов. Харин нөгөөх эр толгойгоо илснээ “Уучлаарай ахаа тасарчихсан байна лээ. Юу ярьснаа санахгүй байна. Сая эгч рүүгээ утсаар ярьчихсан. Удахгүй ирэх байх. Тэгээд мөнгөө өгчихье гэв”. Мань эр найзуудтайгаа бааранд архи ууж согтоод гудамжинд хүмүүстэй зодолдсон юм байх, Эргүүлийн цагдаа нар зодолдож байсан залуусыг салгаж цагдаагийн хэлтэс дээр авчрахад “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн төрсөн дүү байна. Та нар намайг яах юм. Би ах руугаа утасдахад л та нар ажлаарсаа сална ш дээ. Хэмээн агсарсан гэнэ. Мөн нэг “хурандаагийн дүү” эрүүлжүүлэх байранд хоножээ. Тэр мөн л цагдаа нарын өмнөөс эсэргүүцэл үзүүлж, “Хурандаа ахдаа” хэлнэ хэмээн агсам тавьсан гэнэ. Ер нь эрүүлжүүлэгдэж байгаа хүмүүсийн ихэнх нь сайд, дарга, цагдаагийн хурандаа нарын хамаатан садан хэмээн алба хаагчдыг сүрдүүлж, чамайг ажлаас чинь халуулна хэмээн хашгичсаар ногдсон өрөөндөө ордог гэсэн.
Нэг нөхөр найзуудтайгаа шинэ жил тэмдэглэж согтоод гудамжинд тухалж байхад нь цагдаа нар түүнийг олжээ. Дээд боловсролтой, хувийн байгууллагад ажилладаг түүний гэр бүлийн хүн бололтой нэг бүсгүй ирэв. Цагдаа нар түүнд” Гудамжинд унтаж байхад нь олсон юм. Хэрэв бид олоогүй бол осгож амь насаа алдах байсан шүү. Бас болоогүй өмдөндөө шээчихсэн байсан. Цаашид энэ хүнд ингэж болохгүй гэдгийг хэлээрэй” хэмээн халаасанд нь байсан зүйлийг нэг бүрчлэн танилцуулаад гаргав. Нөгөөх эр нүүрээ нуун, эхнэртээ загнуулсаар гарч одов.
“Сарынхаа цалинг аваад бүгдийг нь хаячихсан. Одоо баларсан. Шинэ жил болох гэж байхад ямар ч мөнгө байхгүй. Охиндоо гацуур авч өгье гэж бодож байсан юм. Энэ муу хар уснаас болж байгаа юм. Одоо найз нь уухгүй ээ. Миний найз битгий уурлалдаа. Миний буруу биш ээ. Тэр муу, хүн өдөөд байсан юм. Тэгээд нэг цохиод авчихсан чинь цагдаа ирээд эрүүлжүүлэхэд хийчихлээ” хэмээн эхнэрээ аргадах залууг Мөнхбаатар гэдэг аж. Түүний эхнэр уйлж гарлаа. “Чи яасан гэж архи ууж байгаа юм. Одоо тэгээд шинэ жилээр мөнгө байхгүй яах юм. Хүүхдүүддээ юу гэж хэлэх болж байна” хэмээн загнах аж. Ийнхүү эрүүлжүүлэх байранд хоносон иргэдийг ар гэрийнхэн нь авсаар таван хүн үлдэв. Тэд “Бидэнд мөнгө байхгүй ээ. Авах ч хүн байхгүй. Хөлдөж үхэлтэй нь биш. Та нар л танихгүй байв гэж. Одоо гаргачих л даа” хэмээн царайчлах аж. Тэдний гурав нь тус газрын “байнгын үйлчлүүлэгч” гэсэн. Ар гэрийнхэндээ агсам тавьж байгаад цагдаад баригдаад эрүүлжүүлэгдээд гардаг байна. Молом гэх 40 гаруй насны жижигхэн биетэй, онигор нүдтэй залуу цагдаа нарт бүр ам мөчиг өгч “Одоо дахиж ингэхгүй” гээд явжээ. Гэтэл хоёр хонолгүй эргээд ирсэн нь энэ. Түүнийг шийтгэж шал угаалгах ажилд томилов. Тэр цагдаа нарын нүдийг хариулж байгаад зугтахыг завдсан боловч бүтэлгүйтэж, хувинтай ус бариад ажилдаа орсон юм.
СОГТУУ ЗАЛУУ “СУР ХАРВАЖЭЭ”
Бидний очсон дараагийн газар бол Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс байв. Тус газарт мөн л 40 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн гэнэ. Эрүүлжүүлэх байранд хоносон ихэнх иргэд явчихсан байв. Харин ар гэрийнхнээ хүлээсэн хэдэн хүн л толгойгоо барин сууцгааж байв. 50 настай болов уу гэмээр нэгэн эр намайг “Утсаараа ганц яриулчих” хэмээн царайчлав. Охин руугаа ярьж байгаа бололтой. “Аав нь Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх дээр байна. Хурдан мөнгө аваад хүрээд ир” хэмээн уйлж гарав. Өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон эр шөнө дундын алдад ирсэн гэнэ. Тэрбээр унтаж байхдаа гэдэс нь эвгүйрхээд суусан газраа “сур харвасан” сурагтай. Түүнээс болж хамт байсан хүмүүсийг өөр өрөөнд хийх, өрөөг нь цэвэрлэх гээд их ажилтай хоносон гэдгийг шөнийн ээлжинд хоносон цагдаа нар хэлж байв. Хэргийн эзэн өөрийгөө ч угаах чадваргүй үүр цайлгасан гэнэ.
ХӨЛ НҮЦГЭН ЭМЭГТЭЙ ҮҮРЭЭР ИРСЭН
Үүний дараа Баянгол дүүрэгт байрлах эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх газар луу очлоо. Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх гэхэд эрчүүд байдаг газраасаа дээрдэх юм алга. Нөгөөх элдэв янзын үнэр хамар цоргин үнэртэх аж. Мөн согтсон эмэгтэйчүүд эрчүүдээс долоон дор гэнэ. Цагдаа нарын үгэнд орно гэж үгүй. Хоорондоо зодолдон бие биенийгээ үсдэж, маажаад болдоггүй аж. Шөнөжин “Ус ууя, бие засмаар байна. Би гармаар байна” гээд л чангаар уйлаад ер унтдаггүй гэнэ. Үүр цайх үед ирсэн нэг эмэгтэй байв. Тэр хөл нүцгэн гэрээсээ гараад явж байхад нь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар энд авчирсан байна. Хар тирко, фодболкатай хөл нүцгэн зогсох түүнээс гэрийн хаягаа хэлэхийг шаардан, холбогдох утас асуухад” Байхгүй. Би өөрөө гэр лүүгээ явна” хэмээн зөрүүдлэх аж. Архи нь гараагүй учир өдөр дунд гаргахаар дараагийн ээлжиндээ хүлээлгэж өгсөн юм. Тус газар 12 эмэгтэй эрүүлжүүлэгдсэн гэнэ.
АРХИНЫ КОМПАНИУД ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЖ БАЙНА
Олон улсын хэмжээнд манай улс “Архинд живсэн монгол” хэмээн яригдах хэмжээнд хүрчээ. Учир нь архи, согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа компаниуд өнгөрсөн жил нэг иргэнд 40 литр архи ногдох хэмжээний архи үйлдвэрлэсэн гэсэн албан ёсны тоо байдаг. Дээрх тоо бол зөвхөн дотоодод үйлдвэрлэж байгаа архины хэмжээ. Харин гадаадаас оруулж ирж буй архины хэмжээ дээрх тоон дээр хэд дахин нэмэгдэх нь ойлгомжтой. Архинаас болж үндэсний аюулгүй байдал алдагдах болов. Мөн гэмт хэргийн гаралт ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Бусад орон жилд нэг иргэнд 20 литр ногдох архи үйлдвэрлэх юм бол үндэсний аюулгүй байдал алдагдаж байна гэж үздэг. Гэтэл манай улс нэг дахин нэмэгдсэн хэмжээгээр үйлдвэрлэж байна. Үүнээс үзэхэд манай улсын үндэсний аюулгүй байдал одоогоос таван жилийн өмнө алдагдсан гэж болно. Архи үйлдвэрлэж байгаа компаниуд татвараа сайн өгч байгаа хэмээн холбогдох газрын мэргэжилтнүүд ам мэдэн хэлж сууна. Үнэн хэрэгтээ бол архи үйлдвэрлэж байгаа аж, ахуйн нэгжүүд хуулийг гууль болгож, татвараас зайлс хийгээд олон жилийн нүүр үзэж байна гэж хэлж болно. Тухайлбал, согтууруулах ундаа үйлдвэрлэж буй компаниуд эрүүл мэндийн салбарт олсон ашгийн нэг хувийг татвар болгон өгөх ёстой гэсэн хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл нэг шил архи зарлаа гэж бодоход нэг хувийг татварт өгөх аж. Үүгээр манай улс архинд орсон иргэд болон архитай холбоотой зүйлд зарцуулах ёстой. Гэвч архи үйлдвэрлэж байгаа бүх компани өгөхгүй байгаа гэдгийг холбогдох газрын мэргэжилтнүүд хэлж байна. Дүүргүүдийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны өглөөний амьдрал иймэрхүү дүр зурагтай байх аж. Шартсан, нүдээ булуу болтол цохиулсан, ар гэртээ агсам тавьж, хайртай хүмүүсээ гомдоосон “бүрзгэр” эрс толгой гудайлган, гэмшсэн дүр гарган гарч одсон ч тэдний багагүй хувь нь эргэж ирдэг гэнэ. Энэ нь монгол залуусын өнөөгийн дүр төрх болоод багагүй хугацаа өнгөрчээ. “Бүрзгэр” эрс орчлонгийн нэгэн шинэ өглөөг ийнхүү угтах аж. Шилтэй цэнхэрээ гэж…
Э.ХҮРЭЛБААТАР
URL: