“H&M” КОМПАНИ ДАХИН ДУУЛИАНД ХОЛБОГДЖЭЭ
ЛОНДОН. /ТАСС/. Дэлхийн олон улс оронд бэлэн хувцасны сүлжээ дэлгүүрүүдтэй Шведийн томоохон компаниудын нэг “H&M” компани лалын шашинтнуудаас олон гомдол хүлээн авсны эцэст лангуунуудаасаа хүүхдийн оймсуудыг хураан авчээ. Учир нь тус бараан дээр нэхсэн дүрсийг нөгөө талаар нь эргүүлж харвал “Аллах” гэсэн бичиг байсныг гярхай худалдан авагчид анзаарсан байна.
Оймсон дээр “Лего” угсардаг тоглоомоор бүтээсэн доргиот алх барьсан барилгачинг дүрслэн нэхсэн байжээ. Доргиот алхны хошуунаас гарч буй хээ нь “сэжиг” бүхий дүрслэл байсан аж.
Харин “H&M” компанийн зүгээс энэ давхцлыг жинхэнэ тохиолдол гэж үзэж байгаагаа батлан илэрхийлжээ. “Аллах” гэдэг араб үгтэй адилхан хээ оймсон дээр дүрслэгдсэн байгаа нь тохиолдол юм. Гэсэн хэдий ч худалдан авагчдаас гомдол хүлээн аваад байсан учир бид тус барааны борлуулалтыг зогсоохоор шийдлээ” гэж тус компанийн албан ёсны төлөөлөгч Петр Бушингер мэдэгджээ.
Үүний өмнө тус компани өөр нэгэн дуулиан тариад байсан билээ. Тэд таван настай хар арьст хүүд “Ширэнгэн ойн хамгийн догь сармагчин” гэсэн бичигтэй малгайтай цамц өмсгөсөн зургийг сурталчилгааны зурагт хуудастаа ашигласан нь тус компанийн нэр хүндэд муугаар нөлөөлсөн юм. Сармагчны тухай дурдсан уг бичгийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, доромжилсон хэмээн африк гаралтай зарим хүн үзэж байсан юм.
Э. Аянзаяа
URL: