ИМПОРТЫН АВТОМАШИНЫ БҮРТГЭЛИЙГ ЗӨВХӨН “АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОР”-Т ХИЙНЭ

p1c55td53513c24nv199t1as11hu63

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаархи мэдээлэлтэй танилцаж, импортын автомашины бүртгэлийг зөвхөн уг цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгав.

Мөн Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх, Сонсголон өртөөнөөс цогцолбор хүртэл 2.5 км төмөр замыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах боломжийг судалж шийдвэрлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг үүрэг болгов.

Цогцолборыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоход шаардагдах хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх болсон байна. Авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг хрёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т ажиллуулж эхлэхээр боллоо.

“Авто худалдааны цогцолбор”-т 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч, эсвэл талбай түрээслэж байна.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар адилхан хүчин чадалтай сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, эрүүл мэндийн төвийн барилгыг нэг ижил маягийн зургаар барихыг Төсвийн бүх ерөнхийлөн захирагчид Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгов. Энэ нь ижил хүчин чадалтай нэг сургуулийн барилга барихад шаардагдах хөрөнгө аймаг бүрт харилцан адилгүй, хэт зөрүүтэй байдаг зохисгүй байдлыг халах зорилготой юм. Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх 636 төслийн 275 нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт, 50 нь эрүүл мэнд, үлдсэн нь дэд бүтэц болон бусад салбарт байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих