БУУРАЛ ТҮҮХЭЭ БУРТАГЛАСАН БУЛШ, ХИРГИСҮҮР ТОНОГЧДЫН БАЛАГ
-Хөвсгөлд нэг доор 10 гаруй булш тоносон хэрэг гарсан ч цагдаагийнхан хаажээ-
Буурал түүхийн улбаа болж үлдсэн эртний булш, хиргисүүр манай орны өнцөг булан бүрт бий гээд хэлчихэд хилсэдхгүй . Өвөг, ээдсийн цогцсыг оршшож онголсон тэдгээр газрын өнөөдөр хэн дуртай нь онгичиж, хэдэн яс гарвал тарааж чулуудчихаад, аль эрдэнэсийг нь авч ашиг хонжоо олох гэж улайрч байна. Ингэснээрээ эх түүхээ буртаглан баллуурдаж, ирээдүй хойчдоо Монголын түүхийн баримт гэж ийм зүйл байдаг юм гээд үзүүлэх эд өлгийгүй болгож буй. Харамсалтай нь, мөнгө цагаан нүд улаан болсон өнөө цагтт түүх соёлын өвийг утсгаж байгаа ойшоох газар алга. Хэдэн археологич, түүхч л булш, хиргисүүр тонож байгаад анхаарлаа хандуулаач ээ хэмээн төрзасаг орон нутаг холбогдох газруудад нь ханддаг ч хад мөргөсөнтэй адил үр дүнд хүрэхгүй байсаар. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет өв гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлэхээр хуульчилсан. Уг хуулийн тавдугаар зүйлд “Дараах соёлын биет өвийг өмчийн хаэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна” хэмээжээ. Түүн дотор эртний ургамал, амьтаны чулуужсан олдворт газар, хадны зураг, бичээс булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитеттурын дурсгал, хөшөө дургсгал гэх зэрээр олон зүйлийг багтаасан юм.
Хуулиар ийнхүү хамгаалахаар тусгачихаад байхад амьдралд дээр хэрэгжиж буй нь үгүй. Соёлын биет өв бол тухайн улс үнэстний овун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах түүх, соёл урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой эд өлгийн зүйл төдийгүй хүн төрлөхтнийт үүх, соёл иргэншлийн баримтат гэрч болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгэхээр блуш, хиргисүүр гэдэг бол монгол түмний эртнээс нааш оршин тогтнож ирсэн түүхийн баримтат гэрч учраас төрийн хмагаалалтад байхёстой. Дээрх хуулийн 30.1-д “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гэж заасан ч хууль бус малтлагаар олсон эд өлгийн зүйлийг иргэд хоорондоо арилжаалж, дэлгүүр, музей нээх, заримыг нь хил давуулан наймаалцаж байгаа нь хууль хэрэгжихгүй байгаагийн тод илрэл гэлтэй.
ЦОЛ НЭМЭХЭД НЬ ХӨШҮҮРЭГ БОЛДОГГҮЙ УЧРААС ЦАГДААГИЙНХАН ҮЛ ОЙШООДОГ
Монгол Улсын нутаг дэвсгэр Төв Азийн эртний нүүдэлчдийн соёл иргэншлийн төв учир археологийн дурсгал арвин. Дийлэнхийг нь оршуулгын дурсгал буюу булш, хиргисүүр эзэлж байгаа. Нүүдэлчдийн оршуулгын дурсгалын дийлэнх нь газрын нүнд байх ба өнгөн хөрсөн дээрээ чулуун байгууламжтай хэмээн “Булш хиргисүүрийн дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” гэсэн илтгэлдээ ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, професссор Ц.Төрбат, докторант Ч.Ерөөл-Эрдэнэ нар бичжээ.
Эрт цагт бие биедээ дайтсан овог аймгууд өрсөлдөгчийнхөө өвөг дээдшийн блуш, оршуулгыг нь сүйтгэж доромжилдог байж. Харин өнөө цагт ашиг олохын төлөө булш, хиргисүүрийг хайр найргүй устгаж, түүхийн ул мөрийг баллаж байгаа билээ. Магадгүй энэ нь олон зуу, мянган жилийн шаштиртай Хүннү гүрэн, Их Монгол Улсын түүхийг гуйвуулахад хялбар болгох нэг арга, харь гүрний бодлого ч байхыг үгүйсгэхгүй. ЗХУ-ын нөлөөн доор 1990-ээд оноос өмнхөх 70 жилд Монголын түүхийг яаж баллуурдсан билээ дээ. Түүн шиг эртний түүхийн минь эх сурвалжийг арилгаж, өөрчлөн бичээд улс үндэстнийминь дархлааг үгүй хийх гэсэн оролдлого ч бай ж болзошгүй шүү дээ.
Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээний ийм хэргийг цагдаагийнхан шалгаж, шийдвэрлэлгүй, тэгсхийгээд хаачихдаг нь харамсалтай. Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг илрүүлж, шалгаж шийдвэрлэсэн ч удирдоага нт онц хүнд, ноцтой хэрэг илрүүлсэнтэй адил үнэлдэггүй, цол нэмэхэд хөшүүрэг болдоггүй учраас үл ойшоодог гэж үзэх хүн цөөгүй бий. Зарим сумын хэсгийн төлөөлөгч нь булш хиргисүүр ухаж тоносон хүмүүсийн тухай мэдээлэл авч, хэн хийснийг нь тогтоодог ч нутгийн иргэдтэйгээ өс өвөрлөөд яах вэ хэмээн хэрэг үүсгэн шалгаддаггүй гэсэн. Уг нь өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг оруулж хуульчилсан. Түүнд тусгаснаар түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан юм.Гэвч цагдаа, прокурорынхон хууль хэрэгжүүлээгүй тохиолдол гарчээ.
Хөвсгөл аймгийн нутаг, Улаан тайгад нэг доор байх олон тооны (албан бус мэдээллээр 10 гаруй) булш, хиргисүүр сүйтгэсэн хэрэг өнгөрсөн оны арвадгураарсард гарч, цагдаагийнханд мэдээлэл очсон аж. Тус аймгийн Цагдаагийн газрынхан мэдээллийн дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэнэ. Хэрэгсэхгүй болгосон шалтгааныхаа талаар цагдаагийнхан тайлбарлахдаа “Тэдгээр булшнаас чухам ямар зүйлс гарсныг тогтоох боломжгүй учраас хэргийг хаасан” гэсэн юм.
Уг нь цагдаагийн байгууллага Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгж байгуулахаар ярьж байсан нь саяхан. Харамсалтай нт ажил хэрэг болоогүй л байна. Бодвол нөгөө л төсөв санхүүгийн хүндрэл гэх амны уншлага болсон үгээрээ хаацайлаад үүнд санаа тавихгүй байгаа болов уу.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ТҮҮХИЙН ДУРСГАЛЫГ СҮЙТГЭЖ БАЙНА
Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, уул уурхайн ашиглалт, олборлолт нэрээр энд тэндгүй газар сэндийчих болсон. Үүний золиосонд хэчнээн булш, хиргисүүр, дурсгал сүйдсэнийг тогтоох боломж үнэндээ алга. “Алт” хөтөлбөрийн хүрээнд зах замбараагүй үйл ажиллагаа явуулсан уурхайнхан соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг манлайлна. Уг нь хуульд үйл ажиллагаа явуулах талбайд нь булш, хиргисүүр, түүх соёлын дурсгал байвал авран хамгаалах, судалгаа шинжилгээ хийлгэхээр тусгасан байдаг ч мөнгөөр бүхнийг шийдэж болно гэдэг уурхайн эзэд энэ заалтыг огт хайхраагүй. Тиймдээ олон зуугаар тоологдох дурсгал сүйтгэсэн. Тухайлбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэнд буй баримтад “Төв аймгийн Заамар сумын нутаг Заамарын гүүрнээс Дархан-Уул аймаг хүртэлх олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад, дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн ажил явуулж эртний дурсгалуудыг бүрмөсөн устгасан. 2000 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн аманд ажиллаж байсан “Эрэл” компанийн алтны уурхайн ашиглалтын талбайгаас хэдий үед хамаарах нь тодорхойгүй хэд хэдэн хүний яс гарсан. 20 км урт, 3-5 км өргөн уг талбайг бульдозероор тэгшлэхдээ тэдгээр дурсгалыг тэр гэхийн тэмдэггүй болтол сүйтгэж, ямар ч баримтгүй болгосон байна.
2002 оны долоо, наймдугаар сард Мянганы замын ажил гүйцэтгэж байсан БНХАУ-ын зам, гүүр, барилгын компани Дашинчилэн сумын нутаг Чинтолгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэр газарт тэсэлгээ хийж, эксковатораар ухаж барилга байгууламжийн ул мөр бүхий газрыг сүйтгэсэн” хэмээн дурджээ. Энэ мэтийн баримтыг үргэлжлүүлэн дурдаж болох юм билээ.
Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлд палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгохыг хориглохоор заасан. Ингэж хуульчилсан хэдий ч аж ахуйн нэг жүүд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, палеонтологийн дурсгалыг авран хамгаалагч мэргэжлийн хүмүүст гаргах хөрөнгөндөө гар татдагаас түүх соёлын дурсгалд халдах тохиолдол байсаар.
БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУД ХАДНЫ ОРШУУЛГЫГ ЗАРНА ГЭЖЭЭ
Эртний эдлэл, түүх соёлын дурсгалт зүйл өндөр үнээр авна гэдэг зар байнга зурагтаар гардаг. Үүний цаана янз бүрийн бодлого явж байж ч мэдэх. Сүүлийн жилүүдэд булш хиргисүүр тонож, дотроос нь занданшуулсан шарил, оршуулга гарган арилжихыг завдсан тохиолдол нэг бус удаа гарч байна. Архангай аймгийн Цахир сумаас цорж лам Санжжавын занданшуулсан шарилыг ухан, хотод авчран худалдах гэж байсан хэрэг нэг хэсэг дуулиан тарьсан. Тэгвэл алс Баян-Өлгийд хадны оршуулгыг зах дээр байгаа юм шиг зарахыг оролдсон тохиолдол гарсныг археологичид, судлаачид баталж байна. Баян-Өлгийнхөн түүхийн дурсгалыг устгасан тохиолдол нэг бус гэнэ. Тус аймгийн Цэнгэл сумын Могойн голд хасгуудын оршуулгын газар байгуулахдаа хүрэл зэвсгийн үеийн том хиргисүүрийг сүйтгэсэн гэнэ. Мөн VIVIII зууны үеийн хүн чулууг хугалан авч сумын оршуулгын хэрмийн хаалгыг дарж тавьсан байжээ.
“Адидас”-тай эмэгтэйн шарил гэж нэг хэвлэлд бичиж байсан хадны оршуулгын дурсгал Алтайн уулсаас олдсон байдаг. Яг түүн шиг оршуулгыг Баян-Өлгийн казахууд олсон гэх мэдээллийг Археологи, палеонтологийн дурсгалыг авран хамгаалагч нар авчээ. Алтайн барагшун түүх нэрээр уул хадаар тэнэж яваад иргэд хадны ийм оршуулга олох тохиолдол мэр сэр гарч байгаа аж. Ингээд бөөн зардал чирэгдэл болж, арайхийж очтол олсон хүмүүс нь “Мөнгө өг. Зарна. Эсвэл төрөөс одон медалиар шагна” гээд халгаахгүй байжээ. Гэтэл нөгөө авран хамгаалагч нарт ямар ч төсөв хөрөнгө байхгүй учраас хий дэмий л шогширсоор хоцорсон гэх. Энэ мэтээр түүх, соёлын өвийг авран хамгаалах үйл ажиллагаа явуулах ёстой мэргэжлийн хүмүүс нь хөрөнгө мөнгөгүйн улмаас ажлаа зохих ёсоор хийхэд бэрхшээл тулгардаг аж.
Гэтэл тонуулчид гадаадын өндөр үнэтэй металл хайгч төхөөрөмжөөр “зэвсэглэн” булш, хиргисүүр болгоныг тандаж явна. Түүгээр ч зогсохгүй туулах чадвар сайтай “Фургон”, “Ланд круйзер”-ийг тоноглон булш хиргисүүрийг 4-5 цагийн дотор тоноод явчихдаг болжээ. Дээр дурдсан, Хөвсгөлийн Улаан тайгад эртний булш хиргисүүр тоносон хэргээс харахад тонуулчид ихэд мэргэшсэн байгаа гэнэ. Оршуулгын толгой хэсгийн шороог ухаж, машиндаа бэхэлсэн тусгай татлагаар таг чулууг нь татаад дотор нь байх эд зүйлсийг нь тоночихсон байж. Тонуулчид дунд археологи, палеонтологийн чиглэлээр номын дуу сонссон залуус ч байх магадлалтайг мэргэжлийн хүмүүс хэлнэ лээ. Уг нь манай улсын нутаг дэвсгэрт археологийн малтлага, ялангуяа булш, хиргисүүрийн дурсгалыг судлах зөвшөөрлийг БСШУСЯ-ны тусгай комиссоос олгодог юм билээ. Харин тонуулчид ямар ч зөвшөөрөлгүй явдаг нь ойлгомжтой. Тиймээс нутгийн иргэд түүх, соёлын дурсгалаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд сонор соргог байж, тусгай зөвшөөрөлтэй, эсэхийг нягтлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй нэг хэлбэр. Харин төрийн байгууллагууд уялдаа тай ажиллаж маш яаралтай булш, хиргисүүрийн дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх шаардлагатай болжээ. Хэрэв ингэхгүй бол бид түүхийн баримт гээд гаргаад ирэх дурсгалгүй болоход ойрхон байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL: