АРД ТҮМНИЙ БУХИМДАЛ АРДЧИЛСАН НАМЫГ БАЯРЛУУЛАВ УУ

1ik8g9odvr4ivepmvfoeiv8jb2_bУншигч танд онигоо ярьж өгий. Товчхондоо “Ардчилсан нам ард түмний эрх ашгийг хамгаална”… Энэ бол улс төрийн богино, бас утга төгөлдөр онигоо. Учир нь, Ардчилсан намыг эрх барьж байх 2012-2016 оны хооронд Монгол Улсын эдийн засгийн өсөлт -1.6 хувьд хүртлээ унаж, лидерүүдийнх нь зөрчил Засгийн газраа огцруулж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүрэгтэй байгуулагдсан “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөр нягтлан нь зуу, зуун гутал авч, захирал нь тэрбум тэрбумаар нь мөнгө шамшигдуулсан хэргээр ял авч байсан юм. Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Евро бондын 580 сая долларын санхүүжилтийн үр шимийг ард түмэн гэхээс илүүтэй АН-ын лидерүүд хүртэж, тэрхүү бялуунаасаа болж би чи-дээ хүрч, ам.долларын ханш түүхэндээ анх удаа 2000 төгрөг давж байлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын “Ростех” компанийн мэдэлд байсан 49 хувиас Ч.Сайханбилэгийн Засгийн газар татгалзаж, хувийн хэвшилд юуны учир шилжүүлэх болсон бэ.
Үүнийгээ яагаад УИХ-аар хэлэлцүүлээгүй вэ. Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулагдах ёстой 280 сая ам.доллар нь дуусчихаад байхад яагаад төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй болчихов гээд үргэлжлүүлээд бичээд байвал, бичээд байхаар сэдэв ч, баримт ч, мэдээлэл ч, бүр цаашлаад сэжиг таамаг ч олон бий. Харамсалтай нь, энэ бол бодит үнэн.

Үнэнийг улстөрчид өөрөөр тайлбарлаж болох ч цаг хугацаа үнэнийг устгаж, арилгаж эс бол баллуурдаж болдоггүй гэдгийн нотолгоо нь дээрх бодит дүр зураг. Ийм л учраас “Ардчилсан нам ард түмний эрх ашгийг хамгаална” гэдэг нь өөрөө онигоо юм. Гэхдээ элэг хөшихөөс илүүтэй эгдүүцэж бухимдмаар, элэглэж доромжлуулсандаа хэлэх үггүй болтлоо гайхишран харж буй тийм л бодлоос үүдэлтэй онигоо.
Гол нь тэд эрх барих хугацаандаа намынхаа түүхэнд, хувь улстөрчдийнхөө намтарт улс орноороо ингэж тоглосон хар толбо үлдээсэн хэрнээ ирэх сарын 1-нээс эхлэн ард түмний эрх ашгийг хамгаалж улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна гэнэ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Бид эрх баригчдыг ойлгож, ажлыг нь хийлгэх гэж хичээлээ. Дуугүй байж үзлээ. Гэтэл амлалтаа мартаж, эргэж буцсан олон шийдвэр гаргасан. Ийм нөхцөл байдалд бид ард түмнийхээ талд гарч дуугарна. Аливаад хязгаар, тэсвэр гэж бий. Тиймээс ард түмэнтэйгээ тултал тэмцэнэ. Өөр арга байхгүй. УИХ, Засгийн газраас дорвитой шийдвэр гаргуулахын тулд аж ахуйн нэгжүүд, ард түмэн, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад хандана. Өргөн хүрээг хамарч зөвийн төлөө тэмцэхээр шийдсэн. Шаардлагын хариуг өгөхгүй бол хоёрдугаар сарын 1-нд ард иргэд, аж ахуйн нэгж, үйлдвэрчний эвлэлийн холбоодтой хамтарч улс орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Үүнээс өмнө төр, засаг алдаатай шийдвэрүүдээ эргэн харах хэрэгтэй. Бид нар ард түмэнтэйгээ хамт тултал нь тэмцэнэ” хэмээн өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлалаа. УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон АН-аас тус тусдаа хүч нэмэн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд хийгээд МАН-ын дарга У.Хүрэлсүхэд мэдэгдэл хүргүүлсэнд нь хариу өгөөгүй байгаа учраас ийн ард түмнийг турхирахаар шийдсэн бололтой.
Үүнийг гэрчилж өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээгээр “Ядарч явна уу, анд минь. Бензиний үнэ өссөнөөс үүдээд өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө. Өөрөөсөө харамлан босгосон амьдрал чинь өеөдөөд унахад бэлэн байна. Зүгээр суусаар л байх уу. Авдаг цалингаас чинь шулдаг татварууд өсөөд байдаг. Шулганан өсөх үрдээ шинэ хувцас ч авч өгч чадахгүй л байгаа биз дээ. Зүгээр суусаар л байх уу. Тэтгэврийн насыг ухраачихлаа. Чи тэтгэвэрт гартлаа тэсч үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байна уу. Зүгээр суусаар л байх уу. Эрх мэдэлтнүүд 380.000.000-ийн үнэтэй Лексус хөлөглөж байхад иргэн бид автобусандаа чихцэлдэн зорчсоор л байх уу. Зүгээр суусаар байх уу. Дарлагдаж ханалаа анд минь сэр, бос, тэмц…” гэсэн уриалга идэвхжив. Давхар хоёрдугаар сарын 1-нд жагсана шүү, босно шүү гэдэг өдрийн товыг ч орхигдуулсангүй.
Мэдээж МАН-ын хувьд тэдэнд ингэж өчигдрөө мартаж, өнөөдөртөө иргэнлэг болгож тэмцэх боломж, шалтгаан олгосон нь буруу. Татварын нэмэгдэл, шатахууны хомдсол, онцгой албан татварыг тэглэсэн зэрэгтэй холбоотой ард түмний бухимдал нэмэгдэж, Сүхбаатарын талбайд жагсаж цуглах дээрээ хүрсэн нь ч үнэн. Гэхдээ энэ бүх нөхцөл байдал, уруудал доройтол Ардчилсан намд ч, Монгол ардын намд ч давхар хаяглагдах алдаа дутагдлууд. Үр хүүхдээ “Тэнгэрээс уначихаагүй шүү, чи” гэж ээж, аавуудын зэмлэдэгтэй адилхан Ардчилсан нам Монголын эдийн засгийн хямралаас хол зугтах аргагүй. Тэд хариуцлагагүй ажилласан учраас монголчууд УИХ-ын 2016 оны сонгуульд намаас нь саналаа харамалсан. Нэр дэвшигчдээс нь итгэлээ булааж авсан. Ийм байхад ядарсан иргэдийн, ард түмний бухимдлыг ашиглаж, нийгмийн эмх замбараагүй байдлыг дэвэргэх, эмх замбараагүй байдалд уриалах нь зөв үү гэдэгт асуудлын гол нь байгаа юм.
Гол нь тэд, ард түмний бухимдлыг өнөөдөр өөрсдийнхөө талд эргүүлж, өөрсөддөө ирээдүйн ялалт болгож авахын тулд ийнхүү уриалж байна. Тэд худалч хүнд ард түмний бухимдалд баярлаж, УИХ-ын 2020 оны сонгуулийг угтсан улс төрөө идэвхжүүлж байна. Тиймээс ч Засгийн газрын бүтцийг хадгалсан Үндэсний бодлогын зөвлөл гэгчийг байгуулж, намынхаа гишүүдийн татварыг 1200 төгрөгнөөс 12 мянган төгрөг болгон арав дахин нэмж чадлаа. Ядарсан гишүүдийнхээ итгэл, сэтгэлийг УИХ-ын болон Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулиар ашиглаад хаядаг тэр жишгээ өөрчилж дөнгөхгүй атлаа татвараа нэмж байна. Ингэхдээ “Татвараа төлөхгүй бол саналын эрхгүй сул гишүүн болно” хэмээн дарамталж эхэллээ. 170 мянгаар тоологдох гишүүдийнх нь ердөө 20 хүрэхгүй хүн нь өнгөрсөн 30 орчим жилийн турш Монголын төрийн шийдвэр гаргах эрх мэдэл, тушаал буулгах зэрэг зиндаа, хөрөнгөжин бэлжих боломж бололцоон дээр зайдалсан тэр л жишгээрээ 2020 оныг угтан, ялалтын дуу аялж эхэллээ. Ийм байхад Ардчилсан намын хуруу дараад тоолоход 20  хүрэхгүй лидерийн төлөө Монгол Улсын гурван сая иргэн эсэргүүцлийн жагсаалд нэгдэх нь зөв үү. Сүхбаатарын талбайд тэдний төлөө уйлж дуулж, өлсөж, зангаж явсан партизануудын олонх нь “Ардчилсан намын ойн медаль” ч хүртэх эрхгүй намынхаа гомдлыг нийгмийн гомдол болгон шартаж, шарахлсаар өдөр хоногийг туулж байхад шүү дээ. Ийм л учраас “Ардчилсан нам ард түмний эрх ашгийг хамгаална” гэсэн онигоондоо инээж ч чадахгүй, уйлж ч чадахгүй сууж байгаа Монголын ард түмэн Ардчилсан намын 20 хүрэхгүй лидерүүдэд ямар өртэй юм бэ гэж асууя. Эдэнд ингэж тэмцсэн болж олныг турхирах боломжийг нь олгосон, олгож байгаа МАН-ын лидерүүдээс ч давхар хариултыг нь нэхье. Тэд бол бид, бид бол тэд биш гэсэн ялгарал олон нийт хийгээд улстөрчдийн дунд нам харгалзахгүй бий болсон болохоор шүү дээ.

 

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих