Гудамжны хүүхдүүд хаачив
2000-2010 аад он хүртэл гудамжны золбин гэх тодотголтой хүүхдүүд хаа сайгүй хэсүүчилдэг байсан ч жил ирэх тусам эдгээр хүүхдүүд харагдах нь багассаар сураг алдарсан гэхэд болно. Тэгвэл эдгээр хүүхдүүд хаачив гэх асуулт урган гарч ирж байгаа биз. Манай төр засгийнхан ажлаа хийж эдгээр хүүхдүүдийг хараа хяналтандаа авч асран хамгаалж байгаа гэж үү. Үүнд итгэхэд бас л бэрх юм. Хараа хяналтгүй гэр бүлээсээ дайжиж гудамжинд гарсан хүүхдүүдийн асуудлыг шийдэх нь бүү хэл, өдөр бүр шахуу гарах болсон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж гэр бүлийн хүчирхийлэлд өртөх хүүхдүүдийн тоог бууруулж чадахгүй өдийг хүрсэн билээ. Тиймээс ч гудамжинд гарах хүүхдийн тоо ч бас буурахгүй байсан нь ч дээрх шалтгаантай холбоотой юм. Тэгвэл эдгээр хүүхдүүд газрын гаваар орсон мэт гэв гэнэт алга болж цөөрөх болсон нь ямар учиртай юм бол. Үүгээр ч тогтохгүй сүүлийн үед эцэг эхийнхээ хараа хяналтанд байдаг хүүхдүүд ч мэр сэр алга болох болсон билээ. Хамгийн сүүлд гэхэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болоод өдийг болтол олдоогүй байгаа билээ.
Охиныг орон даяар эрэн хайж байгаа төдийгүй Замын-Үүд сум, зэргэлдээ сумын нутгаар, нутгийн иргэд, цагдаа, тусгай, онцгой байдлын албан хаагч зэрэг нийт 500 гаруй хүн хайж эрлийн үйл ажиллагаа явуулсан ч охины талаар сураг гаргаж чадаагүй.
“Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Н.Ганбадрал “2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны пүрэв гаригийн 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охиныг алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн мэдээлэл авсан даруйдаа охиныг байж болзошгүй газруудаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Ингээд тодорхой сураг гараагүй учраас тухайн өдрийн 21:00 цагт яаралтай арга хэмжээ авч, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн, ард иргэд зэрэг 250 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэлд гарч гурван өдөр ажилласан.
Улмаар Замын-Үүд сумын онцгой байдлын комиссын шийдвэрээр дахин хүн хүч техник хэрэгслээ нэмж, 72 техник хэрэгсэл 510 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр эрж хайх ажиллагаа явуулж Замын-Үүд сумын нэгээс тавдугаар багийн нутаг дэвсгэр дээгүүр дрон нисгэх, төмөр зам, авто замын чиглэлээр эрж хайх, охины гэр бүлийн ах, дүү хамаатан садныг шалгах зэрэг ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдэж байсан” гэвч өдийг болтол охины талаар сураг ажиг гаралгүй байсаар эрлийн үйл ажиллагаа мухардах тийшээгээ хандаж энэ талаар ч ард түмний дунд мартагдах болсон нь харамсалтай. Хэдийгээр эрэл сураг тавьж охиныг хайж байгаа нь сайн мэдээ боловч өдийг болтол ор сураггүй алга болсон хүүхдүүдийн тоо хэд хүрч тэднээс хичнээн нь эцэг эх гэр бүлтэйгээ эсэн мэнд уулзаж чадсан бол гэж бодохоос аймшигтай. Саяхан урд хөршид маань хүүхэд наймаалдаг этгээдүүд үйлдэл дээрээ баригдаж байгаа тухай бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Хүйтэн мөсөн дунд хүүхдийн хөрсөн цогцос хэвтэхийг харахад л зүрх зүсэгдэж байсныг хэлэхэд юун. Тийм аймшигтай хувь тавиланг энхрий бяцхан үрс минь амсаж байгаа юм биш биз хэмээх нууцхан хар төрж байсныг нуух юун. Дэлхий дахиныг айлгах болсон хүний наймаа болон эд эрхтний наймааны хохирогчид нь ихэвчлэн татлаа түтлээгүй хүмүүс байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд эл хэргийн хохирогчид нь биеэ хамгаалах чадвар охид бүсгүйчүүд болон хараа хяналтгүй хүүхдүүд ихээр өртөх болсон нь үнэхээр харамсалтай. Тиймээс сүүлийн хэдэн жилүүдэд ор сураггүй алга болох болсон гудамжны гэх тодотголтой тэдгээр хүүхдүүд ч эл хэргийн золиос болоогүй гэх баталгаа байхгүй байгаа нь эмэгнэлтэй. Тэдгээр хүүхдүүдээс сэтгүүлчид удаа дараалан асууж тодруулахад тэдгээр хүүхдүүд “том том хар машинтай ах нар хоол авч өгье, гоё юм авч өгье гээд дагуулаад явдаг тэднээс нэг нь ч буцаж ирдэггүй” хэмээн айсан шинжтэй нүд нь бүлтгэнэн хариулж байсан тэр царай тэр л харцыг одоо ч би тодхон санаж байна. Тэдгээр хүүхдүүдийн харуулсанчлан манай улсад хүний наймаа газар авчихсан байх вий гэхээс эмээнэ. Иймийн учир эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж аль болох хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг хичээх хэрэгтэй болов уу хэмээн анхааруулахад илүүдэх юун.
URL: