Хүннү гүрэн Монголчуудын өвөг дээдэс байсан гэх хангалттай олон нотлох баримт олджээ

-Хүннүгийн ариун булшийг малтаж дуусчээ-

Улаанбаатар Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн декан, доктор профессор Д.Эрдэнэбаатар тэргүүтэй эрдэмтэн судлаачдын баг, багш нар, оюутан залуус, инженер техникийн ажилтнууд гээд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамт олон Архангай аймгийн нутагт судалгаа хийж түүхийн нэн үнэт, урьд өмнө нь хэзээ ч олдож байгаагүй олдворуудыг нээн илрүүлсэн  байна.

Анх 2000 онд тус сургуулийн Археологийн тэнхим Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Балгасын тал хэмээх газарт орших Гол мод-2 нэртэй Хүннүгийн хаадын булш бүхий газрыг шинээр нээн илрүүлж байжээ. Эдгээр булш бунхан нь тус аймгийн Хайрхан сумын Хүнүй голын хөндийд илэрсэн Гол модны Хүннүгийн язгууртны булштай ижил байсан тул ялгахын тулд Гол мод-2 хэмээн нэрлэсэн байна. Гол мод-2 хэмээх тэрхүү газарт 200 гаруй булшийг тэмдэглэжээ.

Малталтын үед язгууртны нэгдүгээр булшны ойр орчимд нийт 30 дагуул булшийг илрүүлсэн байна. Үүний тав нь хүүхдийн, бусад нь насанд хүрсэн хүнийх байжээ.

Язгууртны бунханд малталт хийхэд дотоод зохион байгуулалт сонирхол татам онцлогтой байсан байна. Бунхны тахилын хэсгээс ваар, хүрэл тогоо, шилэн аяганы хагархайнууд гэх мэт сав суулга, бог бод малын яс, хүний гавлын яснууд, дунд чөмөг олджээ. Зарим олдворууд маш нарийн хэлбэр хийцтэй байсан бөгөөд гөрөөс, бар, луу зэрэг алт мөнгөөр цутгаж товойлгон хийсэн гоёл чимэглэл байсан байна.

Харамсалтай нь, тонуулчдын гарт зарим нь сүйтгэгдсэн байсан тул ойлгомжгүй зүйлс мөн байгаа аж. Булшны бас нэгэн онцлог бол чулуу, шороо үелүүлсэн давхаргатай байжээ. Мөн авсыг маш нарийн ялтсаар хээ гарган урлаж хүрлээр бүрсэн байдалтай байв.  Бас нэгэн булшнаас хүний эрүүний яс, дунд чөмөг, хөлний яснууд  мөн  шүр, шийдэм, угалз хээтэй  эсгий ширэн зүйлс, олджээ.

Билэгдлийн гэж хэлж болохоор маш нимгэн модоор хийсэн сүйх тэрэг, мөн 21 адууны толгой, аман хүзүү, шийр, бог малаар тахил үйлдсэн байдалтай олдсон байна. Бас нэгэн сонирхол татам олдворын тоонд Ромын эзэнт гүрний үеийн шилэн аяганы хагархайнууд, ваар сав, хүрэл толь олдсон байна.

Олдворуудыг цаашид лабораторийн нарийн шинжилгээнд оруулж хэзээ хэрэглэгдэж байсан хэний эд зүйлс вэ гэх нарийн зүйлсийг судлах юм байна.

Хүннү гүрэн монголчуудын өвөг дээдэс мөн биш гэдэг дээр олон улсад үргэлж маргаантай асуудал байсаар ирсэн. Гэвч Хүннү гүрэн яах аргагүй манай өвөг дээдэс байсан гэх нотлох баримт энэ малталтын үр дүнд олноороо олдсон байна. 2000 гаруй жилийн түүхтэй хүчирхэг гүрний гол цөмд манай улсын төв нь байсан нь тогтоогдсоны дээр булшнаас алт, мөнгө, хүрэл, төмөр, модон эдлэлүүд, язгууртан хүний яс, гоёл чимэглэл, булшинд тахилаар өргөсөн бог, бод малын яс, сүйх тэрэг,тамга зэрэг олон олдворууд олджээ.

Тус ажлыг “Женко тур Бюро” компани 100 хувь хөрөнгө оруулснаар Монголчууд анх удаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэн Хүннү гүрний язгууртны булшийг малтах ажил хийжээ.

Энэ дашрамд сонирхуулахад, Төв Азийн анхны төрт улс болох 2220 жилийн түүхтэй Хүннү гүрний анхны олдвор 1920-иод оны үед олдож байсан гэж ярьцгаадаг. Монгол эрдэмтэн судлаачид 2000 оноос хойш арваад жилийн хугацаанд Архангай аймгийн нутагт Хүннүгийн үеийн язгууртны булшинд малтлага хийж судалгаа шинжилгээний ажлаа явуулсаар ирсэн билээ.

А.Цацрал


URL:

Сэтгэгдэл бичих