Н.Золжаргалын Австри улсад авсан хувийн байшингын хөрөнгийн эх үүсвэрийг нягталж байна
Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран шалгаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна.
Анх ЭЦА-ны дээрх хэлтсийнхэн Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад удалгүй хамтарсан ажлын хэсэг байгуулсан ажээ. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн бөгөөд удалгүй прокурорын тушаалаар тус алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид оролцсон хамтарсан ажлын хэсэг гаргасан байна.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Монгол банкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, санхүүгийн хэлцлүүдийн үр дүнд шалгалт хийх” ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн ийнхүү шалгаж эхэлсэн билээ. Албан бус мэдээллээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг санхүүжүүлсэн олон төсөл, арга хэмжээний үр дүн, дөрвөн их наяд шахам төгрөг хэвлэсэн зэрэг үйлдлийг өдгөө шалгаж буй. Мөн Хөгжлийн банкны “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монгол банк хяналт тавьж ажиллах ёстой ч үүргээ биелүүлээгүйгээс чанаргүй зээл их хэмжээгээр олгож, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн, дээрх бондуудын хөрөнгө гадаадаас ам.доллароор орж ирэхэд төгрөгт шилжүүлж дундаас нь шамшигдуулсан байх магадлалтай гэж сэжиглэж буй гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Гэвч энэ хэрэг замхарч болзошгүй гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа юм. Шалгалтын явц ямар байгааг АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тодруулхад “Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. Гадаадын байгууллагаас хариу хүлээж байна. Хэрэг замхрах вий гэсэн хардлага байгаа боловч тийм зүйл байхгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн хариулт өглөө.
Бидэнд олдсон мэдээллээр гадаадад явуулж буй ажиллагаа нь түүний Австри дахь хувийн байшинг ямар эх үүсвэрээр авсныг тогтоох ажиллагаа гэнэ. Эхнэр нь уг сууцанд амьдардаг бөгөөд уг байшинг Н.Золжаргалын ах, 1992 оны үед “Алт дилер”-ийн гэх хэрэгт холбогдож байсан Н.Жаргалсайхан нь авч өгсөн гэж тэрээр тайлбарлаж байгаа юм байна. Харин Н.Жаргалсайхантай ойр байдаг хүмүүс “Н.Золжаргал Монгол банкны Ерөнхийлөгч болсноос хойш бизнес нь асар их өргөжсөн” гэж ахыг нь харддаг юм билээ. Юутай ч Н.Золжаргалыг хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй гэж шалгаж буй үндэслэл нь түүний гадаад дахь үнэтэй сууц нь аж.
Түүнчлэн Н.Золжаргалыг шалгаж буй бас нэг үндэслэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахад Монгол банкнаас баталгаа гаргасан, санхүүжүүлсэн байж болзошгүй гэх хардлага юм. Энэ асуудал нь тогтоогдож буй, эсэхийг хэлэх хүн олдсонгүй, хууль сахиулах байгууллагынхан ихэд нууцалж байгаа юм байна. Эдгээр үйлдлээс гадна арилжааны банкуудад Монгол банкны зардал гэж тусгай данс нээж, “Маш нууц” гэсэн тамга дараад хэдэн тэрбум төгрөг шилжүүлсэн, Ипотекийн зээлийн хүүгийн тодорхой хувийг Төв банкны зардал хэмээн шилжүүлж улсад хохирол учруулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл цагдаагийнханд ирснийг ч нягталж буй юм билээ. “Маш нууц” гэх дардастай УИХ, Засгийн газрын тогтоол, болон Монгол банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал, шийдвэрийг хууль сахиулах байгууллагынхан хэр үндэслэлтэйг шалгаж, Төрийн ордонд ажиллаж байсан, эх сурвалжууд “Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад дараа нь Монгол банкинд албан тушаалд томилогдсон нэгэн эрхэм нууцлах шаардлагагүй тушаал, шийдвэрүүдийг нууцад хамааруулсан гэх мэдээлэл байдгийг нягтлахын тулд 2012-2016 оны үед гарсан тушаал, шийдвэр, тогтоолтой танилцаж байна” гэсэн юм.
Мөн түүнчлэн хууль хяналтын байгууллагынхан Н.Золжаргалыг гэм буруутай, эсэхийг нягталж байхад болсон үйл явдлыг мэдээлсэн өдөр тутмын нэгэн сонинг нэр төрд халдсан гэж шүүхэд өгч, ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа сонин асуудал байгаа ажээ.
Undesten.mn
URL: