АН-ынханд одоо жагсаал хийх сэдэв, сэдэл үлдсэн үү
Өчигдөр Ардын засаг, Ардчилсан нам хоёр зэрэгцэн 100 хоногдов. У.Хүрэлсүхийн засгийн газрын 100 хоног өвлийн адаг сарын энэ өдөр тохиож, хийсэн бүтээснээ ард түмэндээ тайлагнасан бол Ардчилсан намынхан тэр бүхнийг нь иргэдийн анхаарлаас холдуулж сарниулах бяцхан ажилагааг зэрэгцүүлэв. Ингэснээрээ АН-ынхан өнөөгийн эрх баригч улстөрийн хүчнийг илүү оноо авчих вий гэдгээс сүнсээ зайлтал айж явдагаа харуулчихлаа. Ерөнхийдөө бол өрсөлдөгчөө муу байвал сайн, муухай тусмаа сайхан гэсэн зарчмаар ханддагийн нэг жишээ энэ л дээ. Улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийг тэд ийм үед гаргаж, олз ололт нь юу байв, алдаа нь хаана байна, арга зам, боломж нь юу байна гэдэг дээр санаа оноогоо нэгтгэхийн оронд зүгээр л угтуулан улс төр хийж, буруутгах юмаа олж ядан бувтнав.
Сөрөг хүчин байна гэдэг сөрөхийн нэр бус нийтлэг эрх ашгийн төлөө санаа оноогоо нэгтгэж, оюунаа уралдуулж, үр бүтээлтэй хамтрахыг хэлдэг баймаар. Эх орны иргэний хувьд хэний нам байхаас үл хамааран улстөрч хүний оролцоо ийм байх учиртай баймаар. Ингэж харвал энэ намын улстөрийн соёл, төлөвшил хэр байгааг төвөггүйхэн тодотгож болмоор байна.
АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай тэргүүтний өчигдөр хийсэн хэвлэлийн хурал нэг иймэрхүү, тэрүүхэн тэндээ сэвэлзээд өнгөрөв.
Өчигдөр болсон 100 хоногийн ажлын мэдээллийн үеэр Ерөнхий сайд хүн амын орлогын албан татварыг нэг шатлалтай болгож 10 хувь руу эргүүлэн шилжүүлэх болсон, мөн иргэд өөрсдөө хүсвэл эр 60, эм 55 наснаас тэтгээрт гарах боломжтой боллоо гэдгийг мэдээлсэн. Түүнчлэн хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байгааг нэмэгдүүлж 80 хувь болгохоор зорьж байгаагаа дуулгалаа. Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Монгол улсад ирээд байгаа ОУВС-ийн төлөөллийнхэнтэй энэ бүхнийг ярьж тохирсон, улмаар намрын чуулган завсарлахаас өмнө асуудлыг парламентаар батлуулна гэдгээ илэрхийлсэн.
Улаанбаатарын утааг буруулахын тулд 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглож байгаагаа Ерөнхий сайд нийт иргэддээ хандан санууллаа.
Дээрхи асуудлууд нь “нохойнд барьдаг мод” гэдэг шиг АН-ынхны хувьд атганд нь явж байсан өрсөлдөгчөө намнах бэлэн “бороохой” байв. Гэвч эдгээр асуудлуудыг иргэдийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн шийдвэрлэж байгаа юм байна.
О.Магнай “Манай нам тэдний алдааг ард түмэнтэйгээ хамт дүгнэж хоёрдугаар сарын нэгэнд ард түмний жагсаал зохион байгуулна” гэдгээ дахин нотлов. Жагсаал хийх шалтгаан нь татвар, утаа, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн гурван зүйлт мэдэгдэл байв. Одоо тэдгээр нь үндсэндээ шийдвэрлэгдчихсэн болохоор АН-ынханд жагсаал хийх сэдэв сэдэл үлдсэн болов уу.
Сүүлчийн сумаа тавина гэдэг шиг Засгийн газрын 100 хоногийн тайлантай цаг хугацаа давхцуулан мэдээлэл хийж байхыг бодоход их л сандарч, ичсэндээ хүний хормой доогуур оров гэдэг шиг л юм болж байна даа. Намын зангараг, улстөрийн соёл төлөвшлөө харуулж, Засгийн газрын мэдээллийг бүрэн дүүрэн сонсож анализ дүгнэлтээ хийж, ард түмний хандлага, эх орны эрх ашгийг эрэмбэлж байгаад шагхийсэн мэдээлэл хийсэн бол өөр л харагдана даа.
Тэгсэн бол О.Магнай арай ч “У.Хүрэлсүх гэдэг хүнээс нийгэм өндөр хүлээлттэй байсан. Хүн зоддогтойгоо адилхан иргэний зориг гаргаж, нийгэмд зайлшгүй хэрэгтэй байгаа шинэчлэлийг хийх болов уу гэж харж байсан. Хамгийн харамсалтай нь нэг ч шийдвэр гарсангүй”, “Яахав, би сөрөг хүчний хүн болохоор МАН-ын хийсэн ажил миний нүдэнд үзэгдэхгүй байж болох юм” гэхчлэн хөгийн юм яриад сууж байхгүй байсан биз ээ.
Сүүлийн 20 шахам жил яригдсан Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийн ажил ирэх хоёрдугаар улиралд эхэлнэ. Дорноговьд баригдах нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын тендер энэ оны нэгдүгээр улиралд зарлагдана, хэд хэдэн цахилгаан станцын өргөтгөл гээд шийдвэр шийдэл нь гарсан урин дулааны улирлыг хүлээж байгаа бүтээн байгуулалтыг “нэг ч шийдэл гаргасангүй” хэмээн хэлэх нь арай л сэрүүдээд байгаа юм.
Эрх баригчдад шүүмжлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ таамгаар бус бодитой, бодлоготой ажил хэрэгч шүүмжлэл хэрэгтэй. Шүүмжлэл байгаа онож байх тусмаа л ард түмэнд хэрэгтэй. Тэгснээс “би сөрөг хүчний хүн болохоор МАН-ын хийсэн ажил миний нүдэнд үзэгдэхгүй байж болох юм” гээд яриад сууж байгаа чинь сөрөг хүчин гэдэг ерөөсөө өрсөлдөгчөө үгүйсгэгч юм байна л гэж ойлгогдоод байна. Харин ч сөрөг тусмаа хийсэн бүтээснийг нь сайн харж алдаа оноог нь дэнсэлж байх учиртай биш үү.
Сөрөг хүчин маань УИХ-ыг тараах, Засгийг огцруулах зүүдэндээ халуурч хадуураад хаврын синдромтой хавсарвал харагдөх өнгө нь бүдгэрч, сонсогдох дуу хоолой нь солгойрохоос хэтрэнэ гэж үү дээ. Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр бодлогын зөвлөл нэртэй сүүдрийн Засгийн газар байгуулсан бол өчигдөр Засгийн газрын 100 хоногтой давхцуулан “үгүйсгэлийн үгүйсгэлээр” ном гаргаж нээлтээ хийсэн сурагтай.
М.Нэргүй
Эх сурвалж: Zaluu.com
http://www.zaluu.com/read/1f5g24h3g
URL: