Газрын тосны салбар дахь урвуу хамаарал
-Газрын тос олборлодог ч боловсруулдаггүй цор ганц улс-
Монгол Улс газрын тос олборлодог боловч боловсруулдаггүй дэлхийн цор ганц улс аж. Энэ бол дэндүү харамсмаар урвуу хамаарал мөнөөс мөн. Хотондоо малтай ч хоолны махаа дэлгүүрээс авдаг малчинтай адил амьдралаар 20 гаруй жилийг бид үджээ. Гаднаас 100 хувь хараат шатахууны хэрэглээтэй ард түмний идэж уух, өмсөж зүүх бараа таваарын үнийг нефтийн ханш тогтооно. Бензин, дизель түлшний үнэ өсөхөд нийтээрээ бухимдана. Төд удалгүй мартаж, чимээ намжина.
Газрын тос боловсруулах үйлдвэртэй болно гэж улс төрчид 30 шахам жил ярилаа. Энэ хугацаанд Багануур, Багахангай, Налайх зэрэг дүүрэгт Дархан, Дорноговь, Хэнтий зэрэг аймагт нефть боловсруулах үйлдвэр барина гэж Засгийн газраас мэдэгдэж байв. Гэвч үйлдвэр барих төслүүд цаасан дээр үлджээ. Газрын тосны үйлдвэрийн тухай үлгэрийг улс төрчид ярьсаар, ард түмнээрээ сонссоор өнөөг хүрэв.
Гэтэл газрын тосны нөөцгүй Япон, Солонгос, Сингапур зэрэг орнууд нефтийн үйлдвэр барьж түүнээсээ ашиг олж, дотоодын хэрэгцээгээ хангаж байна. Газрын тосны орд нөөцгүй Солонгос улсын экспортын 5-аас илүү хувийг нефть бүтээгдэхүүн эзэлдэг аж.
- Нефтийн үйлдвэрийн үр ашиг –
Монгол улс жилд 1.2 сая тонн нефтийн бүтээгдэхүүн буюу шатахуун, дизель түлш хэрэглэдэг. Шатахууны хэрэглээг бүс нутгаар ангилж үзвэл Улаанбаатар хот 51 хувийг, говийн аймгууд 34 хувийг хэрэглэдэг аж. Говийн бүсэд хэрэглээ өндөр буй нь уул уурхайтай холбоотой. Манай улс 2017 онд гаднаас нефть бүтээгдэхүүн худалдан авахад 1.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. Нефть боловсруулах үйлдвэртэй болбол энэ хэмжээний мөнгө Монголд үлдэнэ. Мөн америк долларын ханш 20 орчим хувиар буурна гэсэн албан бус тооцоо бий.
-Дорноговийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барина -
У.Хүрэлсүхийн Засгийн газар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр саяхан гаргалаа. Нефть боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг энэ хавар эхлүүлнэ гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдээд буй. Дорноговь аймгийг сонгосон нь төмөр зам дагуу байршилтай. Мөн усан хангамжтай ойр гэж үзсэнтэй холбоотой. ОХУ-аас Улаанбаатар хот руу нефть бүтээгдэхүүн нийлүүлэхэд төмөр замаар 1068 км-ийн тээвэр хийдэг. Харин Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэртэй болсноор 474 км төмөр замаар тээвэр хийнэ. Тээврийн зардал буурахын зэрэгцээ газар зүйн байршлын хувьд ашигтай тул Засгийн газраас нефтийн үйлдвэрийг Дорноговь аймагт барихаар шийдсэн гэж тайлбарлаж байгаа.
Энэтхэг улсаас авах 1 тэрбум ам.долларын зээлийн 700 сая ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр, 264 сая ам.доллараар газрын тос дамжуулах хоолой барих аж. Судалгаагаар Монгол улс одоогийн шатахууны хэрэглээгээ 40 жил хангах газрын тосны нөөцтэй гэдэг нь тогтоогдсон байна. Мөн 22 цэгт хайгуулын ажил хийгдэж буй бөгөөд цаашид энэ нөөц өсөн нэмэгдэх боломжтой гэнэ. Манай улс өнгөрсөн жил 1.5 сая тонн түүхий газрын тос олборлосон тухай Засгийн газраас танилцуулж буй. Энэ хэмжээний газрын тосыг дотооддоо боловсруулахад 1.4 сая тонн шатахуун, дизель түлш болох аж.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг дагаад химийн үйлдвэрүүд хөгждөг-
20 гаруй жил ярьсан Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орвол дагаад химийн үйлдвэрлэл хөгжинө. Нефтийн үйлдвэрийг дагаад 30 гаруй нэр төрлийн үйлдвэр бий болдог бөгөөд тос болон тослох материал, хуванцар эдлэл, автомашины дугуйг үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Нефтийн үйлдвэрийг түшиглэн эмийн үйлдвэр хүртэл байгуулах боломжтой байдаг аж. Энэ хавар барилгын ажлыг эхлүүлж 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй газрын тос боловсруулах үйлдвэр Монгол Улсын эдийн засагт үр ашигтайгаас гадна ажлын байрыг нэмэгдүүлэх юм.
Г.Дугар
Эх сурвалж: http://www.zaluu.com/read/1f5fh9h8c
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
knggk