Д.ТУНГАЛАГ: С.БАЯР ЭР ХҮН ШИГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Хожим эцгийгээ бурхан болоход бууриа сахиж үлдсэн гэрийн эзэн, төрд данслагдсан мөрдэстэй нэгэн байлаа. Харин гурван жилийн өмнөх долдугаар сарын 1-нд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр санаатай, санаандгүй аль нь ч юм бүү мэд, сумны “бай” болж хорвоогоос буцсан. Энэ үед тэр ердөө 27-хон настай байв. Түүнээс хойш өтөл ээж, өнчин хэдэн дүү нар нь буруутныг олж тогтоохоор хөлөө хүртэлх газраар явсан боловч хэргийн учиг тайлагдаагүй хэвээр байна. Эцэст нь цөхрөнгөө барж чимээгүй болжээ. Бид Д.Тунгалаг гуайнх ямаршуухан амьдарч байгааг сурвалжиллаа. Д.Тунгалаг гуай “Алдсан хүн арав, авсан хүн нэг тамтай” гэдэгчлэн хүүгээ алдаад дээрээс нь буруутныг нь ч ололгүй гурван жил дамнан хуулийн байгууллагын үүдийг сахин яваа юм. Гэрт нь очиж ярилцах хүсэлтэй байгаагаа уламжлаад тэрээр “Юу өөрчлөгдөх вэ дээ. Хүүгээ алдсан хүн сайн сайхан, элэг бүтэн аз жаргалтай байна гэж үгүй. Тэгээд ч манайх хүн оруулаад байх сайхан айл биш” хэмээн хэсэг тээнэглзсэний эцэст зөвшөөрөв. Гэр нь Сонгинохайрхан дүүргийн Толгойт хороололд бий гэнэ. Заасан хаягийнх нь дагуу яваад гэрийг нь олсонгүй. Арга буюу олохгүй байгаагаа учирлахаар утасдахад “Чамд хэлсэн биз дээ. Уулын мухарт шахам байдаг гэж” хэмээв. Төөрч будилсаар байж очлоо. Гэрт лаа асаажээ. Учир нь цахилгааныхаа төлбөр 18 мянган төгрөгийг төлсөнгүй гээд гэрлийн байцаагч өнгөрсөн амралтын өдөр цахилгааныг нь таслаад явчихаж. Хүүгээ бурхан болсноос хойш хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг байтугай идэх талхаа ч авч хүчрэхгүй шахам явна. Уулзаж учрах, утасдах, урьж залах хүн нь ч цөөрсөн тухай Д.Тунгалаг гуай хэллээ. Харин түүний сэтгэл ойрноос бага ч атугай тайвширч буй гэнэ. Саяхан бага охин нь нярайлж Б.Мөнх-Эрдэнэ хүүгээ ээждээ зээ болоод эргээд ирлээ хэмээн сэтгэлээ онгойлгож суугаа ажээ. Нээрэн ч хэдхэн ширхэг гэмээр сэвлэгтэй, тийчлэн хэвтэх хүү эмээгээ хараад баярлан дуу шуу ороод явчихав. Гэрт хонгор хүүгийнх нь гэрэл гэгээгээс өөр хүний нүдэнд гялтайж бултайх зүйл ховорхон ажээ. Зурагт, угаалгын машин, хоёр буйдангаас өөр юм харагдсангүй. Нөгөө төр, засгаас иргэнээ буудсандаа хүлцэл болгон олгосон 50 сая төгрөг түүнд ногдоогүй гэнэ. Бэр нь хадам ээжтэйгээ хуваахаас татгалзжээ. Хадганд ороосон хүүгийнхээ зургийн өмнө асаасан зулыг байн байн сэргээх Д.Тунгалаг гуайтай ярилцлаа.
-Хэрэг явдлаас хойш гурван жил өнгөрчээ. Гэтэл буруутан нь олдоогүй хэвээр байна. Та цөхөрч байна уу?
-Би нэг л юманд эмзэглэж явдаг. Цагдаа нар хүүг маань буудчихаад яагаад эмнэлэгт хүргэж өгөөгүй юм бэ гэж. Түүний амь тэмцэн орилж байсан бичлэг интернэтэд байдаг. Хэн нэгэн гар утсаараа бичлэг хийчихсэн байсан. Бичлэгийг харахад Сүхбаатарын талбайн хажууд буудуулж цусаа урсгаад явж байхад нь цагдаа нар гүйж ирээд дахиад зодсон байгаа юм даа. Ухаангүй болтол зодчихоод яваад өгсөн. Хэлэх ч үг олдохгүй юм. Өөрсдөө эмнэлэгт хүргэж өгмөөргүй байсан юм бол яагаад түргэн тусламж дуудаж болоогүй юм бэ. Би эх хүнийхээ хувьд үүнийг хэзээ ч уучлахгүй. Тэдэнд хүн чанар, өрөвч сэтгэл гэж баймаар даа. Цусаа урсган явж байгаа хүнийг дахин зодсоныг нь бодохоор гомдоод байх юм. Би тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Н.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дарга асан Ч.Амарболд нараас үхэн үхэтлээ хүүгийнхээ амийг нэхнэ. Миний нас гүйцдэггүй юм аа гэхэд сүнс минь чадах байлгүй.
-Тухайн үед танай хүү хаана явж байсан юм бэ. Түүнийг үймээнд оролцож, бусдыг уриалан турхирсан гэх яриа бий?
-Намын байранд очсон юм байхгүй. Хадам ээжийнх нь бие өвдөөд Дорнод аймгаас шөлний хонь ирсэн байсан юм. Түүнийг авахаар Баянзүрхийн товчоо орчихоод дараа нь Сүхбаатарын талбайгаас автобусанд суухаар явж байсан юм билээ.
-Хонио яасан юм бэ?
-Хонио гэртээ аваачиж тавьчихсан байсан. Эргээд над дээр ирсэн. Би тэр үед Багшийн их сургуулийн ойролцоох байранд манаач хийдэг байсан юм. “Ээж ээ, та орой болгоомжтой хариарай. Гадаа хэцүүхэн юм болж байна. Тэр чулуу, модонд нь оногдчихов. Таны ажлыг тартал хүлээх үү” гэхээр нь “Харьж бай” гээд явуулсан. Тэгэхэд л би хүүтэйгээ эцсийн удаа юм ярьсан шүү дээ. Эвий минь, бурхан болохыг нь мэдсэн бол үнсчихгүй яав даа гэж харамсах юм.
-Талийгаач цагдаагийн байгууллагад ажиллаж байсан юм билээ?
-Хавтаст хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлгээр манай хүү Сүхбаатарын талбайн автобусны буудал дээр Толгойтын чиглэлийн автобус хүлээгээд зогсч байсан гэсэн. Энэ үед цагдаа нарын бууны сум хүүг минь оносон байгаа юм. Тэд буудсаныхаа дараа дахин зодсон шүү дээ. Хүү минь Дорнодын цагдаагийн байгууллагад багагүй хугацаанд ажилласан. Хожим эхнэртэйгээ хотод амьдарна гээд ирсэн юм. Тэгээд Эргүүл хамгаалалтын газарт ажиллах гэтэл Дорнодоос ажлынх нь бичиг баримт нь ирдэггүй. Хоёр сар гаруйн хугацаанд ажилгүй байхаар гээд нэг байгууллагад хамгаалагчаар ажиллаж байсан юм. Өөрөө цагдаа, тэр тусмаа эргүүлийн цагдаа хүн хэзээ ч журмын нөхдийнхөө өөдөөс эсэргүүцэл үзүүлэх хүн биш. Харин ч жагсаж цугласан олныг тараах гэж оролдож мэдэх хүн. Эцэг нь, бас өвөө нь насаараа цагдаагийн байгууллагад хүчин зүтгэсэн юм шүү. Хамгийн гол нь хамгаас хайртай ажлынх нь нөхөд хүүг минь хөнөөсөнд гомдолтой.
-Уг хэргийг улс төрийн зорилгоор мөрдөж байна хэмээн шүүмжлэх хэсэг бий. Өөрөөр хэлбэл, цагдаагийн экс удирдлагуудыг ажилдаа хайнга хандсан гэх шалтгаанаар яллаад харин буудах тушаал өгсөн төрийн өндөр албан тушаалтнууд гэм зэмгүй үлдэж байна гэдэг?
-Хэрэг явдлын дараахан Ерөнхий сайд байсан С.Баяр ярилцлага өгөхдөө “Цагдаа буудсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаныхан “Цагдаа буудсан нь тогтоогдсон” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн шүү дээ. Энэ нөхцөлд “Эр хүн амласандаа, эмээлт морь харайсандаа” гэдэгчлэн С.Баяр хариуцлагаа хүлээх ёстой. Эр хүн шиг зан гаргах хэрэгтэй. Хожим хойно төр, засгийнханд үлгэр дууриал болно шүү дээ. Гэхдээ энэ байдлаараа С.Баяр хариуцлагаа хүлээж, уучлалт гуйхгүй юм билээ. Дахин сонгууль луйвардахаа урьтал болгож байгаа юм биш үү. Хэрэв тийм биш юм бол ард иргэдийнхээ өмнө галт зэвсэг хэрэглэсэндээ уучлалт эрэх ёстой.
-Цагдаагийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хууль тогтоогчдын гарт бий. Тэр хуулиар бол ард иргэд жагсаж цуглавал өөдөөс нь галт зэвсгийн хүчээр тараах тухай заасан. Үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Би иргэдэд нэг зүйлийг хэлье. Төр, засгийн буруутай үйлдлээс болж үр хүүхдээ алдсан хүн улаан махтайгаа хатдаг юм шүү гэж. Буруутан нь олдоггүй юм. Манай хуулийн байгууллагийнхан учир битүүлэг, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөж илрүүлдгээрээ дэлхийд дээгүүр байранд ордог гэсэн. Гэтэл буудсан хүн, тушаал өгсөн албан тушаалтан нь байсаар байтал илрэхгүй юм. Илрүүлэх сонирхол улс төрийн төвшинд байхгүй болохоор тэр байх. Сүүлийн үед хохирогч бид Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг монгол хүн гэдэгт эргэлзэх боллоо. Түүний санаачилж байгаа хууль биднийг цочирдуулж байна. Алаг үр, халамжит ханиа алдаад нулимс маань хатаж амжаагүй байхад дахин бусдыг буудаж хөнөөх төлөвлөгөө боловсруулжээ. Ингэж болохгүй. Ард иргэд үүнийг зогсоох ёстой. Ц.Нямдорж хуулийн байгууллагад хувийн өмч шигээ хандаж байна. Тэр шударга үнэний төлөө дуугарсан нэгнээ улс төрийн хэлмэгдүүлэлтээр буруутан болгохоор улайрна. Дээрээс нь хуулийг өөрт таалагдсанаар засна.
-Төр, засгаас үймээнээр амиа алдсан таван иргэний ар гэрт 50 сая төгрөг олгосон. Үүнийг юунд зарцуулсан бэ?
-Бидэнд нэг ч төгрөг ирээгүй. Хүү маань нэг бүсгүйтэй хамт амьдардаг байсан юм. Тэр нь авсан. Хүүхдийг нь гаргасан болохоор авах ёстой л байх. Гэхдээ “Ээж минь ямар байна” гэж мэнд мэдээд ч болтугай ирэхгүй юм. Хүний мөс чанар ийм л хүнд болсон цаг юм уу даа.
URL: