МОНГОЛ хүн орохыг ХОРИГЛОНО
“БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш монгол хүн орохыг хориглож эхэлжээ. Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болж. БНСУ-ын үнэт дэлгүүрүүд дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь манай улсын иргэд лангуун дээрээс байнга хулгай хийж байгаатай холбоотой юм байна. Сүүлийн жилүүдэд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгайн гэмт хэрэг үйлдэж байна” гэх утга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэх болжээ.”
Ийм мэдээ өнгөрсөн баасан гаригт цацагдсан билээ. Маш олон хүн энэ мэдээний дор тун таагүй сэтгэгдэл үлдээжээ. Солонгосчуудыг харааж, монголчуудыг өмөөрсөн утгатай байв.
Энэ бол өнөөгийн монголчуудын нийтлэг төрх. Үнэн үг хатуу ч нялуун худлаас хол дээр гэдэг. Харин монгол хүмүүс хэдийнээс үнэн үгийг тээршаах болов оо. Дээр бичсэн мэдээ бол яах аргагүй үнэн. Бүр хөндлөнгийн улсын дүгнэлт.
БНСУ-д өдгөө 60 мянга гаруй монгол хүн ажиллаж, амьдарч байна. Нэг хүний ард гэр бүл, үр хүүхэд нь бий гээд тооцоход Солонгос улс Монголын олон зуун мянган хүнийг амьжиргаатай нь залгуулж байгаа. Залуус голдуу монголчууд яаж ийгээд энэ улс руу зорьж, эндхийн дарга нарын авах цалинг зочид буудал цэвэрлээд л олчихдог болсон. Сэргэлэн зарим нь илүү дээр ажлын байртай болж, хангалуун сайхан аж төрдөг. Гэвч бид Солонгост байгаа монголчуудыгаа “боолын хөдөлмөр эрхэлж байна” хэмээн өрөвдөж, халагладаг. Тэр бүү хэл, монголчуудыг ажлын байр, цалингаар хангаж буй солонгосчуудыг үзэн ядаж “Кимчиний хүүхдүүд” гэх мэтчилэн доромжилно. Гэтэл эх оронд маань барилга барьж, бүтээн байгуулалтад гар бие оролцон зүтгэх хүн олдохгүй байгаа нь эмгэнэл гэлтэй. Харийн ажлыг голон голон, зүхэн зүхэн хийх атлаа Монголдоо ирэхээр “ажил олдохгүй” гэж халаглана.
Харин монголчуудын ажлыг хятадууд, хойд солонгосчууд, вьетнам, камбожууд хийж байгаа. Бидний нэрлэснээр “төлгүүд” хамаг хар ажлыг маань нугалаад, ар гэрээ тэжээж байна. Нөгөөдүүлийг нь өөрсдийгөө үндэсний үзэлтэй гэж андуурсан бүлэглэлүүд байсхийгээд л шоглож, дээрэмдэнэ. Тэгвэл эдгээр төлгүүд Монголын ажлын байрыг хүч түрэмгийлэн уулгалж, эзэн болсон монголчуудыг нь харийн улс руу цөлсөн үү гэвэл үгүй.
Учир шалтгаан нь энгийн. Хятадууд ажилладаг, монголчууд хулгайлдаг. Вьетнамууд сайн өнгөлдөг, монголчууд халтуурддаг. Ийм л энгийн ялгаатай.
Нэгэн жишээ. Монголын нэгэн томоохон групп, эзэд нь толгой баячуудын тоонд ордог. Энэ групп өөрийн гэсэн барилгын компанитай. Хотын төвд нэгэн том барилга босгоод даруй 10 жилийн нүүр үзсэний эцэст саяхнаас бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Тэгээд дотоод заслын өндөр үнэтэй материал, сэлт гадаадаас оруулж ирээд сар гаруйн хугацаа өнгөрөхөд нөгөө барилгын дотоод заслын ажил огтоосоо ч урагшлаагүйн дээр ханын цаас, шүршүүрийн хоолой, зурагт тогтоох бэхэлгээ гээд өнгөтэй өөдтэй бүхэн нь алга болж, дутсан байж гэнэ. Тэгээд бас барилгын булан, тохойгоос архи, пивоны лааз, шил олноор гарч ирсэн аж. Компанийн удирдлагууд энэ алдагдлаа бодоод үзэхэд 700 сая төгрөг хол давсан байжээ. Ингээд арга буюу товлосон цагтаа барилгаа ашиглалтад оруулахын тулд Хятадаас заслын баг авчирсан байна. Долоо хоногийн дараа нарийн шалгахад ажлын гүйцэтгэл 100 хувь чанартай. Бригадын ахлагчийнх нь төлөвлөгөө гэж хуулбарлаж аваад газар сайгүй тараамаар цэгцтэй. Ширхэг хадаас ч дутаагүй. Энэ хугацаанд нь гадаа тамхилж зогссон хоёр хятад ажилчныг нь манай хэдэн согтуу залуус хэвтэрт ортол балбаснаас өөр хэл ам гараагүй гэх.
Энэ бүхнийг дурьдсаны учир нь ажлын гүйцэтгэл, чанарын ялгаа, хандлагаас болоод 60 гаруй монгол хүн ажилгүй болж, тэдний оронд хэд дахин цөөн хужаа хэр тааруу цалинтай ч ажлын байртай болсон гэсэн үг. Харин нөгөө 60 нөхөр хаана, юу хийж яваа бол. Аягүй бол төр засгаа хараан зүхээд Солонгос явах гээд Элчингийн хаалга сахиж байж мэднэ.
Бас нэгэн жишээ. Төмөр замд нэг хятад гуталчин байдаг. Нэг жижиг, төмөр амбаартай. Олон ч жил болж байгаа. Тэрний яг хажууд монгол гуталчин байдаг. Гэхдээ монгол гуталчин жилд хэд хэд солигддог. Төмөр замын олон хүн үндэсний үзлээ ил гарган эхлээд монгол гуталчинг сонгодог ч, төд удалгүй хужаагийнх нь хаалгыг татна. Яагаад гэвэл монгол залуу гутал засахдаа энд тэнд нь шинэхэн зураас, сэв, халцархай үүсгэхээс гадна хадаж өгсөн өсгий нь хэд хоноод уначихдаг. Харин хятад нөхрийн зассан гутал дахиж тэр хэсгээрээ муудалгүй байсаар дуусдаг төдийгүй мань эр гялалзтал нь тослоод, шинэ юм шиг болгоно. Ингээд л нөгөө монгол гуталчин сүүл рүүгээ орлогогүй болоод алга болдог. Оронд нь өөр хүн ирдэг. Нэг асуудал нь орлогогүй болсон монгол гуталчид явах болгондоо нөгөө хужаад шанаа өгдөг.
Энэ бол монголчуудын хандлага. Тэнгэрээс дээш гарсан их санаатай хэрнээ шалихгүй үйлдэлтэй. Сайн тулж ажиллавал жигтэйхэн чадварлаг, сэтгэхүй хурдан, ур дүйтэй ч ажил хийх дургүй, сэтгэл гаргах тэнхээгүй.
Вьетнамчуудын хувьд, үгүй мөн олон жил монголчуудыг залхааж байна даа. Тэд үнэхээр “хөгийн” сайн ажилладаг учраас монголчууд нь монголчуудыгаа биш тэднийг сонгож, орлого оруулаад байдаг. Өөрөөр хэлбэл, муусайн монголчууд хэдэн халтар төлгийг өөд татаад, элэг нэгт монгол залуусаа орлогогүй, ажилгүй байлгадаг гэнэ билээ. Хажуугаар нь нөгөө төлгүүдийнх нь талаар дандаа олиггүй юм сонсогдоно. “Вьетнамууд нохой алж иджээ”, “Вьетнамууд монгол охидтой гэр бүл болж байна”, “Вьетнамууд байгаа газраа их заваан аж төрдөг. Нэг түмпэнд усанд ордог” гэхчлэн. Гэвч “Вьетнамууд монголчуудын машиныг маш тааруу янзалжээ” гэдэг үг ганц ч сонсогдоогүй. Бүр яаж ч сортойгоод сонссонгүй.
Тэгэхээр “Ажил хийвэл ам тосдоно” гэдэг ардын зүйр үгийн утгыг ингэж л ойлгохоос өөр яах вэ. Эмс, охид ялгаагүй. Хэрвээ монгол бүсгүйчүүд (тун багахан хэсэг нь гэдгийг ойлгоорой) өөрсдөө эдгээр хүний “адаг” болсон хужаа, вьетнамуудад биеэ үнэлэхгүй бол эд яах ч үгүй. Үүнийг байсхийгээд л нөгөө хэдэн хужааг очиж зодож, охидуудыг “авардаг” бүлгүүд ч ойлгоосой.
Ер нь монгол хүний нэр зөвхөн Солонгост ч биш хаа холын хөгшин Европт ч муугийн жишээ болдог. Өнөөгийн байдлаар хэчнээн монгол хүн Шенгений орнуудад хулгай хийж, бүр түүгээрээ мөнгөжиж байгаа тухай албан тоо байхгүй. Тэр жил нэг танил маань, Шведэд олон жил харлаад ирэхдээ хөлөөсөө толгой хүртэл дэлхийн хамгийн үнэтэй LV брэндээр өвч бүрэн гангарсан байж билээ. Гол нь, тэдгээрийг Францаас Швейцарь хүртэл аялахдаа дэлгүүрүүдээс хулгайлж авснаа туйлын ид хав болгон ярьж, бүр нэг удаа баригдах шахсан гэдгээ гайхамшигт адал явдал мэтээр тайлбарлаж байв. Улмаар хүний нутагт олон жил “зовсных” ээждээ 15 мянган долларын мөн л LV цүнх авчирснаа аминчлан шивнэсэн.
Энэ бол монгол зан. Мэдээж бүгд ийм биш. Гэвч нийтлэг хандлага биднийг ийм харагдуулж байна. Эцэст нь дэлхий ертөнц “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичиг хил гаалиуддаа наахаас өмнө сэхээрч, ухаарвал яасан юм бэ.
Эх сурвалж: ERENNEWS.MN
|
URL: