Чулуунд шингэсэн хараал
Аав нь Самбуугийн өөдөөс тун ууртай харж байлаа. Гэрийн хойморт түүний зүс л мэдэх төдий өвгөн эцэг морилжээ. Аав нь ч хөмсгөө атируулан шингэн буурал сахлаа шилэмдэж
-Миний сүүлчийн захиас хаана байна. Өнөөх хүн чулуу хаана байна хэмээн цоргитол харав.
-Байгаа. Эцэг таны захиасыг биелүүлж, тэр хүн чулууг олсон хэмээн өчвөл өвгөн эцэг нь
-Тэр хүн чулуу одоо хаана байна гэж хэлэхдээ дуунд нь сандарсан өнгө цухалзав. Самбуу тун ч нүүр бардам
-Миний хашаанд, төмөр чингэлэгт бий гэтэл аав нь
-Харин толгой нь хаана байна хэмээн сүртэй чангаар хашгирлаа.
-Муу хүү нь олж чадаагүй. Олон он хөөцөлдөж, тэр чулуун хүний их биеийг л олсон гэвэл эцгийнх нь урам хугарсан нь илт.
-Ай хөөрхий. Уг нь тэр хүн чулууны толгойг би өөрийн гараар барьж үзсэн хүн шүү дээ хэмээн харуусангуй өгүүлээд уртаар шүүрс алдлаа. Гэрт нам гүм. Өвгөн эцэг нь удтал дуугүй сууснаа
-Ингэхэд чи тэр хүн чулууны эх биеийг хэнд даатгаж үлдээв хэмээн асуугаад түүн рүү тун нухацтай харав. Самбуу сандарсандаа хэлэх үггүй гацлаа. Тэр бүх насаараа хайж байж олсон хүн чулууны эх биеийг том төмөр чингэлэгт, гэрийн хуучин муу бүрээс, навтас болсон шар эсгийгээр дарж, хав дарсан. Бас энэ талаар хэнд ч хэлж чадаагүйгээ санаад нүүр буруултал учрыг ухаж мэдсэн эцэг нь дахиад л бухимдаж эхэллээ. Өвөг эцэг гэнэт дуугаа өндөрсгөн
-Хөвүүн чи сонс. Лю Фу Тунгийн он төгсөж, Тогоон төмөр хаан Хубилай хааны байгуулсан Монголын Юан гүрний нийслэл байсан Дайду хотыг орхин Хаан эзний хасбуу тамгыг ханцуйлж, хамаг дайсны дотроос хатгалдан байж, Барс хот руу амь тэмцэн, дутааж гарсан түүхтэй. Түүний хөвүүн Аюушридара их хааны орыг залгамжилж, улсынхаа нийслэлийг дахин сэргээж, төр улсаа нэгтгэх гэж оролдсон ч Мингийн хар цэргүүд довтлон Туулын бургас руу их хааныг шахаж байсан цөвүүн цаг байсан гэнэм. Олон зуун жилийн турш Монголчуудтай тэмцэлдэж, зоригыг нь нугалахаар зовлогыг нь тасдаж байсан ч дийлж чадаагүй харийнхан биднийг өөрийнхөө номхон боол мэт байлгахыг хүсэж, хараал хийн, нэгэн цул хүн чулуунд дом шившлэг үйлдэж, толгой эх бие хоёрыг нь салгаж хаяжээ. Тэрхүү хүн чулуу нэгэн цул болсон цагт Монголчууд дахин өөдлөн дэвжиж, омогшин бадрах учиртай. Тиймийн учир тасарсан чулууг эвлүүлж, тарсан гүрнийг нэгтгэх үүргийг бидний дээдэс Билэгт хаан Аюушридарагаас зарлиг болгон хүлээж авсан түүхтэй. Гэвч он цаг гал мэт дүрэлзэн асаж, гол мэт урсан өнгөрч, хэдэн зууныг элээжээ. Билэгт хаан Аюушридарагийн энэхүү зарлиг өнөөг хүртэл ёсоор биелж чадаагүй байна. Миний дээдэс энэхүү хүн чулууг эвлүүлж, цул болгон нэгтгэхийн төлөө нэгэн насныхаа амьдралыг зориулж, хааны зарлигт үнэнч зүтгэсээр алтан хөлс цусаа хүртэл юүлж явсан. Миний өчүүхэн бие тэрхүү салж бутарсан хүн чулууны эх биеийг олж, зориг нийлсэн нөхдийн хамт тэргүүнийг нь хайсан ч олж эс чадсан бөлгөө. Олноо өргөгдсний аравдугаар онд нэгэн тэргүүнийг алс газраас залж авчирсан ч эв эс таарсан түүхтэй гэв. Гэтэл удтал дуугүй суусан эцэг нь харуусангуй янзтай шүүрс алдан
- Миний бие тэрхүү хүн чулууны тэргүүнийг олсон ч эх биеийг олоогүй. Эцгийн олсон тэр эх бие Наймдугаар богд Жавзандамбын сэрүүн өргөөний чанх ардхан талд байсан гэдэг. Гэтэл хувьсгалч нарын гарт орж, дахин олоогүй. Хожим тэрхүү хүн чулууны тэргүүн санаа муутын гарт орж, сураг тасарсан түүхтэй. Чи харин эх биеийг олжээ. Гэвч Билэгт хаан Аюушридарагийн зарлиг, тэнгэрийн зараалыг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээж чадаагүй нь туйлаас эмгэнэлтэй хэмээн өгүүлэв. Самбуу энэ түүхийг сонсоод гайхаж эргэлзэн, хэлэх үггүй самгардаж, ам нээх гэтэл гэнэтхэн хурц цагаан гэгээ татаж,
-Сэрлээ. Одоо ухаан орж байх шиг байна гэх дуу их алсаас сонсогдох нь тэр. Нэгэн үл таних эр Самбуугийн нүүр рүү байдгаараа тонгойж,
-Самбуу гуай… Самбуу гуай намайг сонсож байна уу? хэмээн дахин дахин асуусаар… Самбуугийн тархинд зөвхөн Билэгт хаан Аюушридарагийн зарлиг, тэнгэрийн зараал гэсэн үг л эргэлдэж байлаа. Тэрээр босох гэсэн боловч босч чадсангүй. Тохойгоороо тулан өндийх гэтэл өнөөх үл таних эр түүний цээжийг хүчээр дарж,
-Тайван тайван хэмээн галзууртал үглэх нь чихэнд чийртэй. Өнөөх хүн чулууны тухай бодох тусам улам түүний судсаар хүйтэн ус урсаж байх шиг санагдан, хамаг бие нь дагжин чичирч байлаа.
-Ямартай ч ухаан орчихлоо. Одоо хамаагүй хөдөлгөж болохгүй. Ус уух заяатай л хүн юмдаа хэмээн өнөөх үл таних эр өгүүлэхэд Самбуу эмнэлэгт байгаагаа бүүр түүрхэн ойлгов. Эмнэлэгт өнгөрүүлсэн хэд хоног түүний далан жил амьдарснаас ч урт удаан өнгөрөх шиг түүнд санагдаж байлаа. Самбуу эмч нартай ам зөрөх нь халаг болж, эмнэлэгээс гарсан тэр өдрөө л бага хүүгээ дагуулан шууд л зуслан руугаа давхилаа. Том хар түлхүүрүүд гаргаж, төмөр чингэлгийн хаалгийг онгойлгохдоо гар нь салгалж байлаа.Тэрээр төмөр чингэлэгт гэрэл гаргаж, хоймор нь олон давхарлаж хураасан модон хайрцаг, дээвэр туургыг зайчлах гэж хэрдээ л зүдэрч, амьсгаагаагаа дарж ядав. Толгойгүй хоёр алд хэрийн өндөртэй том хүн чулууг харсан хүү нь гайхаж,
-За энэ музейн үзмэр чинь юу билээ гэхэд Самбуу дуугаа өндөрсгөн
-Тэнгэрийн зараалаар би үүнийг олсон юм. Харин чи гээгдсэн тэргүүнийг нь олж, эвлүүлэх хааны зарлигыг биелүүл. Чи олж эс чадлаа гэхэд чиний хүү, хүүгийн чинь хүү заавал олох учиртай хэмээн сэтгэл нь амарсан байдалтай хэлэв.
-Үгүй нээрээ…Энэ хүн чулууны тэргүүн олдохгүй хэдэн зуун өнгөрч. Тэр үед Монгол төр эзэнгүй байж, ноёд эрх мэдлийн төлөө амь хайргүй өрсөлдөж, энэлж зовсон түмнийхээ амны хишгийг эрхийн чинээ чулуу болгоод малгайн дээрээ хадаж байж. Харин эх бие нь төөрсөн тээр харанхуй цаг дор ард түмэн өндийх ч тэнхэлгүй ядруу буурай байж хэмээн амандаа үглэж, өнөөх чулууг илж үзлээ. Олон сар хүйтэн харанхуй төмөр чингэлэгт байсан тэр чулуу бүлээхэн байх шиг санагдахад өвгөн Самбуу цочсондоо гараа ухасхийн татаж авав. Гэвч “Аргагүй дээ. Энэ чулуу бүлээн байх учиртай. Цаашид ч бүлээн байна. Миний ард түмний сэтгэл шиг халуун дулаан байна. Зуун зууныг дамнасан эрэл үргэлжилнэ. Билэгт хаан Аюушридарагийн зарлиг биелэллээ олж, үр ач минь хэзээ нэгэн цагт энэ чулууг нэгэн цул болгон нэгтгэнэ. Тэр цагт харийн дайсны хараал тасарч, хамаг Монголчуудийн хийморь сэргэж, төр нь эзэнтэй, түмэн нь эвтэй байна. Би дээдсийнхээ дэргэд нүүр бардам очих эрхтэй боллоо” хэмээн тэр бодон инээмсэглэв.
URL: