НИТХ-ын дарга хуралдаа суудаггүй төлөөлөгчдөд хандан хатуухан үг хэллээ
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын ээлжит XVIII хурал хуралдсан. Тус хуралд НИТХ-ын 45 төлөөлөгч оролцох ёстойгоос 24 төлөөлөгч оролцсон буюу төлөөлөгчдийн ирц 53.3 хувьтайгаар хуралдсан. Хуралдааны төгсгөлд нийслэлийн иргэдийг төлөөлж сонгогдсон атлаа НИТХ-ын хуралдаа суудаггүй, шалтгаангүй хурал тасалсан төлөөлөгчидөд хандан НИТХ-ын дарга С.Амарсайхан хатуухан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
С.Амарсайхан: “Төлөөлөгчид та бид захиргааны албан хаагчидаасаа том хариуцлага шаарддаг, ёс зүйтэй байхыг нэхдэг шигээ жижигхэн хариуцлагыг өөрсдөө биелүүлдэг байх сэтгэл итгэл байхгүй бол энд суух ямарч шаардлага байхгүй. Иргэдээ төлөөлж байгаа, нутгийн удирдах ёсыг өөрсдөө хэрэгжүүлж байгаа эрхэм төлөөлөгчид та бүхэн өөрсдөө ёс зүй, хариуцлага, сахилга батыг хэн нэгнээс гуйдаг, асуудаг, эрдэг, сурдаг байж болохгүй. Ялангуяа МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, АН-ын Ц.Баатархүү хоёр надаас төлөөлөгчдийн ирцийн тухай асуух, шаардах биш өөрсдөө төлөөлөгчидөө хуралдаа суулгах, ирц бүрдүүлэх, нэгдсэн хуралдаанд бүлгийнхээ төлөөлөгчдийг оролцуулах, хариуцлагыг нь дээшлүүлэх тал дээр анхаарч ажилла.
Ер нь энд байхгүй байгаа, хуралдаа суудаггүй төлөөлөгчид хөгжлийн тушаа болсон, асуудал ажил гацаадаг хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, явцуу сэтгэлгээгээ өөрсдөөсөө эхлээд хаяцгаах хэрэгтэй. Өнөөдөр хуралд сууж байгаа 24 төлөөлөгчөөс гадна гадаадад томилолтоор яваа 6 төлөөлөгч байгаа, бусад төлөөлөгчдийг хуралдаа суулгах асуудлыг хоёр бүлгийн дарга анхаарч ажилла гэдгийг зориуд хэлье.
Төлөөлөгчид өөрсдөө үйл ажиллагааны зардал, урамшуулал аваад явж байгаа, үүнийг нуух шаардлага байхгүй, зардал урамшуулал аваад явж байгаа юм бол сард ганц болдог, жилд 10 хүрэхгүй удаа болдог НИТХ-ын хуралдаа ирээд суучихдаг, иргэдийнхээ төлөөлөл болж ажилладаг, сонгуулиар амлаж байсан шигээ иргэдийн асуудлыг ярьдаг, шийдвэрлэхэд оролцдог байх хэрэгтэй. Хуралдаа суухгүй, байхгүй байж байснаа гэнэтхэн гарч ирээд хууль дүрэм гээд том том юм ярьж улс төр хийчихээд алга болчихдог байж болохгүй ээ. Энэ тал дээр ил тод нээлттэй байх ёстой. Хоёр бүлгийн дарга энэ асуудлаар нээлттэй мэдээлэл хийгээд цаашид хуралд ирэхгүй байгаа төлөөлөгчид, ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг төлөөлөгчидтэйгээ хариуцлага тооц, иргэддээ нээлттэй мэдээлэл өг гэсэн саналыг хүргэж байна” гэсэн юм.
Ийнхүү Нийслэлийн иргэдийн төлөөлөл болж НИТХ-д сонгогдсон атлаа иргэдээ төлөөлөх үндсэн ажлаа хийдэггүй, хуралдаанд оролцдоггүй, шалтгаангүйгээр хурал тасладаг төлөөлөгчидтэй хариуцлага ярих ёстой гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ дурьдлаа. Цаашид төлөөлөгчдийн ирцийг нэмэгдүүлэх, хуралд нь ирүүлэх асуудалд анхаарч ажиллах үүргийг НИТХ дэх МАН, АН-ын бүлгийн дарга нар болон Ажлын албанд үүрэг болголоо.
Т.Гэрэл
URL: