Зорилгоо умартан, зон олноо өрөнд оруулсан Хөгжлийн банк
Монгол Улсын хөгжлийг түргэтгэх зорилгоор Хөгжлийн банк байгуулсан түүхтэй. Гэвч тус банкны үйл ажиллагаа улсын эрх ашгийн төлөө бус улстөрчийн халаасыг дүүргэх санхүүжүүлэгч болсон. Тэдний үг хэлээр хөдөлж, их хэмжээний өр үүсгэсэн нь хуулийн байгууллагаар шалгагдсан бөгөөд олон эрх мэдэлтэн, дээдсүүд уг хэрэгт холбогдсон байдаг. Хөгжлийн банктай холбоотой 24 баримтыг та бүхэндээ хүргэж байна.
БАРИМТ 1. Монгол Улсын Засгийн газар 2010 оны долдугаар сарын 20-нд Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч хууль эрх зүйн орчин нь бэлэн болоогүй байснаас шуудхан бий болгож чадаагүй юм.
БАРИМТ 2. УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг он дамнуулан байж баталсан бөгөөд 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эцэслэсэн. Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн байдаг. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон байна.
БАРИМТ 3. Тус банкны албан ёсны үйл ажиллагаа ч хууль тогтоосноос хойш чамгүй удаан хугацаанд эхлээгүй, хаалгаа нээх гээд түлхүүрээ олохгүй байсан гэхэд болно. Тодруулбал, хууль тогтоох дээд байгууллага эрх зүйн орчинг бүрдүүлэн хуульчилснаас хойш гурван сар гаруйн хугацаанд албан ёсоор нээгдээгүй. Удтал хүлээлт дагуулсан банк 2011 оны тавдугаар сарын 12-нд албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.
БАРИМТ 4. Банкны зорилго болох томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх хүрээнд эхний ээлжинд дөрвөн төсөлд мөнгө зарна гэж зарласан байдаг. Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр гэх мэт.
БАРИМТ 5. Гэхдээ төслүүдэд зориулах хөрөнгийг гаргаад чулуудчих бяд байгаагүй. Тиймээс өр тавих замаар асуудлыг шийдэхээр болсон байдаг. Санхүүжүүлэх эх үүсвэрээ шийдэхээр тухайн үеийн Засгийн газар ханцуй шамлан орж 2011 оны гуравдугаар сарын 15-ны 85 дугаар тогтоолоор 800.0 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргахыг Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрсөн. Мэдээж хэрэг гадаадаас өр тавих учир банкны удирдлагууд нэг их толгой өвтгөлгүй өрийн бичгийг олон улсын зэх зээлд арилжаалах бэлтгэл ажлаа хангасан. Ингээд наймдугаар сараас нь эрчимтэй эхлүүлжээ. Үр дүнд нь 600 сая ам.долларын “Дунд хугацааны евро бондын хөтөлбөр”-ийг амжилттайгаар байгуулсан байна.
БАРИМТ 6. Өрийн бичгээ амжилттай худалдаалж эхний ээлжинд 20 сая ам.долларын өрийн бичгийг олон улсын зах зээлд хаалттай хэлбэрээр арилжаалсан бол 2012 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын бондоо олон улсын зах зээл дээр 5.75%-ийн хүүтэйгээр зарсан юм. Энэ бол Монгол Улсын өрийн түүх зузаар байгаа явдал байлаа. Харин дээдсүүдийн хувьд маш баяртай мэдээ байсан санагдана.
БАРИМТ 7. Энэ мэтчилэн өр зээл тавьсны араас бадарчин балагтай гэдэг шиг хэл ам таталсан хэрүүл зарганы мэдээллүүд хөвөрч эхэлсэн. Ер нь, уг банктай холбоотой олон асуудал үүсч байсан баялаг түүх бий. Тухайн цаг үедээ олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн цөөнгүй асуудал үүсч байлаа. Гэвч өнөөдөр нам жим байсаар. Яригдаж байсан асуудлууд хааш эргэв гэдэг сонирхол татсан хэвээр байна. Мөн өнөөдөр ямар үйл ажиллагаатай яваа нь ч олны нүднээ харагдахгүй далд хэлбэрт шилжчихсэн юм уу даа.
БАРИМТ 8. Хөгжлийн банкыг дайрсан хэрүүл зодоон парламентын сонгуулийн өмнөөс угтан үүссэн. “Шилэн” хэмээх нэрээрээ олноо алдаршсан Б.Цогтгэрэл банкны удирдлага Н.Мөнхбатыг шалгуулах хүсэлт гаргаснаар эхэлсэн гэхэд болно. Яахав үүнээс нь өмнө асуудал өрнөж байсан цаг. Хуулийн байгууллага руу асуудал шидэгдэх үед 170 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ гэсэн шалтгаан тавьж байсан аж. Гэхдээ энэ асуудал цар хүрээгээ нэлээн тэлсэн.
БАРИМТ 9. Сонгуулийн үед дэлгэж байсан МАН-ын мэдээллээр АН-ынхан хуваагаад идчихсэн мэтээр тайлбарлаж байв. Үүнээс үүдэлтэйгээр хэрүүлийн алим дэлгэгдэж байсан түүх бий. Олон улсын зах зээлд Монгол Улсынхаа нэрийг худалдан байж “Чингис”, “Самурай” бонд босгож, хоёр тэрбум орчим ам.доллар авсан гэж байгаа. Энэ мөнгийг “Хөгжлийн банк” мэдэж, захиран зарцуулсан. Тус банк 32 төсөлд гурван их наяд гаруй төгрөгийн санхүүжилт олгожээ.
БАРИМТ 10. Санхүүжсэн төслийн 21 нь төрийн өмчит болон төрийн мэдлийн аж ахуйн нэгж байгууллагууд байсан нь нэлээд асуудал үүсгэсэн. Төрийн мэдлийн хувь оролцоо давамгайлсан аж ахуйн нэгж байгууллагын дэд бүтцийг голдуу санхүүжүүлсэн нь чанаргүй зээл үүсэх гол шалтгаан болж байгааг эрдэмтэн судлаачид хэлж байсан ч тоогоогүй нь асуудал үүсэх шалтгаан болсон биз. Ерөнхийдөө өр зээлийн мөнгөөр гараа угаасантай адил мэт харагдана гэдгийг тухайн үед ярьдаг байлаа.
БАРИМТ 11. Самурай, Чингис гэх сүржин нэртэй бондоор сүр бадруулан ажил хийх байсан ч салхинд хийсгэсэн. Тиймээс ч өнөөдөр өр зээлэндээ баригдан суугаа. Элгээрээ хэвтсэн эдийн засгаа ч аварч чадахгүй яваа. Үүний буруутан нь дан ган АН бус МАН ч бас хамаатай. Зээл нэрийн дор их хэмжээний мөнгийг өөрсдийн компани руу гулгуулсан нь сүүлд чуулганы нэгдсэн хуралдаанд асуудал яригдахад маш томоор хөндөгдсөн. МАН-ын гишүүд ч нүүр улайж, хэлэх үгээ цэнэсэн гэхэд болно.
БАРИМТ 12. Ер нь, Хөгжлийн нэртэй банк хяналттай байж чадах уу гэдэг ч өнөөг хүртэл асуулт нэхэж байгаа. Дур зоргоорооаашлах удирдлагууд нь хөрөнгө мөнгийг үрэн таран хийж улсыг өрөнд оруулах нь хэрээс хэтэрсэн асуудал болж хувирсан. Мөн улс төрийн хүний мэдэл дор үйл ажиллагаа нь явагдах учир эргээд хуудайтай зүйл ч олон гарч байлаа. Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар олон зөрчил илэрч 600 хол давсан тэрбум төгрөгийн өрөнд Засгийн газар унасан байдаг.
БАРИМТ 13. Шалгалтаар 1,3 их наяд төгрөгийн асуудал үүссэн. Энэ нь, санхүүгийн зөрчлийн хэмжээ юм. Уг асуудалд холбогдуулан дарга цэрэг гээд олон хүн хуулийн байгууллагад дуудагдсан. Тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр ч уг хэрэгт холбогдсон байдаг. Гэвч өдгөө асуудал ямар шатанд яваа нь таг чиг. Мөн банкнаас санхүүжилт авсан ч ажлаа гүйцэтгээгүй компани аж ахуйн нэгжүүдтэй ч хариуцлагын асуудлыг тавьсан билээ.
БАРИМТ 14. Дээр дурдсанчлан зөвхөн АН хөгжлийн банкны хөрөнгийг залгичихаагүй. МАН-ын парламентад залрах гишүүд ч гар дүрсэн. Гэхдээ бүр нэлээд гүнзгий дүрсэн нь илэрсэн түүхтэй. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны зөрчлийн асуудлыг ярих үед энэ олон нийтэд ил болсон юм.
БАРИМТ 15. Хууль тогтоох дээд байгууллагын хуралдаанаар З.Нарантуяа гишүүн зээл авчихаад эргэн төлөхгүй байгаа хүмүүсийг нэр устай нь зарласан. “Эм Си Эс” групп 170 тэрбумаар төр зам шахаж, “МАК” буюу Н.Номтойбаяр 109 тэрбум төгрөг авсан байна хэмээн хэлсэн. Энэ мэтээр томчуул ч өөрсдийн гараа багагүй дүрээд амжсан байдаг. Ерөнхийдөө эргэн төлөлт, хөгжил тийш хөтлөх зээл мөн байв уу гэдэг зүйл яригдана. Н.Номтойбаяр тухайн үед өөрийгөө хамгаалж чамгүй тайлбар хийж, уснаас хуурай гарах аргаа сайн хийсэн. Харин өнөөдөр ямар түвшинд яваа юм бол. Хөгжлийн банкны шинэхэн удирдлагууд хэрхэн тайлбар хийх вэ гэдэг анхаарал татсан асуудал болоод байгаа.
БАРИМТ 16. Хариуцлага, сахилгын хувьд тогтворжоогүй цагт хөгжих асуудлыг ярих нь илүүц биз. Улс төрийн асуудал нь бизнес рүү хальсан, хутгалдсан ийм дэглэм дор амьдарч байна. Хөгжлийн банк нь эрх мэдэлтнүүдийн халаасанд орчихсон яваа нь нууц биш. Тиймээс ч өнөөдөр учир нь үл ойлгогдох бантан болчихоод, түүнийгээ хэрхэн далд оруулах вэ гэдэг дээр тархи нь гашилж байгаа. Ийм маягаар төр банк байгуулж, түүгээрээ дамжуулан хөгжилд хүрнэ гэдэг Мянгуужингийн үлгэр. Үүнийг эрхэм дээд түшээд, эдийн засгийн засгийн ухаанаар мэргэшсэн хүн ч хэлж байгаа билээ.
БАРИМТ 17. Энэ бүх асуудлаас үүдэлтэйгээр тус банк зорилгодоо хүрэхийн төлөө ажилласан уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэвч ашгийн төлөө, хөгжлийн гарц болсон зүйлд санхүүжилт хийгээгүй гэдэг цэг дээр ирж байгаа. Зарим нэг нь оносон л байх. Ихэнх зээл асуудалтай байгаа нь эмгэнэлтэй. Өчигдрийн алдааг өнөөгийн дарга нар засч залруулж чадах уу гэдэг ч сонин. Магадгүй бас өнөөх зарчмаар ажиллаж, төр засгаа өрөнд оруулчихгүй байгаа гэх болгоомжлол бий. Банкны захирал Б.Батбаяр цаашид хэрхэн ажиллах бол.
БАРИМТ 18. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд амьгүй албатууд төрийн хөрөнгө санхүүг манаж, дуртай нэгэн нь сангийн хөрөнгөнөөс шанагаар хутгаж байсан бололтой. Яам тамгын газрын өндөр дээд сэтэртэн мөнгө өг гэхээр л гарган ирдэг байсан аж. Өнөөгийн удирдлага буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэн нэгний гарын хүн, хэлсэн зоргоор хөдөлдөг нь би биш гэж хэлсэн байдаг.
БАРИМТ 19. Тэрбээр “Сангийн яамны Төсөв, төрийн сан, санхүү, эдийн засгийн бодлогын газруудад мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргын албыг 15 жилийн хугацаанд хашиж, тодорхой мэдлэг туршлага хуримтлуулсан. Хөгжлийн банкны хувьд шинэ хүн биш. Хөгжлийн банкийг анх үүсгэн байгуулахад би гар бие оролцож явлаа. Анх Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулалцаж, үүсгэн байгуулагдахад анхны дүрэм, журмыг боловсруулж, тодорхой хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ч ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны анхны бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжиж, мөнгө босгох ажлыг ч хариуцаж явлаа. Харин ч анхны шанг нь тавилцаж, таталцаж явсан хүний хувьд таван жилийн дараа эхлүүлсэн том ажлынхаа бодит байдалтай танилцах бололцоо олдсон гэж харж байна. Түүнээс том банкны захирал болчихлоо гээд баярлаад байсан юм алга” хэмээн ярилцлага өгч байжээ.
БАРИМТ 20. Ямартай ч өр зээл тавих ажил гар бие оролцон явж. Бараг л хуучин буйрандаа буцан ирсэн нэгэн бололтой. Урсан өнгөрч буй он жилүүд түүний юу хийхийг харуулах биз. Хөгжлийн банкийг удирдан хөгжил тийш хөтөлж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг үрэн таран хийчихгүйхэн яваасай билээ.
БАРИМТ 21. Хөгжлийн банкны зарим хөрөнгө оруулагчид хугацаанаас өмнө мөнгөө татах, торгууль тавих, манайхтай санхүүгийн харилцаагаа таслах шаардлага тавьж эхэлсэн гээд хүндрэлтэй асуудлууд ар араасаа гарч байгаа. Үүнийг зохицуулж, өр зээлээ төлөх асуудалд анхаарч, хөрөнгө босгох асуудлууд яригдах болсон. Тэгвэл уг асуудлыг зохицуулах үүрэг түүнд ноогдож байна.
БАРИМТ 22. Хардлага сэрдлэг байнга дагуулах болсон банк. Хэнд хэрхэн мөнгө гаргаад өгчихөв, хэний хүн бэ гээд л хардах зүйлүүд бий. Үүнийг алга болгох гарц нь хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинэчлэх хэмээн ярьдаг. Ер нь, хууль эрх зүйн орчин, засаглалын бодлогоо сайжруулаагүй тохиолдолд хэн ч Хөгжлийн банкны захирлаар томилогдлоо гэхэд бусдын хардлага, сэрдлэг, дарамт шахалт гарсаар байх болно.
БАРИМТ 23. Тус банкны удирдлагаар ажиллах хүмүүс бүгд л Н.Мөнхбатын араас явна. Түүнтэй адил л асуудалд хутгалдах магадлалтай гэх нь олонтаа. Иргэд ч ийм л нүдээр хардаг. Яагаад гэвэл засаглалын хэлбэр, бодлого нь ийм чиглэлд яваа учир шахаагаар асуудлыг шийдсээр эцэст нь засаг төр өрөнд орж, иргэдийн халааснаас татвар нэрээр мөнгө суйлж, зээлээ барагдуулна гэж түмэн олон яс нь хавталзаж байна.
БАРИМТ 24. Цаашид улсыг хөгжилд дагуулж, санхүүгийн эх үүсвэрээр ханган, ашгийн төлөө явах Хөгжлийн банк зорилгоо биелүүлэн ажиллаж чадах уу. Хөгжүүлнэ гэсэн зорилготойгоор байгуулсан ч өнөөдөр гийгүүлсэн зүйл алга. Гавьсан ажилгүй хөгжлийн нэртэй хойш татсан, өр зээлийн эх үүсвэр болсон энэ банк зайлшгүй хэрэгтэй юу гэсэн асуулт ч байгаа. Хатуухан хэлэхэд өнөөдөр ч зорилгоо умартсан байдалтай байгаа нь итгэл үнэмшил төрүүлэхгүй л яваа.
24tsag.mn
URL: