Ёолтлоо архидах ёолкны такс

Шинэ жилийн уур амьсгал хэдийнээ орж, хүүхнүүд гоёлын даашинзныхаа эрэлд гарч, хүүхдүүд өвлийн өвгөний бэлэг хүлээн хөөрцөглөж, хаа сайгүй баярын уур амьсгал орж, хана тааз хүртэл  ногоон гацуур, мөнгөлөг саан чимэглэлд нэвсийтэл дарагдаж байна. Энэ оны шинэ жилийн баяр их л өргөн болох бололтой. Утас дуугарч байна. Үл таних бүсгүй хэзээний танил найз нөхөд шиг тас тас инээж “Сайн уу хө. Баярын мэнд. Чамайг шинэ жилийн баярт урьж байна. Урилгаа ирж авах уу? Би аваачаад өгөх үү?” хэмээн тун уриалгахан залгалаа. Ямар шинэ жилийн баяр гэж лавлатал “Мэдээгүй юм уу? Манай нутгийнханы шинэ жил. Би чамд урилга явууллаа шүү. Такс нь 100,000 төгрөг л болж байгаа. Урилгаа аваад таксныхаа мөнгийг явуулчихаарай” гэснээ үгийн чөлөөгүй утсаа салгачих юм. Нэг танил маань бүр аргаа барсан шинжтэй, “энэ олон шинэ жилийн баярт явах хэцүү, байх хэцүү, таксны мөнгөнд ёстой л нэг шатаж өгч байна” хэмээн толгойгоо сэгсэрч байлаа. Хаа сайгүй л өндөр такстай, өргөн хэмжээний архидалт болж байгаа бололтой. Аймгийн, сумын, хандивын, залуучуудын, төрийн бус байгууллагын, дүүргийн нэр урдаа зүүсэн олон арга хэмжээнүүд…Бүгд л нэг хэвийн рекламтай. “Амтат хоол, тансаг ширээ, ногоон гацууртай шинэ жилийн баяр гэсэн сүржин рекламтай. Гэсэн ч бүгд л адилхан нэг хэвийн хоол ундтай, баахан архи дарснаас өөр гялайж гялтайх зүйлгүй баярын ширээнүүд байх юм. Шинэ жилийн баяр ёслол гэхээсээ илүүтэйгээр бизнес болон цэцэглэж, таксны мөнгө цуглуулах ажилд их л олон хүн гарцгааж.  Зарим шинэ жилийн баярын нэр нь хүртэл нэг л сонин.  Төв аймгийн залуучууд гэхэд л  “Алтан шанага” нэртэй шинэ жилийн баяр хийж байгаа юм байх. Нэг хүн 20,000 төгрөгийн такстай. “Шанага нь тав, шавхруу нь гурав” гэдэг онигоо явсаар байгаад Төв аймгийн залуучуудын шинэ жилийн баярын нэр болж хувирсан бололтой. Тэгвэл Увс аймгийн залуучууд “Хархираан гацуур” нэртэй баяр хийж, таксанд бас л чамлахааргүй мөнгө татсан байх юм. Хамгийн гол нь зохион байгуулагч нар тухайн нутаг орноос сонгогдсон УИХ-ын гишүүд, нэр дэвших сонирхолтой нөхдүүдээс бас л мөнгө зулгааж, битүүхэндээ сонгуулийн сурталчилгааг нь хийж өгч байгаа гэнэ. Хүүхдүүдэд зориулсан хандивын маскрад шоуны такс 39.000 төгрөгийн үнэтэй гэнэ. Гэвч хандив мөнгийг хэн хаана аваачиж өгсөн нь бас л тодорхойгүй. “Болор мөнгөн өвөл” нэртэй 70,000 төгрөгийн такстай баярын зар хаа сайгүй рекламаа цацаж байна. Залуучуудын нэгэн байгууллага 50,000 төгрөг татаж, баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа юм байх. “Венийн вальс” шинэ жилийн арга хэмжээний такс 100 ам доллар, Хөвсгөлчүүдийн баярын арга хэмжээнд ороход 70,000 мянга гээд дурьдаад байвал нилээд урт жагсаалт гарах бололтой.
Хэн хэдэн төгрөгөөр хаана яаж баяр ёслол тэмдэглэх нь тухайн хүний эрх. Гэвч ганцхан үдэш цэнгэж, ганцхан орой гоёж, маргааш нь ёолтлоо шартах ёолкны таксны мөнгийг арай л өөр зүйлд зарцуулвал гэсэн бодол цээж нухаад салахгүй нь.


URL:

Сэтгэгдэл бичих