Технологи дагасан эмгэг
Танилын маань нэг настай хүүхэд аав, ээжийнхээ гар утас, нөүтбүүкийг гартаа бариад заавал ямар нэгэн хүүхэлдэйн кино, бичлэг үзэж байж хоол,ундаа идэж уудаг этгээд зуршилтай болчихсон юм. Тэр хүүхдийн ийн донтох эмгэг нь улам даамжирч, унтахдаа телевизийн дуу тавьж нойрсдог болж. Хэрэв бүрэн унтаагүй байхад нь зурагтыг нь унтраачихвал тэр дороо сэрж, хэдэн цагт ч бай хамаагүй босоод суучихдаг болчихжээ. Анхааруулахад, нэг настай хүүхэд шүү дээ.
Бас нэгэн жишээ дурдъя. Гурван настай охин ээжийнхээ утсыг ээжээсээ ч илүү ашиглаж сурчээ. Гар утсанд нь өөрт таалагдсан тоглоомоо хэдийг ч хамаагүй татаж авна. Устгачихвал ахиад л татаад суулгачихдаг гэнэ. Эцэстээ эцэг, эх нь хүүхдийнхээ энэ зуршлыг болиулахын тулд ухаалаг гар утсаа товчлууртай утсаар солиход хүрсэн гэсэн. Ийнхүү охин нь гар утаснаас “хагацсан” ч одоо телевизорын өмнө хэдэн цагаар ч хамаагүй сууж, хэдэн цагт аль сувгаар ямар хүүхэлдэйн кино гарахыг гаргаахгүй сайн мэдэж, зурагтынхаа сувгийг жонглёр тоглохын адилаар солбидог болж.
Шинэ зууны хүүхэд, багачуудын дунд дэлгэцийн дон хэмээх эмгэг хэрхэн түгээмэл болсныг СЭМҮТ- д эмчлүүлэхээр очиж буй хүүхдүүдийн тооноос харж болохоор. СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөрийн клиникийн эрхлэгч Д.Энхтуяа хэлэхдээ,“СЭМҮТ- ийн хүүхдийн тасагт 2016 онд 442 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол энэ тоо 2017 онд 487 болж өссөн. Гэхдээ энэ нь зөвхөн байнга дэлгэц ширтдэг болон хүнд хэлбэрийн стресст орсон хүүхдүүдийн тоо. Нийт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 25 орчим хувь нь дэлгэцийн донгийн хүнд хэлбэрт шилжсэн байдаг. Саяхныг хүртэл манай тасагт хэвтэгсдийн хамгийн бага нь найман настай байсан.
СЭМҮТ-ийн хүүхдийн тасагт 2017 онд 487 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ
Гэтэл одоо наймаас доош насны донтогсод нэмэгдэж байна. Энэ бол сэтгэл зовниулсан асуудал боллоо” гэв. Хүүхдүүд, ялангуяа бага насныхан яагаад дэлгэцэнд донтож байна вэ. Үнэндээ утааны хор хөнөөлийн адилаар дэлгэцийн дон нь энэ нийгмийн анхаарах ёстой, ахин дахин ярих ёстой асуудлын нэг болоод байна. Хамгийн гол нь, дэлгэцэнд донтох хүүхдүүдийн нас улам залуужиж байгаа нь анхаарал татна. Үүнд хамгийн ихээр өртөгсөд нь цэцэрлэгийн насныхан. Тэгвэл бүтэн өдрийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлж буй хүүхдүүд ямар учраас дэлгэцэнд донтож байна вэ гэсэн асуулт гарч байна.
Тиймээс бид Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгийн аргазүйч Б.Энхчимэгтэй уулзахад, “Өнөөгийн нийгэмд телевизорын хэрэглээ маш их байна. Эцэг, эхчүүд олон цагаар ажилладаг болсонтой холбоотойгоор хүүхдэд тавих хараа хяналт нь суларч, хүүхдүүд олон цагаар зурагт үздэг боллоо. Энэ бүх техникийн хэрэгслийн нөлөө нь эргээд хүүхдийн бие бялдар болон оюун ухааны хөгжилд асар ихээр нөлөөлдөг болсон. Манай цэцэрлэгийн хувьд дунд бүлгийнхэн буюу гурван настай хүүхдүүдэд дээрх үзэгдэл илүү ихээр ажиглагддаг. Ер нь эцэг, эх нь ажлаасаа оройтож тараад хүүхдээ ч оройтуулж цэцэрлэгээс авдаг.
Гэртээ очоод хоолоо хийж идээд унтах хүртэлх хамгийн багадаа 2-4 цагийн хооронд хүүхдүүд зурагт үзэж сатаардаг. Энэ байдлаас шалтгаалан хэт орой унтсан хүүхэд өглөө нь цэцэрлэгтээ нойрмог байдалтай ирдэг. Ингэж нойрмог ирсэн хүүхдүүд өглөөний дасгал хийхээс эхлээд бусад сургалтын үйл ажиллагаанд маш идэвхгүй оролцдог” хэмээн ярьж байна. Мөн түүнтэй адилаар “Эцэг, эхчүүд зөвхөн тухайн үедээ л байдлыг аргацаах, өөрсдөдөө аль болох амар байдлаар шийдэх зорилгоор асуудалд хандаж байгаа нь тун харамсалтай. Миний үгэнд орж, надад л тээг болохгүй бол боллоо гэсэн байдлаар үр хүүхдэдээ хандах хандлага түгээмэл болжээ” гээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн арга зүйч О.Одончимэг цааш нь ярихдаа “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага “Цөм” хөтөлбөрийн хүрээнд сургалтаа явуулж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд бид сургалтын хөтөлбөртөө цахим сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Тодруулбал, өдөрт стандартад заасны дагуу 10-15 минутын хугацаанд телевизор, компьютер ашиглан хичээл заадаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, манай цэцэрлэгт сургалтын хөтөлбөрөөс өөр цагт хүүхдүүдэд аль болох зурагт үзүүлэхгүй байхыг зорьдог” гэв. Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Б.Энхлэн “Хүний хөгжлийн суурь нь бага насанд тавигддаг хэмээн эрдэмтэд хэлдэг. АНУ-ын эрдэмтдийн нотолсноор гурван настай хүүхдийн уураг тархи насанд хүрсэн хүний чадамжийн 90 хувьтай тэнцэхүйц хөгжсөн байдаг аж.
Тэгэхээр уураг тархины хөгжил хүний амьдралын эхний гурван жилд ямар ч зүйлийг хүлээж авах, эргэцүүлэх, хариу үйлдэл үзүүлэхүйц түвшинд хүрсэн байдаг байх нь. Тиймээс гурав хүртэлх насанд нь хүүхдэд юу үзүүлэх, ямар орчинд байлгах нь маш чухал. Хүүхэд бага насандаа ямар дадал, хэвшилтэй болсноос шалтгаалан тухайн хүүхдийн насан туршийн амьдралд нөлөөлдөг байна. Иймд бага насны хүүхдийн бие бялдар, зан төлөвийн төлөвшилд багш сурган хүмүүжүүлэгч, эцэг, эх, гэр бүл, хамт олных нь нөлөө тусгал илүү нөлөөлдөг. Насанд хүрсэн хүн ямар нэг үйлдэл хийхэд бага насны хүүхэд уг үйлдлийн 90 хувийг даган дуурайдаг. Хэдийгээр хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадвар нь 10-15 хувьтай байдаг ч хүүхэд зурагтаар гарч байгаа мэдээллийг шүүж чадахгүй.
Өөрөөр хэлбэл, том хүмүүс юу үзнэ тэр бүх зүйл нь тухайн хүүхдийн ухамсарт ямар ч шүүлтүүргүй орж байдаг гэсэн үг” гэв. Өвөө, эмээгийн ярьж өгдөг үлгэр, ээжийн бүүвэйн дууг ухаалаг төхөөрөмжүүд үгүй хийж буй өнөө цагт эцэг, эхчүүд хүүхдээ шинэ зууны эмгэгтэй болохоос нь урьтаж сэрэмжлэх цаг ирээд байна. Гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж буй технологиуд таны хүүхдийн, ерөөс том бага гэлтгүй бидний ирээдүйд заналхийлж байна. Хайчаар тоглож байгаад нүдээ сохолчихсон хүү том болоод ээж, аавдаа “Хайчийг минь булаагаад авчихгүй дээ, нүдээ сохолтол уйлах биш дээ би” гэж хэлсэн гэдэг. Үүн шиг бид үр хүүхдүүдийнхээ, хойч ирээдүйнхээ тархи оюуныг кибер халдлагад өртүүлчихээд харамсаж суухгүйн тулд өнөөдрөөс гар утас, компьютер, таблет, зурагт гээд техник технологийн хэрэглээндээ илүү ухаалаг хандах цаг болжээ.
Б.Бямбасүрэн
Засгийн газрын мэдээ
URL: