“Газрын тосны үйлдвэр барих санхүүжилтийг гүйцэтгэлээс нь хамаарч хэсэгчлэн олгоно”

Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласан баярын өдрийн өмнөх өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Т. Суреш Бабутай ярилцлаа.

 17349

-Элчин сайд аа танд Энэтхэгийн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр бол танай ард түмний хувьд яах аргагүй үнэ цэнэтэй өдөр. Энэ өдөртэй холбогдуулан танай Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Бүгд Найрамдах Улс тунхагласан энэ өдөр бол энэтхэгчүүдийн хамгийн чухал тэмдэглэлт баярын өдөр. Одоогоос 69 жилийн өмнө буюу 1950 оны энэ өдөр тусгаар тогтносон Энэтхэг Улс анхны Үндсэн хуулиараа Бүгд Найрамдах Улсаа тунхагласан. Үүнээс хойш жил бүр Энэтхэгийн ард түмэн энэ өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.

Энэ өдөр Энэтхэгийн өнцөг булан бүрт туг өргөх ёслол болдог бөгөөд нийслэл Дели хотноо Энэтхэгийн бүх мужийн төлөөлөл, агаар, далайн зэвсэгт хүчин болон дунд сургуулийн хүүхдүүд оролцсон томоохон хэмжээний баярын парад болдог. Энэхүү баярын жагсаалд Энэтхэгийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Парламентын дарга болон бусад өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирдэг.

Энэ арга хэмжээ нь Энэтхэг Улсын гаргасан амжилт, хөгжил дэвшлийг дэлхийд харуулах сайхан боломж юм. Энэ үеэр мөн түнш орнуудынхаа удирдагчдыг урьдаг уламжлалтай. Өнөөдөр болох арга хэмжээнд анх удаа АСЕАН-ий орнуудын удирдагчид оролцоно. Энэ жил анх удаа ийм олон орон орны удирдагчийг урьж буйгаараа онцлог юм. Манай Элчин сайдын хувьд ч гэсэн уг чухал арга хэмжээг тэмдэглэнэ. Өглөө туг өргөх хүндэтгэлийн ёслолыг хийнэ. Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тугийг өргөдөг ёстой.

Хэдийгээр Улаанбаатарт хүйтэн байгаа ч бид уг ёслолоо хийх болно. Ёслолын дараа Элчин сайдын яаманд багахан хэмжээний арга хэмжээ болно. Энэ үеэр Элчин сайд Энэтхэгийн Ерөнхийлөгчийн илгээмжийг уншиж танилцуулна.

-Өмнө нь та ямар оронд ажиллаж байсан бэ?

-Элчин сайдаар Гүрж, Армен зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Кавказын орнуудад ажиллаж байсан. Мөн Москва, Минск, Киевт зэрэг өөр олон оронд ажиллаж байсан.

-Манайд өвөл нэлээн хүйтэрдэг. Энэ нь Азийн дулаан орнуудын хүмүүст ялангуяа энэтхэгчүүдийн хувьд хүндхэн. Таны хувьд хүйтэн цаг агаарт хэдийнээ дассан байх нь ээ?

-Би дулаан орны хүн. Энэтхэг бол ерөнхийдөө халуун уур амьсгалтай, агаарын температур хэзээ ч хасах руу ордоггүй. Харин нутгийн хойд хэсгээр хасах 10-15 градус хүрдэг. Хил орчимд хасах 50 градус хүрэх ч тохиолдол бий. Би хүйтэн уур амьсгалтай орнуудад ажиллаж, амьдарч байсан туршлагатай учир Монголын цаг агаарт харьцангуй дасан зохицож байгаа.

-Та хоёр орны харилцаанд шинэчлэл болохуйц ямар ажлыг эхлүүлэв?

-Монголд ирээд 1.5 жил болж байна. Манай хоёр орны харилцаа хэдэн зуун жилийн түүхтэй. Харин хоёр орны дипломат харилцаа 62 жилийн түүхтэй. Энэтхэг нь 1955 онд социалист орнуудаас гадна хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс. Мөн манай улс Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх санал гаргасан анхны орон. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хоёр орны хооронд өндөр төвшний олон айлчлал болсон.

Ялангуяа Монгол Улс ардчилсан улс болсноос хойш манай хоёр улсын харилцаа улам эрчимтэй хөгжиж байгаа. Монгол Улсын бүх Ерөнхийлөгч Энэтхэг Улсад айлчилсан. Энэтхэгийн Ерөнхийлөгчид, дэд Ерөнхийлөгчид, Парламентын дарга нар Монгол Улсад мөн олон удаа айлчилсан. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди анх удаа Монголд айлчилсан нь манай хоёр орны хувьд түүхэн айлчлал болсон юм.

Ерөнхий сайд Модигийн айлчлалын үеэр хэд хэдэн чухал гэрээ хэлэлцээр хоёр улсын Засгийн газар байгуулсан. Хэлэлцээрт улс төрөөс эхлээд эдийн засаг, худалдаа, соёлын арга хэмжээ багтсан. Энэ айлчлал хоёр орны харилцаанд шинэ эрин бий болгож, манай хоёр орны харилцааг стратегийн өндөр төвшинд хүргэсэн. Мөн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай гэрээ байгуулж Улаанбаатар Делигийн хооронд шууд нислэг үйлдэхээр тохиролцсон. Хэрэв бид шууд нислэг хийж эхэлбэл хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал хөгжихөд түлхэц болно.

Энэ ондоо багтаж Монголын Иргэний агаарын тээвэр Дели руу шууд нислэг хийж эхэлнэ гэж бид найдаж байгаа. Үүнээс гадна манай хоёр улсын стратеги, батлан хамгаалах, хил хамгаалах, гамшгийн менежментийн салбарын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна. Түүнчлэн Энэтхэг, Монголын ард түмэн оюун санаагаараа холбоотой. Манай хоёр орны ард түмнийг буддын шашин нэгтгэдэг.

-Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр Энэтхэгийн тусламжтайгаар Монголд анхны газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар яригдаж байсан. Газрын тосны үйлдвэр бол монголчуудын хувьд маш чухал бүтээн байгуулалт. Монголчууд газрын тос боловсруулах үйлдвэрийг тэсэн ядан хүлээж байна гэж хэлж болно. Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар хоёр улсын хооронд дахин үе шаттай яриа хэлэлцээ хийгдсэн үү? 

-Ерөнхий сайдын айлчлалын гол онцлох зүйл нь Энэтхэг Улсаас Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд зориулан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоо зарласан явдал юм. Монгол Улсын Засгийн газраас уг хөнгөлөлттэй зээлээр газрын тосны үйлдвэр барих шийдвэр гаргасан. Бидний зүгээс Монгол Улсын Засгийн газар хөнгөлөлтэй зээлээ яг энэ төсөлдөө амжилттай ашиглана гэж найдаж байна.

-Хөнгөлөлттэй зээл яг хэзээнээс олгогдох вэ? 

-Ерөнхий гэрээ Энэтхэгийн Экспорт, импортын банк болон Монголын Засгийн газрын Сангийн яам хооронд байгуулагдсан. Зээл нэг дор орж ирэхгүй, бүтээн байгуулалтын төслийн хэрэгжилтээс хамааран хэсэгчлэн олгогдоно.

-Энэтхэг Улс Монголын боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулдаг. Жил бүр олон зуун төрийн албан хаагч Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгээр богино болон урт хугацаанд суралцаж байна. Элчин сайдын яамны зүгээс ч Энэтхэг Улсад суралцсан хүмүүстэйгээ холбоотой байдаг. Жилд дунджаар хэчнээн хүн Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, суралцаж байна вэ?

-Монгол Улс ардчилсан улс болсноосоо хойш Энэтхэгийн Засгийн газраас олгогдож буй тэтгэлгүүдийг үр дүнтэйгээр ашиглаж байгаа. Англи хэл, мэдээллийн технологи, удирдлага, менежмент, банк санхүү зэрэг олон чиглэлээр 1-6 сарын богино хугацааны тэтгэлгийг төрийн албан хаагчдад олгодог. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Ерөнхий сайд Моди уг тэтгэлгийн тоог 120-150 болгож нэмсэн.

Бидний зүгээс Монголын төрийн албан хаагчид Энэтхэгээс туршлага хуримтлуулаад сурсан мэдлэгээ өөрсдийн ажлын байрандаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж буй юм. Мөн Энэтхэгийн Засгийн газраас 40 орчим тэтгэлгийг бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах хүсэлтэй Монголын залууст олгодог. Танай сониноор дамжуулан энэ жилийн Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан гэдгийг хэлье. Энэтхэгийн боловсролын чанар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.

-Эдийн засаг, улс төрийн салбартай харьцуулахад Энэтхэгийн Засгийн газар манай улсын боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулдаг юм шиг харагддаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Боловсрол бол аливаа орны хөгжилд их чухал. Монголд ч гэсэн мөн адил. Монголын ирээдүй бол Монголын залуу үеийн гарт бий. Тиймээс Монгол Улсад өндөр боловсролтой мэргэшсэн залуус хэрэгтэй. Мэдээж Монголын олон залуус дэлхийн өнцөг булан бүрт суралцаж байгаа. Энэтхэг Улсын хувьд туршлага, мэдлэгээ монголчуудтай хуваалцахдаа хэзээд таатай байх болно.

-Энэтхэг бол Монголын хувьд гуравдагч хөрш. Гуравдагч хөрш гэдгийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Юун түрүүнд Монголын удирдагчдад Энэтхэгийг гуравдагч хөрш хэмээн хүлээж авч буйд талархлаа илэрхийлмээр байна. Энэ хүрээнд Энэтхэг Улс Монгол Улстай стратегийн түншийн харилцаатай байхдаа таатай байдаг. Хэдийгээр бид газарзүйн хувьд холбогдоогүй ч түүх, оюун санаа, иргэншил, соёлоороо холбоотой орон.

-Энэтхэг бол техник, технологи, IT чиглэлээрээ алдартай. Энэ салбартаа хэр хэмжээний хөрөнгө зарцуулдаг вэ. Энэтхэгийн “Цахиурын хөндийн” хөгжил хэр төвшинд явж байгаа вэ? 

-Энэтхэгийн Засгийн газраас шинжлэх ухаан, IT, мэдээллийн технологит суурилсан салбараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг. Ирээдүйд улсын хөгжил эдгээр салбараар тодорхойлогдоно гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн 20 гаруй жилд Энэтхэг Улсын шинжлэх ухаан, технологийн салбар хурдацтай хөгжиж, ололт амжилтаар арвин байгаа. Энэ нь Энэтхэг Улс дэлхийд энэ салбартаа тэргүүлэгч орон болоход ихээхэн түлхэц болох юм.

Одоогоос 20 жилийн өмнө Банглоре хот “Цахиурын хөндий” хэлбэрээр хөгжиж байсан бол одоо Хайдрабад, Ченнай тэргүүтэй бусад олон том хот IT буюу “Цахиурын хөндий” хэлбэрээр хөгжиж байна. Ялангуяа программ хангамжийн экспорт Энэтхэгийн гадаад худалдаанд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Дэлхийн мэдээллийн технологийн бүх томоохон компаниудын салбарууд Энэтхэгт байдаг.

Мөн “Google”, “Microsoft”, Intel, IBM болон бусад томоохон компаниудын хүний нөөцийн 25-30 орчим хувийг Энэтхэгийн IT инженерүүд эзэлж байна. Энэ салбарын хүрээнд Энэтхэг Улс Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Энэтхэгийн Засгийн газраас 20 сая ам.долларын зээлийг Улаанбаатар хотод Мэдээллийн технологийн төв байгуулахад зориулж олгохоор болсон. Энэ ондоо багтаад технологийн төвийн барилгын ажил эхэлнэ.

-Хоёр орны одоогийн харилцааг та хэрхэн тодорхойлох вэ?

-Хоёр орны харилцаа маш сайн байгаа. Мөн би Монгол Улсад ажиллаж байгаадаа баяртай байна. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, их хэмжээний нөөц баялагтайгаас гадна хүмүүс нь чадварлаг, ухаалаг. Бид Монгол Улстай хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно.

-Ярилцсанд баярлалаа

-Тун удахгүй Монголын үндэсний баяр Цагаан cap болох гэж байна. Тиймээс би Монголын ард түмэн болон танай сонины уншигчдад энхтайван, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсье.

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих