Г.Өсөхбаяр: Залуу зургаан зааны үе гэхээр сайхан санагддаг шүү

Монгол Улсын гавьят тамирчин, даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай ярилцлаа. Тэрээр “Алдар” спорт хорооны даргын ажлыг аваад удаагүй байгаа билээ.

-Өөрөөр “Алдар” спорт хорооны даргын ажлыг дөнгөж аваад байхдаа манай сонинд товч яриа өгсөн. Цаашид ямар, ямар ажил хийхээр төлөвлөөд буйгаа бодож амжаагүй байна гэсэн. Одоо бол төлөвлөчихсөн байгаа нь мэдээж?

-”Алдар” спорт хороо маань манай ууган нийгэмлэгүүдийн нэг. Энэ байгууллагаас Монголын бүх л алдартай тамирчид төрсөн шүү дээ. Спортын маш том бааз юм даа. Ажлаа аваад сар гаруй л хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ажилтайгаа танилцаж амжлаа. Гэхдээ миний бие “Алдар” нийгэмлэгийн тамирчин болоод хорь гаруй жил өнгөрчээ. Мөн цэргийн хүн гэдэг утгаараа хамт олноо мэддэг. Тиймээс надад бол шинэ салбар огт биш. Хамт олонтойгоо зохицоод л ажиллаж байна даа. Төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байгаа. Ирэх онд бидний өмнө том зорилт тавигдах болно. Монголын бүх ард түмний спартакиадад манайхан оролцоно. Дөрвөн жилд ганц удаа болдог учраас Монголын олимп гэж ойлгож болох юм. Уг спартакиадад “Алдар” нийгэмлэг маань арван хоёр удаа оролцсоноос аравт нь тэргүүлж, хоёрт нь мөнгөн медаль хүртэж байсан түүхэн амжилт бий. Монголын олимпдоо бид бэлдэж байна. Он гаргаад л цана, тэшүүр гээд тэмцээнүүд эхлэх байх.

-Таныг автын инженер мэргэжилтэй гэдгийг хүмүүс ерөнхийдөө мэдэх болов уу. Бөхийн зам мөр хэрхэн хөөснийг тань ч бас гадарлана. Гэхдээ тэр тухай асуумаар байна л даа?

-Автын инженер мэргэжил эзэмшихээсээ өмнө би барилддаг байсан. Бөх гэдэг мэргэжил биш учраас дараа нь автын инженер мэргэжилтэй болсон. Ер нь би бөхийн орчинд өссөн бөх болно гэж боддог, мөрөөддөг байсан. Өвөө маань түмэндээ алдар нь түгсэн том бөх хүн байсан болохоор удмыг нь залгаж бөх болохоор шийдсэн гэж хэлж болох юм. Миний бие өвөөгийнхөө нэр төрийг сэвтээлгүй, өндөрт авч яваа гэж боддог. Өөрийнхөө амьдралыг бөхийн спортод зориулснаа ийн хэлж байна.

-Та анхны цолоо хаана хүртэж байв. Ямар ч байсан 1994 онд Бүх цэргийн наадмаар одоогийн гарьд И.Доржсамбуутай үзүүр түрүү булаалдан өвдөг шороодож, цэргийн заан цол хүртсэнийг тань санаж байна?

-Анхны цол гэвэл 1993 онд Архангай аймгийн Цахир сум буюу өвөөгийнхөө төрсөн нутгаас сумын заан цол хүртэж байлаа даа. Тэгэхэд би чинь хорин нас л хүрч байсан юм уу даа. Өвөөгийнхөө нутгаас анхны цолоо авсандаа бахархаж, бэлгэшээдэг. 1994 оны гуравдугаар сарын хорин долоон билүү, хорин найманд Батлан хамгаалах яамнаас тушаал гарч анх армийн хүн болж байсан. Дараа нь бүх цэргийн наадмаар И.Доржсамбуу гарьдтай үзүүр түрүүнд үлдэн үзүүрлээд цэргийн заан цол хүртсэн. Тэр жил Архангай аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан болсон. 1995 онд бүх цэргийн наадмаар Ч.Батзориг зааныг даван түрүүлснээр цэргийн арслан цол хүртсэн. Одоогийнхоор бол хурц арслан цолтой болж байлаа.

-Буур Жамьян аварга “Энэ хүү бөх болж мэднэ. Эрийн цээнд хүртэл нь битгий ноцолдуулаарай” гэж Ж.Мөнхбат аваргад захиж байсан гэдэг. Энэ үгийн цаана их учир бий дээ?

-Энэ үгийг бодохоор би өвөөгөө их мундаг холын хараатай хүн байжээ гэж өөрийн эрхгүй биширдэг. “Миний зээ хүү бөх болж мэднэ хорин нас хүртэл нь битгий ноцолдуулаарай хэрэв барилдахаар байвал хүний гарын аяыг даачихаар болох үед нь барилдуул, болохгүй бол битгий барилдуулаарай олны доог тохуу болох вий” гэхээс эмээсэн тухай Мөөеө аваргатай ярьсан зүйл байдаг юм билээ. Ингээд бодохоор хорин нас хүрнэ гэдэг эрийн цээнд хүрч хүний гарын аяыг даахтай болдог юм” байна л даа. Би 16 настай сургуулиа төгсөн Улаанбаатар хотод ирж бөхийн секц, дугуйлангаар гурав, дөрвөн жил хичээллэсний хүчинд хүний гарын аяыг даахаар болсон доо. Тэгээд яг хориндоо насандаа барилдсан нь Цахир сумын наадам юм. Одоо ингээд бодоход арван долоо, найман насандаа сайн барилдаж байгаад бэртэл гэмтэл аван бөх болж чадаагүй түүх олон хүнд байдаг. Энэ бүгдийг давхар бодож тооцоолсон байж дээ, манай өвөө. Ер нь энүүхэндээ л хэлэхэд, аваргын удмыг залгаж бөх болно гэдэг маш өндөр хариуцлага ш дээ.

-Ойрын хугацаанд та барилдаж харагдсангүй. Зүүний магнай эзгүйрээд эвгүй юм гэж манайхан ярьдагдаа, түүн шиг л санагдах юм?

-Барилдалгүй яахав. Ойрын үед бэлтгэл дутуу байлаа. Мөн ажлын зав зай амжихгүй юм. Өндөр цолонд хүрсэн бөх бэлтгэл дутуу барилдаад доогуур даваануудад уначихмааргүй л байна шүү дээ. Бэлтгэл жаахан дутуу л бол залуучууд тун эвгүй болчихоод байна.

-Та чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин байхдаа Азийн наадмаас хүрэл медаль хүртэн, Ази тивийн аварга ч болж байсан. Үүнээс өндөр амжилт гаргах боломж байсан л байлгүй, тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм боломж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бодоход өөрийгөө дайчлах тал дээр алдаа дутагдал гаргасан юм болов уу. Бэлтгэл сургуулилт хийх гэхээр хүнд жингийн тамирчинд хамт бэлтгэл хийх хүн олдохгүй гээд хувь болон хувьсгалын олон хүчин зүйлс нөлөөлж л байсан. Манай спортынхонд бэлтгэл хангагч олдохгүй, тийм л хэцүү байлаа ш дээ. Биднийг ид барилдаж байсан ерээд онд хангамж, тэмцээн уралдаанд оролцох замын зардал, байрны асуудал гээд бүх л зүйл дээр хүний царай харж байлаа. Цаг хэцүү байхад тамирчид ар гэрээ авч явахын хажуугаар олон улсын тэмцээн уралдаанд орох зардлаа хайхаас өгсүүлээд асуудал их байсан. Харин одоо бол өөр болсон шүү дээ. Улс орон хөгжөөд спортынхныг анхаарч үздэг болж. Одоо тэгээд гаргасан амжилтдаа сэтгэл дундуур байлаа гээд яахав дээ.

-Хоёр мянгаад он бол залуу зургаан зааны эзэрхийллийн үе байлаа. Үнэхээр ч та бүхний өрсөлдөөн бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан даа?

-Монгол бөх маань үе үеээрээ төрдөг. Нас ойролцоо сайхан бөхчүүд төрж байлаа л даа. Яахав залуу зургаан зааны барилдаа, тэмцэл үнэхээр өрсөлдөөнтэй байсан. Улсын наадам, заал танхимын барилдаанд ч тэр бид зургаа барилдахад эхний найм дотор баттай л зогсдог байлаа. Үеийнхээ тэр сайхан бөхчүүдээр бахархдаг юм. Бид хоорондоо олон удаа барилдаж давж, унаж сайхан нөхөрлөдөг байсан. Үе үеийн бөхчүүдийг энэний үе, тэрний үе гээд ярьдаг. Ард түмэн хэдэн зуун жилийн дараа ч дурсаж л байдаг. Залуу зургаан зааны үе гээд ярьдаг болохоор бид монголчуудаа үнэнхүү баясгаж барилддаг байж дээ. Тэр тухай бодохоор сайхан санагддаг шүү. Зургаан залуу заан гээд онцлоод байгаа болохоос бидний үед шил даран И.Доржсамбуу гарьд, О.Одгэрэл, Д.Бумбаяр, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын заанууд, М.Жамьянпүрэв начин гээд бас л мундаг бөхчүүд гарч ирсэн шүү дээ. Бид зургаа бусад бөхчүүдээсээ арай илүү бэлтгэл хийж, хэн нэгнээ хурцалж барилддаг байсан болов уу.

-Тэгвэл одоогийн залуучуудын барилдаан та хэдийн гарч ирж байсан үетэй харьцуулахад ямар санагддаг бол оо?

-Монгол бөхөд шинэ үе гарч ирэх ёстой юм. Би дээр хэлсэн бөх үе үеэрээ төрдөг гэж. Хэдэн зуун жилийн өмнө ч гэсэн тийм л байсан. Гол нь яахав залуучуудад хандаж хэлэхэд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж, зөв явах ёстой. Энэ цаг үед монгол бөхийг авч яваа хүмүүсийн хувьд дараа үеийн бөхчүүддээ үндэсний бөхөө цэвэр ариунаар нь өвлүүлж өгөх ёстой гэдгээ цаг ямагт ухамсарлан бодох л хэрэгтэй. Цаашлаад үүрэг хариуцлагаас гадна энэ сайхан монгол үндэсний өв соёлоо хэрхэн үлдээх нь энэ залуусын гарт байна. Үндэсний бөх гэдэг агуу том соёл шүү дээ.

-Таныг өөрөө ч мэдэлгүй байж байгаад “Тусгай салаа” кинонд тоглочихсон гэдэг. Уг киноны Дэндэвийн дүрд тоглодог жүжигчин Эрдэнэбаяртай барилддаг хэсгийг асуугаад байна л даа?

-Өөрийн тань хэлж байгаачлан огт мэдээгүй байж байгаад тоглочихсон байна лээ. Сүүлд манай хүүхэд “Тусгай салаа” киног үзчихээд “Та кинонд тоглосон” гэж хэлээд намайг гайхахад хүргэж байв. Дэндэвтэй наадмын оноолтод хүчээр тааруулсан байх аа. Зэвсэгт хүчний тухай кино болоод ч тэр үү надад их таалагдсан. Яг барилдаж байх үед кино зураг авалт хийж байгаа гэж хэлээгүй, камер ч харагдаагүй. Сүүлд нь харин тоглосон жүжигчдийг нь хүлээн авч яамны шагналаар шагнаж байгаа нь зурагтаар гарч байсан. Дараа нь Жанжин штабын дарга нарт “Бүх жүжигчдээ    урьчихаад яагаад намайг уриагүй юм” гээд хошигноод өнгөрсөн удаатай.

-Улс төр, бизнесийн салбарт бөхчүүд хүч үзэх болсон. Б.Бат-Эрдэнэ аварга, Кёкүшюүзан Д.Батбаяр нараас өгсүүлээд хүмүүс бүгд мэднэ. Харин таны хувьд улс төрд хүч үзэх, бизнес хийгээд явах бодол байдаг уу?

-Одоохондоо тэр тухай бодож төлөвлөсөн зүйл алга даа.

-Тэгвэл цаашид орж магадгүй гэсэн үг үү?

-Мэдэхгүй ээ. Одоогоор бодсон юм алга л байна.

-Өнөө жилийн наадмын тухай асуух гэсэн юм. Та наймын даваанд Ж.Бат-Эрдэнэ гарьдад унасан даа. Их л харамсалтай санагддаг нь мэдээж?

-Харамсмаар барилдаан зөндөө байлгүй яахав. Энэ хорин жилийн хугацаанд хэдэн барилдаан болоход хэд давж, унасныг мэдэхгүй юм. Харамсахаасаа илүү дүгнэлт хийх нь үр дүнтэй гэж боддог. Дүгнэлт хийж байж алдаа оноогоо ухааран дараагийн барилдаандаа амжилт гаргах ёстой. Өнөө жилийн наадмын талаар яримааргүй байна аа.

-Үндэсний бөхийг дэлхийн хэмжээнд гаргах талаар юу гэж боддог вэ?

- Юм бүхнийг орчин үежүүлээд байвал монгол үндэсний онцлог устана шүү дээ. Бичиг соёл, зан заншил, эрийн гурван наадам тэр дундаа үндэсний бөх монгол гэж хүн байгааг, монгол гэж улс байгааг тодорхойлж байгаа хамгийн том үнэт өв соёлын нэг гэж боддог. Монгол бөхийг дэлхийд гаргахад зарим нэг дүрэм журмаас эхлээд өөрчлөх зүйл байлгүй л яахав. Тэгэхдээ олон зуун жил яваад ирсэн түүхэн уламжлалыг нь яасан ч алдагдуулж болохгүй.

-Жил жилийн наадмын дараа допингийн асуудал сөхөгддөг. Даян аваргын хувьд энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцах уу?

-Ер нь допингийн шинжилгээ авах болсонд би хувьдаа талархалтай байгаа. Аливаа спортод шударга өрсөлдөөн байх хэрэгтэй. Хэн нэг нь хүч нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглээд нөгөөх нь зүгээр энгийн бэлтгэлээ хийгээд барилдаж байгаа хүн хоёрын хооронд асар их ялгаа гарч ирж байгаа юм л даа. Хамгийн гол нь дэлхий, олимпийн наадамд хурцаар яригддаг энэ допингийг хэрэглүүлэхгүй гээд байгаа нь тухайн тамирчны эрүүл мэндийг хамгаалах гэсэн арга шүү дээ. Дэлхий анхаарал хандуулсан энэ зүйлд бид ч бас анхаарах ёстой. Ядаж л тэр уралдаан тэмцээнийх нь медалийг хураахаас гадна олон жилээр тамирчны эрхийг хасч, нэр төрөө цаашлаад улсынхаа нэр хүндийг унагахыг нь хориглох нь зөв. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг ухаарах л хэрэгтэй. Тамирчин хүн эрүүл байж л амжилт гаргадаг. Үнэхээр л тэр олон улсын стандартад нийцсэн газар шинжилгээг нь аваад, хариуг нь гаргаад байх шиг байгаа юм. Харин хариуцлага тооцох болохоор дотроо тэгсээд өнгөрдөг. Яах гээд хүч нэмэгдүүлэх бэлдмэлийг хориглоод байдаг юм. Үр нөлөө нь яаж гардаг талаар бодох л асуудлын нэг. Монгол бөх удам залгаж төрдөг. Манай бөхчүүдийн дийлэнх нь ямар нэгэн бөхийн удамтай байдгийг бид мэднэ. Энэ допинг бидний үр удамд нөлөөлж тэр генийг устгах аюултай. Хүч нэмэгдүүлэх бэлдмэл ер нь бол хар тамхи шүү дээ. Хар тамхийг дэлхийд яаж хорьж цагддаг билээ.

-Бөхчүүд “Бэртэл гэмтлээ эдгээх гэж хэрэглэсэн. Допингийн төрлийн эм гэдгийг нь мэдээгүй” гэдэг. Энэ тал дээр…?

-Хувь хүн, тамирчин хүний хариуцлага гэж байх хэрэгтэй. Бид эрхээ мэдээд байдаг хэрнээ үүргээ огт мэддэгүй. Өөрсдөө хэрэглэж байгаа эм, эмчилгээгээ допингийн төрөлд орж байна уу, үгүй юу гэдгээ эмчээс асуудаггүй. Биднийг хариуцсан эмч, байсаар байтал тэднээс энэ тариаг хийлгэх гэсэн юм болох уу, болохгүй юу гэдгээ тодруулж лавладаггүй нь бөхчүүдийн буруу. Тамирчид бэртэл гэмтэл маш их авдаг л даа. Мэдээж түүнийгээ эмчлүүлэлгүй яахав. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрсдийнхөө төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй шүү дээ.

Э.ЭНХБОЛД

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих