Түүхч Д.Өлзийбаатар: Монголчууд баялаг түүхтэй булаацалдах зүйл ихтэй ард түмэн
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар монголын их түүхийн тухай “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” цуврал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж, залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дээшлүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээ сурталчлан таниулах, түгээх зэргээр монголчуудын оюуны санд их хувь нэмэр оруулсныг нь үнэлж түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатарт Төрийн шагнал хүртээсэн юм. Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.
Юуны өмнө Танд төрийн эрхэм дээд шагнал хүртсэнд баяр хүргэе. Шагнал хүртэх мөчид юу бодогдов? Урлаг соёлынхныг ажаад байхад Төрийн ордноос гараад байгууллагадаа очиж тайзнаа мөргөх юм билээ. Та ямар үйлдэл хийв?
-Шагнал авна гэж огт мэдээгүй. Бид тусгаар тогтнолын талаарх төсөл дээр ажиллаж, кино бүтээж байгаа юм. Энэ асуудлаар Ерөнхийлөгч уулзана, албаны хувцастай ирээрэй л гэж хэлсэн. Тэгээд яваад очсон. Өргөөнд ороод Ерөнхийлөгчийг хүлээж байтал орж ирээд, гэнэт зарлиг уншигддаг байгаа. Ёстой гэнэтийн зүйл болсон. Төрийн соёрхол хүртсэн мэдээг дуулсан зарим нөхөд маань тэр дороо давхиад ирсэн. Аав, ээж хоёр минь амьд мэнд байсан бол тэдэндээ л хамгийн түрүүнд очих байсан даа. Ордноос гараад гэртээ очсон. Эхнэр маань хэзээ хойно дуулаад араас хүрч ирсэн.
Таны лекцийг сонсож суухдаа ер нь түүх гэж юу юм бэ, түүхч гэж хэн бэ, хэн түүхийг бичих эрх, үүрэгтэй юм бол гээд олон асуулт хөврүүллээ…
-Өнгөрсөн үйл явдал, түүнд хийгдсэн дүн шинжилгээ, дүгнэлт түүнээс гарсан сургамж бол түүх юм. Аливаа ард түмэн туулж өнгөрүүлсэн үйл явдлын сургамжаа түүх болгон авч үлддэг. Голдуу томоохон үйл явдлууд түүхэнд бичигддэг. Гэхдээ хаягдаж үлдсэн зүйл ч олон бий. Үүнийг судлаж, бичиж, дүгнэлт хийдэг хүмүүс нь түүхчид. Болсон үйл явдлыг хугацааны хувьд дарааллуулж бичиж үлдээдэг нэг хэсэг түүхч байна. Нөгөө хэсэг нь үйл явдлыг цуглуулаад, дүгнэлт хийдэг. Нийгэмд түүхчдийн үүрэг асар их. Хятадын хаадууд дэргэдээ түүхчтэй байсан гэдэг. Гэхдээ хаанд таалагдах түүх бичих ёстой, эс бөгөөс амиа алдах дэнстэй. Өөрөөр хэлбэл шүүмжилж, буруу үйлдлийг нь бичиж болохгүй гэсэн үг. Үүнээс харахад түүхчдэд өндөр үүрэг, хариуцлага, бас ачаа дарамт ирж байгаа биз. Бид туулж өнгөрүүлсэн үйл явдлыг үнэн бодитоор нь олж харах, бичиж үлдээх л үүрэг хариуцлагатай.
“Түүх бичсэн хүн түүхийг өмчилдөг” гэсэн үг бий. Түүхч болгон түүхийг бичих эрхтэй гэж үү?
-Түүхч мэргэжил эзэмшсэн хүн бүр бичих ёстой. Өөрийн судалж буй сэдэв, түвшний хүрээнд бичих үүрэгтэй. Мэдээж бүх үйл явдал, сэдвийг хамарч судалж, бичнэ гэдэг боломжгүй шүү дээ. Түүхч хүн үнэн бодит байдлыг л баримтлах ёстой. Түүхийг үзэл сурталжуулж, улс төржүүлж, өөрт ашигтайгаар эргүүлэх, хувиргах гэж оролдох явдал, түүхийг нь харлуулах, гуйвуулж бичиж үлдээх зорилготой улс орон ч бий. Монголчууд үүнийг даван туулж өнгөрөөсөн. Учир нь бид агуу түүхтэй ард түмэн. Дэлхийн олон улс орон бидэнд эзлэгдсэн. Эзлэгдсэн орнууд эзэлсэн орныхоо түүхэнд хатуу харгис, бүдүүлэг хандах нь мэдээж. Биднийг түүхэнд зэрлэг балмад, устгахаас өөрийг мэддэггүй, аймшигт мангас мэтээр үлдээхийг зорьсон. Гэхдээ түүхийн гэрч баримт гэдэг үнэнийг тодорхойлдог. Одоо ил болж, олдож буй баримтууд тийм биш байжээ гэдгийг харуулж байна шүү дээ. Үүний нэг томоохон жишээ нь Рашид Ад Диний “Судрын чуулган”. Дэлхийн түүх болсон энэ ном 1300-аад оны үед бичигдсэн. Энэ түүхийн гол баатрууд нь монголчууд. Дэлхийн түүх бол угтаа монголын түүх гэдгийг үүнээс харж, Монголын хүчирхэг болсон учир шалтгаан, үүх түүхийг эндээс мэдэж болно. Бид “Судрын чуулган”-аас шүүрдэж түүхээ бичиж байна шүү дээ. Дээр нь одоо цагт дэлхийн олон орны номын сан, архив нээлттэй болж, эндээс монголчуудын хүчирхэг байсан үеийн баримт олдож байна. Энэ мэт жишээ баримтаас дэлхий бидний түүхийг эергээр харж, мэдэж эхэлсэн учраас дахиж хараар бичигдэхгүй. Баатарлаг үеийн түүх зөв бичигдэж үргэлжилнэ гэсэн үг. Бид өөрсдийгөө ч бас үгүйсгэх хандлагатай байдаг. Бидэнд “Монголын нууц товчоо”-ноос өөр бичигдэж үлдсэн ямар түүх байна вэ гээд л… Монголын түүхийг дайрч довтолдог, шатааж устгахыг оролддог. “Монголын нууц товчоо”-г гэхэд л үндсэндээ бодлогоор хуугаар нь устгасан шүү дээ. Ашгүй, хятад галигаар бичигдсэн боловч монголоор хүүрнэх “Монголын нууц товчоо” олдож дэлхийд тарсан. Монголчууд өндөр заяатай ард түмэн юм даа. Гарч ирээгүй бол бидний түүх яах байсан бол. Үүн шиг олон баримт, эх сурвалж цаашдаа ч олдоно, илэрч гарч ирнэ гэдэгт би итгэдэг.
Тэгвэл олон улсын түүхч, судлаачдын хамтарсан судалгаа их ач холбогдолтой байх нь?
-Монголчууд зөвхөн Төв Азийн өндөрлөгт амьдарч байсан хүмүүс биш. Дэлхийг эзэлж явсан дэлхийн хэмжээний ард түмэн. Энэ байгаа газар нутагт, үндэстнийхээ хэмжээнд асар олон жил амьдарсан улс. Хүннүгээс эхлээд л олон төрт улсыг байгуулсан. Ийм учраас дэлхий биднийг өвөг улс гэж ярьдаг. Монголын түүхийг судлахаар дэлхийн түүх гарч ирдэг, дэлхийн түүхийг харахаар монголчууд гол дүр нь байдаг. Тэгэхээр дэлхий Монголыг, монголын түүхийг сонирхохоос өөр яах вэ, судлахгүй гээд хаачих вэ.
Дэлхийн түүхийг ярихаар яалт ч үгүй Чингис хааны нэр тодордог. Би нэг зүйлийг гайхаад байдаг юм. Баримт нотолгоо, эх сурвалж нь байсаар байтал Чингис хааныг манайх гэж зүтгээд, болгох гэж оролдоод байдаг улс орнуудын тухайд…
-Монголчууд хамгийн баялаг түүхтэй, булаацалдах зүйл ихтэй ард түмэн. Түүхгүй ард түмэн түүхээ бүтээхийн тулд, баяжуулахын тулд монголын түүхээс зулгаадаг. Зулгаах зулгаахдаа монголчуудын эрх мэдэлд байсан, үндэстэн болж бүрэлдэж байсан, ард түмэн нь бий болж эхэлсэн тэр үеэс тасдан авч, зээлдэж, хулгайлж, өөрийн түүхийг бүтээж байна. Энэ бол монголчуудын агуу их түүхтэйн илрэл юм даа. Чингис хааныг орос, хятад, казак гээд бүгд л өөрийнх болгохыг хичээдэг. Гурван голын эхэнд төрсөн монгол хүн гээд түүх сударт бичигдээд үлдчихсэн байхад л сайн хүний нэрийг мянга худалдаж иднэ гээч л болох юм.
Бид тэгвэл түүхээ яаж хадгалж, хамгаалах ёстой вэ? Өөрсдөө ч түүхээ мэдэхгүй шахам л байна шүү дээ …
-Хамгийн гол чухал зүйл бол түүхээ мэдэх явдал. Улс эх орныхоо үүх түүхийг судална, мэднэ гэдэг чинь тухайн ард түмэн эх оронч байна гэсэн үг. Түүх бол үндсэндээ манай үзэл суртал, түүхээ судлаад мэдээд ирэхээр бахархах, хайрлах сэтгэл эрхгүй төрнө, сууна. Бидний дархлаа юм. Цэцэрлэгийн наснаас нь эхлээд л түүхээр хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг бодлогыг боловсруулж, насан туршийн түүхийн боловсрол олгох систем тогтоох ёстой. Тоглодог тоглоом, уншдаг ном, үздэг кино гээд бүх зүйлд үүх түүхээ шигтгэж суулгах хэрэгтэй.
Гэвч бид ярихаас цаашгүй л байна. “Чингис хаан”, “Хубилай” гэсэн хятадын кинонуудаас бяцхан үрс маань түүхээ өөрсөддөө хагас дутуу бүтээгээд байх шиг…
-Одоогийн улс төрийн тогтолцооноос болоод төвлөрсөн, тогтсон, нэгдсэн, урт настай бодлого байхгүй байна. Дөрвөн жилээр явдаг улс төрийн бодлого тогтчихсон. Түүх, уран зохиол, монгол хэл зэрэг хичээл, түүх соёлын зүйлс хамгийн сүүлд хаягддаг. Алт мөнгө, уул уурхай гээд мөнгө олох зүйл нь нэгдүгээрт тавигддаг болчихсон. Монгол Улс шинжлэх ухааныхаа салбарт дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,6 хувийг зарцуулдаг. Нэг хувьд ч хүрэхгүй байна шүү дээ. Ингэхээр шинжлэх ухаан яаж хөгжих вэ, түүх нийгмийн ухааны боловсрол яаж бодит, хүртээмжтэй байх вэ дээ. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд 4-6 хувийг зарцуулж байна. ОХУ түүхэн кино, бүтээлүүдийг олон тоогоор бүтээж байна. Энэ чинь бодлого явагдаж байгаагийн илрэл.
Та “Хубилай” киног битгий үз гэсэн байсан?
-Хубилай хаан хятад түшмэлүүдийн үгээр, зөвлөмжөөр, оролцоотойгоор түүхэнд тодроогүй. Бүр зорилгоор бэлтгэгдсэн хаан, 15 настайдаа урд газар суурьшиж, алсдаа Хятадыг удирдах ухаанд суралцсан, Чингис хааны хамгийн хайртай ач. Монголын түүхэнд хаан суудлыг хууль бусаар авсан гэж яригддаг. Гэхдээ “Хаадын хаан” гэсэн цолонд Хубилай өөрөө л хүрсэн хүн. Түүнээс биш хятад түшмэдийн зөвлөгөөгөөр биш. Кинонд бол архи уусан, алдаа гаргасан, түүнийг нь хажууд нь буй хятад түшмэд, мэргэд засч залруулаад байгаа мэтээр л дүрслэгдээд байгаа. Аливаа улсын бодлого зөөлөн хэлбэрт шилжсэн энэ үед уусгах, дасгах, ээнэгшүүлэх замаар нөлөөндөө автуулах явдал газар авч байна. Бүх улс зөөлөн хүчний бодлоготой. Монгол Улс ч зөөлөн хүчний бодлого явуулж дотооддоо төдийгүй гадаадад амьдарч байгаа монголчуудынхаа дунд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэд маань өөрийн эрхгүй харьжиж байна шүү дээ. Хорь гучин жил харьд амьдарчихсан. Тэнд очоод төрсөн хүүхдүүд нь нас биед хүрчихсэн. Халимаг, Буриад, Өвөр Монгол, Дээд монголчууддаа би монгол шүү гэдэг үзлийг мартуулахгүй төлөвшүүлэх явдал гадаад бодлогын дотор зөөлөн хэлбэрээр хэрэгжиж байх ёстой юм. Кино, ном гээд соёл урлагийн бүх л хэлбэрээр. Өнөөдөр телевизийн маш олон шоу нэвтрүүлэг хийгдэж байна. Дуулдаг, хуурддаг гээд л. Харин түүхийн мэдлэг, боловсролыг өгдөг нэвтрүүлэг алга. Мэдэхгүйдээ тэгээд байна уу, бодлогод хавчигдаад байдаг юм уу. Уг нь боломж их байна. Хамгийн дөхөж байгаа нь “АХА” нэвтрүүлэг юм уу даа. За тэгээд хариулж байгааг нь харахад түүхийн мэдлэг ямар байгаа нь шууд харагдана. БСШУСЯ сургалтын бодлогодоо өөрийн гэсэн онцлогтой том өөрчлөлт хийх цаг тулчихаад байна. Хот суурин газар, хөдөөгийн онцлогт тохирсон. Жишээлбэл, Өмнөговь аймгийн малчин ард Хөвсгөл аймгийн малчин ардаас амьдрах орчин нь өөр, маллаж байгаа мал нь өөр. Гэтэл Баянхошууны иргэн, Толгойтын иргэн хоёрын ахуй орчин, шаардлага, хэрэглээ нь үндсэндээ ижил. Бид чинь суурин бөөгнөрлөөс зугтаж явдаг сэтгэхүйтэй хүмүүс. Хөдөөгийн малчны зургаан настай хүүхдийг сум, аймгийн төвийн сургуульд сургахад аав ээжийнх нь аль нэг дагаж ирэх хэрэг гарна. Дотуур байранд байлгалаа гэхэд тэр жаахан амьтан аав ээжээ санахаас эхлээд бэрхшээл мундахгүй. Хотын амьдрал, орчин нөхцөлөөс тэс ондоо.
Өнөөдөр бид өндөр барилга барьж, төмөр зам тавьж чадаж байна. Гэтэл бид соёл иргэншил, аз жаргалын үнэлэмжээр хоёр өөр хүмүүс. Хот, хөдөө гэж. Хот, хөдөөний хүмүүсийн аливаа зүйлд хандах хандлага, сэтгэхүй нь өөр. Хөдөөний хүмүүсийг хотод амьдарна гээд ирэхээр нь бид элдвээр хэлдэг. Нүүдлийн соёлыг авч яваа хүмүүс чинь малчид шүү дээ. Бидний ялгарах гол онцлог бол энэ. Монгол гэр, монгол ахуй хадгалагдан үлдэж, монголын уламжлалт мал аж ахуй хэвээр байж гэмээнэ бид монголчууд гэж яригдана. Бас л бидний дархлаа юм. Хот тойрсон фермтэй болоод яах юм бэ, нүүдэллэж, бэлчээр, ус ургамлын сайнаар идээшилж өсч үрждэг онцлогтой мал сүрэг үгүй болно шүү дээ. Үүнийгээ устагачихвал нүүдлийн соёлоо алдлаа гэсэн үг.
Солонгосын олон ангит кино бараг телевизийн суваг бүрээр гарч байна. Худалч хүнд солонгосчуудын түүх соёлыг өөрсдийнхөөсөө илүү мэддэг болчихлоо?
-Солонгосчууд биднийг дагаж л түүхээ бүтээсэн хүмүүс. Монголчуудын нөлөө, нөмөрт явсан. Бие даасан хөгжил нь ХХ зууны хоёрдугаар хагасаас Солонгосын дайн дуусч байж эхэлсэн гэж хэлж болно.
Японы колони, түүнээс өмнө Манж, Мин Улсын колони, Юань гүрний үед манай эзэмшилд байсан ард түмэн. Гэхдээ эдэнд маш зөв чанар байна. Өөрсдийн гэсэн шинэ түүхийг бий болгож, үүгээрээ хүүхэд залуусаа хүмүүжүүлж чадаж байна шүү дээ. Бодлогоор ухаалаг, баатарлаг түүхийг бий болгож, цацаж, түгээж байна. Энэ бол зөөлөн хүчний бодлого. Монголчууд гэдэг эзэрхэг балмад, харгис нөхдүүдийг маш ухаалгаар зохицуулж байсан гэж кинондоо харуулдаг. Энэ бол бодлоготой улсын буруу биш, бодлогогүй улс буюу бидний алдаа, буруу болж таарч байгаа юм. Түүхээ сурталчлах, түгээх талаар маш том эргэлт хийх цаг үе ирчихээд байна. Бид түүхээ тулж түшиж, эргэж тойрч байж л эх оронч үзэл, хүмүүжил, оюун санааны хамгаалалт, дархлаа, үзэл сурталтай байж чадна.
Түүхийн сургамжийн тухайд …
-Түүхээ мэдэхгүйдээ бид сургамж авахгүй, алдаагаа давтаад байна. ХХ зууны түүх яг одоо давтагдаж байгаа, давтагдаж болзошгүй байсан олон үйл явдал аль хэдийнэ болоод өнгөрсөн. Алдаагаа давтаад байна гэдэг нь бодлого боловсруулж буй нөхөд түүхээ мэдэхгүй, түүхээ сургамж болгож харахгүй байна гэсэн үг. Бид олон толгойтой болохоороо л хагаралдаж, алдаж, хөгжлийн явц саардаг. Нэг толгойд зангидагдахаар маш амархан зохион байгуулагдаж урагшилдаг. Бид сургамж авч алдаагаа давтахгүй байх ёстой. Түүхийн маш олон жишээ байна. Нэгэн хятад түшмэл Лигдэн хаантай уулзаад таван толгойтой нэг сүүлтэй могой, нэг толгойтой таван сүүлтэй могой зураад харуулж. Тэгээд таван толгойтой могой нь та нар. Тийм учраас одоо доройтож байна. Та нар нэг толгойтой байхдаа хүчирхэг байсан гэж хэлсэн гэдэг. Нэг удирдлага, нэг зорилго, нэг тэмүүлэл монголчуудыг амархан нэгтгэдэг. Үүн дээр л анхаарах хэрэгтэй. Өмнөд, хойд хөршүүд маань түүхээ дээд түвшиндээ судалдаг улс. Ялангуяа өмнөд хөршийнхөн түүхийн сургамжаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг, залгамжиллаа авч явдаг. Тийм учраас энэ олуулаа мөртлөө тарж бутарчихгүй, зангидагдаад байна.
Одоогийн бидний түүхийг хэдийнээс хэн бичих бол, ямар түүх байна гэж та харж байна вэ? Ер нь хэдий хугацааны дараа үйл явдал түүх гэж нэрлэгддэг юм бэ?
-XXI зууны эхэн үеийн түүх одоо бичигдэж эхэлнэ. Ерөнхийдөө гарчихлаа шүү дээ. 1990 оноос хойшхи үйл явц, үр дүн гарч, алдаа, оноо тодорч эхэлж байна. Ер нь түүхэн үйл явц, түүхэн давтамж, нэг үйл явц солигдоод үр дүн нь тодорхой болоход 30-50 жил шаардлагатай гэж үздэг. Аль ч түвшинд 30 жилийн дотор тухайн үеийн 30 жилийн өмнө эхэлсэн бодлогын үр дүн сайн муугаараа илрээд гарчихсан байдаг. Эндээс дүгнэлтүүд “ургаад” гараад ирнэ. Түүхэн үйл явдалд оролцсон хүмүүс ч гэсэн нас нь ахиж, түүхэн хүн болж, дурдатгал бичигч болно. Үүнээс суурилж түүх бичигдэж эхэлнэ дээ.
Бидний өвөг дээдэс ухаалаг, хүчирхэг байсныг түүх бэлхнээ харуулж байна. Тэгвэл ирээдүйн монгол хүн, монголчууд юугаараа бусдаас давуу хүчирхэг байж түүхээ бүтээх ёстой вэ?
-Бид өөрсдийнхөө цорын ганц онцлогийг мэддэг мөртлөө хайхардаггүй. Хоёр том гүрний дунд амьдардаг. Хэзээ ч бидэнд найз нөхөд, ах дүү гэж хандахгүй. Энэ бол хатуу үнэн. Найрамдалт харилцаатай, ах дүү гэж ярьдаг. Үгүй юм аа. Бид аль болох эд нараас ялгарч байх хэрэгтэй. Ижилсчихвэл бид алга болчихно. Буриадыг хар, Өвөр Монголыг хар. Урагшаа Хөх хот, хойшоо Улаан-Үүд оччихоод ир л дээ. Ижилсчихвэл бидний ирээдүй энэ. Тийм учраас ирээдүйн монголчууд асар ондоошсон, ялгарсан хүмүүс байх ёстой. Үүний тулд өнөөх л бодлого буюу түүхээ сайн мэддэг, эх оронч үзлээр тугаа хийчихсэн, тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг мэддэг, мэдэрдэг, би хөгжихгүй бол, сайн байхгүй бол алга болно, хэн ч биш болно гэдэг ухамсартай монгол хүн байх, болох ёстой. Тэгэж байж л Монгол удаан оршин тогтноно.
Дэлхийгээр тархчихсан монголчуудын тухайд та ямар бодолтой явдаг вэ?
-Бидний бас нэг чухал зүйл бол хүн амаа өсгөх. 1921 оны Ардын хувьсгалын дараа Д.Сүхбаатар, С.Данзан нарын хүмүүс ЗХУ-д очиж гэрээ хийхдээ Буриадаа авъя гэсэн санал тавьсан байдаг юм. Газар нутгаар нь өгөхгүй бол хүн амаар нь авъя гэж. Хамгийн анхны бодлого энэ үед явагдсан. 1911 оны хувьсгалаар өвөрмонголчууд тэр чигээрээ Монголд нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн. Газар нутгаараа нэгдэх гэж оролдоод дийлээгүй. Баргын Манлайбаатар Дамдинсүрэнг дагаж олон тооны өвөрмонголчууд орж ирсэн шүү дээ. 1924-1929 оныг хүртэлх энэ хугацаанд маш олон тооны буриадууд ирж суурьшсан. Монгол хөгжөөд том бодлого барьчихвал монголын нэгдэл амархан явагдах зүй тогтол бий. Аль ч улсын монголчууд зөвхөн Монголоор л өөрийгөө ойлгодог. Бидний монголчуудаар гэсэн үг шүү дээ. Монголчууд л сайн явбал бид энд ядрах хамаагүй, тэнд бидний тусгаар тогтнол, туурга тусгаар улс минь бий гэж мөргөдөг, цацлаа өргөдөг, эмээлээ хүртэл монголын зүгт тавьдаг. Бид ухаалаг, хүчирхэг болж байж монгол туургатан өсч, хөгжих боломжтой.
Эх оронч хүмүүс гэж хэлмээр санагдчихлаа?
-Эх оронч гэж эх түүхээ, газар нутгаа минийх гэж боддог, хайрладаг, хамгаалдаг хүнийг л хэлнэ. Заавал цусаа урсгаж тэмцэнэ, байлдана гэсэн үг биш.
“А.Амар сайдыг би жинхэнэ эх оронч гэж хэлнэ” гэж бичсэнийг тань уншсан …
-1937 оны аймшигт цаг үед Зөвлөлтийн бодлогыг сөрж зогсон, дургүйцлээ илэрхийлж чадсан хүн бол Амар гуай. “Та нар намайг яагаад алах гэж байгааг би мэдэж байна. Би эх оронч, Монгол Улсын нэгдлийн төлөө ажилладаг учраас алуулж байгаа юм. Та нар өнөөдөр их улс болчихоод биднийг дарангуйлж байна. Үүний илрэл нь Монголд шүүгдэх ёстой хүн танай газар нутагт шүүгдэж, амиа алдаж байгаа явдал. Биднийг эзэлж байгаагийн илрэл. Би оросын ард түмэнд хайртай, гэхдээ коммунизмд дургүй” гэж хэлсэн хүн. Ийм үзэл бодолтой хүн тэр үед мэдээж байсан. Ийм хүмүүс олон байсны хүчинд Монгол Улс өдийг хүртэл оршин тогтнож байна. Тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгодоггүй хүмүүс ч бий. Эх орон гэдэг үг чинь харьцангуй ойлголт. Төрсөн улс орон, газар нутаг бол эх орон буюу төрж өссөн орчин нь юм. Эх оронч гэдэг тухайн угсаатны дотор оршиж буй үзэл санаа. Монгол хүн Америкт төрчихөөд америк биш монгол хүн болж өсөж өндийж, монголоороо үлдэж чадвал тэр эх оронч. Эх орон нь америк байг, хамаагүй. Монголд төрсөн америк хүн ч гэсэн ялгаагүй. Тусгаар тогтнол алга болчихдог, олддог зүйл. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. ХХ зуунд Зөвлөлттэй нэгдэе гэсэн санал гурван удаа буюу Дэлхийн II дайны хүнд хэцүү үед хоёр удаа, Х.Чойбалсан, И.В.Сталиныг нас барсны дараа нэг удаа гарсан байдаг юм. Шинэ залуу боловсон хүчин шинэ үзэл суртал, марксизм гэсэн ойлголтод хууртаж, автаж үндэстний онцлог, тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүхээ орхичихсон хэрэг шүү дээ. Одоо бас даяарчлалын давалгаанд автах хэсэг байна. Хамааралгүй ядуу явснаас, хамааралтай баян явсан нь дээр биз гэсэн мунхаг үзэл ч гарч ирээд байна. Ийм нөхдийн дотрыг муухай оргитол түүхээрээ бөмбөгдөх ёстой.
Угийн бичгийг чамгүй эрхэмлэдэг тань цаагуураа бидний ярианы сэдэвтэй холбоотой биз?
-Угийн бичиг, овгийн хувьд бид бас л алдаа гаргасан. Ургийн овог сэргээхдээ бэлтгэл дутуу, сургалт бага хийсэн учраас монголчуудын 50 хувь нь Боржигон овогтой болчихсон. Ургийн бичгийн хөтлөлт тасраад 70, 80 жил болчихсон, мартагдчихсан байсан үе. Дээр нь шилжилт хөдөлгөөн, шинэ засаг захиргааны хуваарь зэрэг нь нэрмээс болохгүй юу. 1960 оноос хойш хотжих үйл явц эрчимжсэн. 1990 он гэхэд өвөөгөөсөө өөр хүн танихгүй, сайн ярьж хэлж өгсөн бол өвөөгийнхөө аав ээжийг мэддэг байх жишээтэй байлаа. Юун есөн үеэ мэдэх. Манайх хүртэл будилсан. Миний өвөө таван эрэгтэй хүүхэдтэй. Гэтэл аав Харцага Балдир овогтой. Ах дүүс нь өөр овог авчихсан байх жишээтэй. Уг нь тавуулаа нэг овогтой байх ёстой. Энэ мэтчилэн будлиан үүссэн. Ахиж өөр гарц хайж засч залруулах зайлшгүй шаардлагатай.
Гадагшаа чиглэж буй “хүн урсгал”-ын тухайд та юу хэлэх вэ?
-Эх орондоо амьдрах боломж нь сайн биш учраас гадагшилж байна. Гурван янзын урсгал бий болчихож. Нэг хэсэг нь хөдөлмөр эрхэлж амьжиргаагаа сайжруулах гэж явж байгаа. Нөгөө хэсэг нь суралцах гэж. Энэ нь сургалтын чанарт анхаарах цаг иржээ гэдгийг харуулж байгаа юм. Их, дээд сургууль хэтэрхий олон болсноос сургалтын чанар муудсан. 1980-аад он гэхэд нэг их сургууль, 8 дээд сургууль байсан. Одоо бол боловсролыг бизнес болгочихсон. Гуравдугаарт монголын нийгэм, ахуй орчин таалагдахгүй байгаа учраас “Монгол таалагдахгүй байна” гэж шууд хэлээд гадагшаа гарч байна. Хоёр зуу гаруй мянган монголчууд гадаадад амьдарч байгаа гэсэн тоо бий, түүнээс ч их байхыг үгүйсгэхгүй. Бид энэ хүмүүсээ авч ирэхийн тулд хөгжих хэрэгтэй.
Гадны улс орон өнөөдөр монголын түүхийг хэрхэн ярьдаг бол?
-Улс орнууд түүхээ судлахад тэртэй тэргүй монголын түүх гарч ирдэг. Хүссэн ч, хүсээгүй ч. Монголын түүх дэлхийн бүх сурах бичигт бий. Чингис хаан 1000 жилийн өмнөх түүхээ Чан Чунь бумбад ярьж байсан тухай өгүүлдэг. Хэр эртнийх вэ гэдэг нь харгадаж байгаа биз дээ. Социализмын үед монголын түүхийг гуйвуулсан, ЗХУ-аас баг ирж манай түүхийг бичсэн. XIII зууны монголчууд бүтээлч ард түмэн. Өнөөгийн Орос Улс Алтан ордны суурин дээр улс болж бүтсэн шүү дээ. Өөрсдөө үгүйсгэдэг ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Бат хааны Сарай хот гэхэд л цэвэр, бохир усны системтэй, хамгийн олон буюу 100 гаруй мянган хүнтэй байсан жишээтэй. Хубилай хааны үед Хятад улсын суурийг тавьж үндэстнийг нь нэгтгэж өгсөн. Нэг бодлын үйлийн үр юм байх даа. Энэ хоёр улсынхаа дунд жижигхэн улс болоод үлдчихсэн. Гэхдээ хүчирхэг болох зүй тогтол бидэнд бий.
Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-“Төр шашны түүх” гэсэн ном бүтээхээр ажиллаж байна. Мөн эртний үеэс эзэнт гүрний үе хүртэлх археологийн олдворуудын үнэ цэнэ, ач холбогдлын тухай профессор н.Эрдэнэбаатартай хамтраад сонсдог ном хийхээр зүтгэж байна даа. Хаана, ямар олдворууд байна вэ, ямар ач холбогдолтой, юу илэрхийлдэг вэ гэдгийг мэдүүлэх, цэгцлэх зорилготой. Тэгэхгүй бол булш бунхан, хиргэсүүр гээд тонож ухаад дуусгалаа, ашиг мөнгө гээд харчихсан. Үүнээс хамгаалахгүй бол болохгүй.
Ярилцлагын төгсгөлд та юу хэлэх вэ?
-Монголчууд маань олон мянган жилийн түүхтэй өвөг ард түмэн. Амьдрах, дасан зохицох, тэсч гарах чадвар асар өндөр. Янз бүрийн хохирол амсаад ирсэн хэдий ч өсч өндийх, хөгжих чадвар сайтай ард түмэн. Алдсан алдаанаасаа сургамж аваад хөгжлийн зөв зам дээр гарчихвал маш хурдан хөгжих боломжтой. Тод жишээ нь социализмын хоёрдугаар хагасын хөгжил. Бүх зүйлээ өөрсдөө хийдэг үйлдвэрлэдэг, өндөр боловсролтой болж, эрүүлжиж чадсан үе. Ийм хүчирхэг ард түмэнд маш сайхан ирээдүй байгаа, тэр ирээдүйгээ бий болгох ёстой. Өмнөд хөршийн хүмүүс түүхээ бүгд мэдээд байх шаардлагагүй. Яагаад гэвэл хүн амынх нь тоо маш их. Хятад хүний толгой дээр нар жаргахгүй гэсэн үг бий. Харин бид бол өөр, монгол хүн бүр эх түүхээ мэдэх шаардлагатай. Монголчууд асар баян, сонирхолтой, ховсдож чаддаг түүхтэй ард түмэн юм шүү.
Танд баярлалаа.
Хошууч Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: “Соёмбо сонин”
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
thank you7
ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/
Qui fait deux fois naufrage, ne doit pas s’en prendre a la mer.