Утаа тойрсон утгагүй яриа

17326

УТАА гэгчтэй тэмцэх яриа нь угаасаа утгагүй юм, тийм ухагдахуун дэлхий дээр байхгүй юм билээ. УТАА бол дайсан биш, тухайлвал, экологийн түлшний шаталтаас гарсан утаа хүний бие эрхтэнд ямар ч хор нѳлѳѳгүйг агаарын бохирдолтой тэмцэх даяарын байгууллагууд олж тогтоогоод удаж байна. Монголчууд энийг эртнээс мэдэрсээр ирсэн үндэстэн. Аргалын утаа хортой байсансан бол энэ гариг дээр нэг ширхэг ч монгол хүн үлдэхгүй байлаа. Монголчууд тамирдаад уначихсан малаа хүртэл хадны хүж ѳвс уугиулан утаж байгаад босгоод ирдэг уламжлалтай ард түмэн, энэ юуг харуулаад байна?

Утаатай тэмцэх, утаагүй зуух, угааргүй нүүрс…үргэлжилсэн энэ утгагүй яриагаа зогсоогоосой гэж их хүлээлээ, зогссонгүй бүр санхүүжүүлэх тал руугаа явчихлаа. Тэвчээр барагдахдаа, шүүмжлээд нэмэр болохгүйг мэдэх хойно,  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуллага (ДЭМБ)-ын тусгай зѳвлѳмж (Indoor air pollution)-г ядаж битгий зѳрчѳѳсэй гэсэндээ эль нийтлэлийг тэрлэлээ, болгоон соёрхцгооно уу!
Тэр Зѳвлѳмж бол бизнес хийх гэсэн манай  хэдэн инженер, судлаачдын суртал, улс тѳрийн хоол хүнс биш Азийн хэд хэдэн орон (түүний дотор Монгол)-д хийсэн гүнзгийрүүлсэн судлагаанд суурилсан,  дэлхийн нэртэй ( зарим нь нобелийн шагналтай) эрдэмтэдийн тархиар бүтээгдсэн шууд аваа л хэргэлэх гарын авлага, бодлого боловсруулах суурь мэдээлэл, гишүүн улс орнуудын заавал мѳрдѳх эрхийн хэв хэмжээ юм шүү дээ! Тэр Зѳвлѳмжийг түгээмлээр хэрэгжүүлэх, нарийвчилсан судлагаа явуулах, хяналт тавих үүрэг бүхий “Aгаарын бохирдол-даяарын холбоо” НҮБ-ын дэргэд ажиллаж байдгийг дашрамд мэдээлье!
Утаатай тэмцэх биш угаартай тэмцэх ёстой юм.
УТАА гэгч гамшиг л гэнэ, утаатай тэмцэхгүй бол Улаанбаатарчууд, улс орноороо  сүйрлээ л болцгоолоо, урьд нь баланцгаа хийж байсныг, баланцаг хийсэн нүгэлтэй хүмүүсийн тухайд хэн ч үл ярина. УИХ-ын гишүүд гудамжаар тэнэж утаа гэгчээ хэмжлээ, айлаар хэсэж тавьтаргүйтэн лайф хийж хүүхэд шуухад айлган сүржигнэцгээлээ, улс орон даяар хоосон яриа ѳрнүүллээ, нэмэртэй юм болсонгүй. Хамаг учир нь утаандаа ч биш, утааны хордуулах бодис угаарын хийнд л  байгаагийн учрыг ч олсонгүй мэнэрээд үлдэцгээлээ.
Дэлхий даяар нэгэнт тогтсон ойлголт нь УТАА биш АГААРЫН БОХИРДОЛ (air pollution), дэлхийн бүх улс орнуудад нийтлэг мѳрдѳгддѳг ухагдахуун нь энэ! ДЭМБ ингэж тогтоожээ, нүүрсний утаан дотор нүдэнд үзэгдэж харагдах утаа майнаас гадна түүнээс хэдэн мянга дахин илүү хортой нүдэнд үл үзэгдэх бодис, химийн хортой нэгдлүүд агуулагдаж байдаг болохоор тэр биз дээ! Ѳчүүхэн жижиг Монгол улс Дэлхийн байгууллагатай зѳрчилдѳѳд нэмэргүй л дээ, наад зах нь гэхэд л тусламж зѳвлѳгѳѳ авах гэтэл ойлголтын зѳрүү гараад ирэхээр юугаа хэлж хуйгаа маажих болж байна аа, энэ бол бодит байдал. Цаашлаад, ДЭМБ-ын түгээмэл Зѳвлѳмжийг зѳрчсѳн, утгы нь гуйвуулсан гэдгээр орж ирэх торгуулийг манай тѳсѳв даахгүй ээ! Хятад улс европын жишигээс гэнэт санаа аваад, агаар бохирдуулсны тѳлбѳр нэхвэл ДЭМБ л лавтайяа бидний талд зогсохгүй, айл хэсэгчид энийг нэг дэнслээд үзээрэй. Аз болоход Хятад ѳѳрѳѳ агаарын бохирдлын асуудалтай тулдаа л юм биз дээ, гэхдээ цаг хугацаа дагаад байдал ѳѳрчлѳгдсѳѳр байгааг анзаарчих ёстой л юм.
Монголчуудын ВОЗ гэж нэрлээд заншчихсан ДЭМБ, утааны асуудлаар 2014 онд тусгайлан хуралдаж, АГААРЫН БОХИРДОЛ ( аir pollution) гэж нэрлэж байхаар тогтсон юм билээ. Хурлаар агаарын бохирдол ихтэй Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудад хийгдсэн судалгаануудаас гаргасан дүгнэлтийг авч хэлэлцсэн юм байна. Тэнд, ЗУУХны тухайд ч тусгайлан асуудал болгон хэлэлцсэн байдаг. Зууханд нүүрс түлснээс гарах утааны хор нь уушиг, дотор эрхтнийг нэг цагийн дотор 400 ширхэг янжуур татсантай тэнцэхээр тийм хэмжээнд хордуулдаг гэсэн дүгнэлтийг Калифорны Их сургуулийн профессор Кирк Смитт илтгэж олныг алмайруулсан байдаг юм. Агаарын бохирдлоос дэлхий дээр жилдээ 7 сая хүн, түүний тэн тал нь угаараар үүдсэн хорт хавдраар үхэж байна гэдэг статистик бас л хирд хиймээр сонсогдож байна. Энэтхэг улс  700 сая яндантай, (манайх УБ-таа 240 мянган яндантай), энийг орон сууцжуулах aргаар шийдэх техникийн боломж байхгүй гэдгийг Делийн Их сургуулийн профессор Калпана Балакришан илтгэсэн, маш тодорхой технологи шаадлагатай байгааг санал болгосон байдаг юм. Манайх одоо байгаа хүчин чадлаараа 240 янданг орон сууцжуулна гэвэл 20 жилийн хугацаа шаардлагатай юм билээ.
Хурлаас, дэлхийн хѳгжиж байгаа орнуудын тѳвшинд зориулсан ТУСГАЙ ЗѲВЛѲМЖ (Indoor air pollution) гарсан, тэр нь эрх зүйн хэв хэмжээний статустай юм байна. Хѳгжиж байгаа орнууд заавал хэрэгжүүлэх ёстой, эс бѳгѳѳс торгууль орж ирэх үндэслэлтэй юм билээ. ДЭМБ-ын Хурлыг хүндэтгэн НҮБ-аас, SE4All, “Экологийн түлш” даяарчилсан холбоо гэсэн 2 тѳсѳл хэрэгжүүлэхээр болжээ. НҮБ, ДЭМБ-ын хүчин чармайлтын үр дүнд 2 том дүгнэлтэд санал нэгдэцгээсэн байна.
1. Зуух ямар байх нь хамаагүй, гагцхүү шаталтаас гарсан хорыг тархаахгүй тусгай шүүлтүүрээр авч үлдэх ёстой! 
Шүүлтүүрийн тухай хэн нэгэн ярих л ёстой гэж би маш их хүлээсээн, хэн ч энэ талаар ганхийсэнгүй дээ. Одоо УБ-т 240 мянган яндан байгаа юм бол бүгдий нь яндангийн шүүлтүүртэй болгох ёстой, шүүлтүүрийн үйлдвэр яаралтай барьчихвал гаднаас оруулснаас хямд тѳсѳр байх болно. Яндангаа стандартын болгоод айл ѳрхүүд зуухныхаа гүхээгийг яндандаа тааруулах ёстой болно. Тэхээр зуух бол чухал биш, гоёмсог зуухтай байх нь тѳрийн биш хувь хүн, айл ѳрхийн асуудал, харин шүүлтүүртэй яндантай байх нь л бодлогын асуудал болж таарлаа!
Барууны орнуудад, жишээ нь Австрид жижиг, том оврын зуухны яндангийн шүүрийг тодорхой хугацаанд тусгай хүмүүс сольдог юм билээ. Багтай, иргэний хамгаалалтын хувцастай сүртэй юм болно, хичнээн их хортой байдаг нь эндээс ойлгомжтой. Гэрийн зуух, их бага оврын уурын зуухнууд, ДЦСын яндан…бүгдийг хуу шүүлтэржүүлэх ёстой. Авто машины яндангуудыг хүртэл шүүлтэржүүлж, мэргэжлийн хяналтыг чангатгах хэрэгтэй болно.
2. Түлш ямар байх нь хамаагүй биш, гагцхүү экологийн түлш!
Шууд мэдээж хэрэгжихгүй, гэхдээ хэрэгжих боломжтой, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бол энэ! Манайд энэ бол боломжтой, бас уламжлал бий. Аргал, хотны хѳрзѳн оруулсан био-экологийн шахмал түлш үйлдвэрлэх боломжтой. Нүүрсний энд дѳхѳж очих элчтэй био түлшний стандарт технологи бол байгаа, гэхдээ үнэтэй тусна, түгээмлээр хэрэгжих боломжгүй. Тэхээр шахмал түлшинд нүүрс заавал орж таарч байна. Нүүрсний гүйцэд шаталт дээр ойлголтын зѳрүү бий. Хүрэн нүүрсийг технологийн зуух ашиглан гүйцэд шатаах нь хүрэн нүүрсний угаараас хэд дахин давсан хортой үнсэн тоосонцор ялгаруулдаг болохыг ДЭМБ-ын судлагааны хэсгээс тогтоочихсон байгаа, тэхээр утаагүй зуухны гайхамшигийг орхих хэрэгтэй болж байна. Ер нь бол,  үнсээ тусгай зориулалтын хүүдийд хийж зайлуулах шаардлагыг манай ЭМЯ яаралтай хэрэгжүүлэх ёстой, агаарт үй олноор нь хѳнѳѳх цианы хүчлийн тоосонцор илэрсэн нь үнстэй холбоотой.
Харин ѳѳрѳѳ гүйцэд шатдаг нүүрсийг шахмал түлшинд оруулж ашиглах гарц байгаа юм, энэ чилэлээр сайд Даваасүрэнгийн…аажимдаа коксжсон нүүрсний хэрэглээнд алхам алхмаар шилжих бодлого барина…гэсэн санаа зѳв ѳѳ!
Монголоороо байна гэж элийрээд, элийрэлдээ солиороод асуудалд алийн болгон дандаа хэрэглээ рүү далжийсан ахуйн сэтгэлгээгээр хандах ёстой юм бэ?  Европын соёл бол буутай соёл гэж үздэг УИХ-ын гишүүн байна, элийрэл биш үү? Бүгдээрээ орон сууцаараа эмнэлэг хийчихээд бѳмбѳгѳр цагаан гэрт гарч амьдарцгаая гэж тулгадаг, болохгүй гэсэн бүхнийг тархины тураалтай гэж доромжилдог УИХ-ын гишүүн байна, солиорол биш үү? Утаагүй (угааргүй?) зуух байгаа гэж итгүүлэхийг оролддог УИХ-ын гишүүн байна, балайрал биш гэж үү? Дэлхийтэй зѳрчилдѳѳд бид хаачих юм бэ?
Дэлхийн даяарын алеяансуудын зѳвлѳгѳѳг сонсч, дэлхийтэйгээ, ялангуяа европын соёлтой нэгэн голдиролд багтаж амьдрах ёстой шүү, механизм нь гэвэл ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ! Ѳѳр гарц байхгүй ээ!
Утаанд агуулагддаг хорт бодис
ДЭМБ-ын хуралдаан дээр маш их сонирхол татсан зүйл бол утааны хорны илрэх шинжийн тухай асуудал байсан юм билээ, учир нь аль ч улсын оршин суугчид нүдэнд харагдсан утаа гэдгээр нь тэмцээд нүдэнд харагдахгүй нэн хортой бодисыг анхаарлын гадна орхих хандлага байдагтай холбоотой юм. Манайхан, УИХ-ын гишүүд яг энэ байлаар хандаж, дэвшлээс хоцрогдож, ард түмний тархийг угааж байна. Шинэ зуух, муух болсноо нүүрс түлж үзүүлчихээд утаа үнэртэж байна уу Үгүй! Утаа нүдэнд харагдаж байна уу Үгүй! Шийдлээ, цэг! Манай хэд хэзээ шинжлэх ухаанч болох вэ? гэдгийг хүлээх хэрэггүй, учир нь асуудлын хуримтлал, даамжрал энэ хэдийн сэтгэлгээний ѳѳрчлѳлтийг хүлээхгүй. Хурлын гол бичиг баримтын дагалдах хавсрал материалуудаас иш болгоод хамгийн хортой гэсэн хэдэн бодисын тухай мэдээллийг энд хавчууллаа, нүдэнд харагдахгүй, хамарт үнэртэхгүй голдуу бодис байдаг юм бана.
1. УГААРЫН ХИЙ (СО). Ѳнгѳгүй, үнэргүй, аймшгийн хортой, нягтаралтай тунгаар бол үхлийн аюултай! Түүхий нүүрс, нүүрсний дутуу шаталтаар үүссэн угаарын хий амьсгалын замаар дамжин цусанд нэвчиж хемоглобинтой урвалд орон цусанд хүчил тѳрѳгч орох сувгийг бѳглѳнѳ. Аажмаар хордуулна, цусаар удам дамжина.
2. УГААРЫН ХИЙ ( СО2). Үхлийн аюултай. Уушигны багтраа үүсгэнэ, цусанд нэвчинэ.
3. УГААРЫН ХИЙ (SO2).  Маш хортой, уушины архаг ѳрѳвсѳл үүсгэнэ, хорт хавдрын голомт, эд эсийг сэрээнэ.
Технологийн зуух гэх манайхны яриад байгаа утаагүй зуухыг соёл иргэншилтэй орнуудад хуулиар хязгаарласан зарим улс оронд хориглочихсон юм байна. Түүхий нүүрс гэж яриад байгаа хүрэн нүүрсийг технологийн ѳндѳр даралтаар гүйцэд шатаасны дараа хэд хэдэн тѳрлийн үй олноор хѳнѳѳх химийн хорт бодис үнс болон үлддэг, тэр нь агаарт дэгддэг юм байна.
1. ҮНСЭН ДЭХ АЗОТЫН НЭГДЛҮҮД ( NO, NO2). Дэгдсэн тоосонцор нь үнэргүй, нүдэнд харагдахгүй. Үхлийн аюултай, жирэмсэн эхчүүдийн үр зулбуулна.
2. Цианы хүчлийн тоосонцор. Агаарт дэгдэмхий, ѳнгѳ, үнэргүй, үй олноор хѳнѳѳх химийн хорт бодис. Химийн зэвсэгт найрлага болон орно. УБ-ын агаарт илэрсэн юм билээ, УИХ-ын хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн байдаг, ард түмнээс нуусан.
3. Хар тугалганы дэгдэмхий хий (Pb). Асар хортой, хорт хавдар үүсгэнэ, үр зулбуулна. Манайд бас л илэрсэн, УИХ ард түмнээсээ нуусан. Хар тугалганы хорноос үүдэлтэй эмчилгээгүй ѳвчний жагсаалтыг ДЭМБ-аас эрхлэн гаргасан.
Зах зухаас нь жишээлэн дурдлаа, ер нь бол наснаасаа урьтаж үхэгсэдийн 72% нь агаарын бохирдлоос үүдэлтэй гээд ДЭМБ тогтоочихсон юм билээ.
Агаарын бохидлоос гарах үндсэн арга.
1. Бүх янданг ( айл ѳрх, том жижиг уурын зуух, ДЦС-ууд, авто тээврийн хэрэгсэл) бүгдийг хуйгаар нь шүүлтэржүүлэх ( филтьр). Хамгийн сайн шүүлтүүрийг оруулж ирэх, ѳѳрсдѳѳ шүүлтүүрийн үйлдвэртэй болох.
2. Био-экологийн түлшинд шилжих. Аргал, коксжсон нүүрсний нѳѳц, боломжоо ашиглан био түлш үйлдвэрлэх, энэ бренд технологиор дэлхийн зах зээлд гарах. Энэтхэг, Хятад гээд хангалттай том зах зээл байна.
3. Хотын хэт тѳвлѳрѳлийг саармагжуулан хотын шинэ мастeр тѳлѳвлѳгѳѳ гаргаж хуульчлах. Хотын хүндийн тѳв (эпицэнтр)-ийг хѳдѳлгѳх, хотыг тараан байрлуулах. Энэ чиглэлээр УИX-ын хэдэн залуу гишүүдийн хѳѳцѳлдѳж яваа ажлыг тултал дэмжих. Мэдээж эхний 2 заалтыг 3 дугаар заалтын бүрэлдэхүүн болгон хэрэгжүүлэх,
ЗГ-аас 114 ажил тѳлѳвлѳж хэрэгжүүлнэ гэж үлгэр ярьснаас энэ 3-ыг л бодитой ажил болгоод хэрэгжүүлчихвэл нэг талаас агаарын бохирдлоос салахад том алхам хийгдэнэ, нѳгѳѳ талаас ДЭМБ-ын Тусгай зѳвлѳмжийг хэрэгжүүлсэн орны тоонд багтаад орчих юм биш үү?
Орон сууцжуулах план бол утаа, угаартайч, үгүй ч хийх л ёстой ажил шүү дээ, тэр бүтээн байгуулалтдаа ороод л ѳѳрийхѳѳ замаар явах ёстой ажил юмаа. Цахилгаан халаагурууд ч гэсэн ѳѳрсдийхѳѳ замаар явах ёстой ажил. Ер нь бол шинээр ДЦС барихгүйгээр агаарын бохирдлоос салах нѳхцѳл бүрэлдэхгүй, дээрх 3 санаа ч биелэхгүй, угаас суурь бүтэцгүйгээр юу ч бүтэхгүй, ээлжит мянгуужин болоо л нѳгѳѳ л утаа тойрсон утгагүй юмаа ярьсаар л суух болно. СУУРЬ БҮТЭЦ бол СУУРЬ НѲХЦѲЛ!
Эдийн засагч, социологич Иш Цэрэн

URL:

Сэтгэгдэл бичих