МАССЫН ЗОХИОЛ… БАС НӨГӨӨ ШҮҮДЭРЦЭЦЭГ
-Уран зохиолын тухай эргэцүүлэл-
Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэсэн гарчигтай бичвэр цахимаар гарч олон хүний эгдүүг өнгөрсөн онд хүргэснийг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийдөө эмэгтэй бичигчдэд ширүүлхжээ. Тэднийг массын зохиолчид буюу номоор өрхийн үйлдвэрлэл явуулагчид гэж үзсэнийгээ “…тэрхүү өрхийн үйлдвэрлэл гэгч нь улс орон даяар тархаж айл өрх бүрт биелэлээ олж буйг нь сүүлийн үеийн шилдэг борлуулалттай номын судалгаа харуулсаар байна” гэсэн ишлэлээр нотолжээ.
Нөгөө нэг бичвэрт “Зүй нь тэр Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа мэтийн хар массынхан (массовая), нийтийн утга зохиолынхныг (паралитература) үүд хавиар суулгаж… “ гэж ирээд тодотгосон өгүүлбэр харагдана. Сүүлийн үеийн шүүмж судалгааны материалд масс, элитар зохиол гэсэн нэр томьёо ихэд гарах болов. Масс гэдэг нь хар масс буюу нийгмийн доод хэсгийнхэнд зориулсан бүтээл гэсэн санаа яваад байгаа юм. Өнөөгийн нийгэмд масс бас элит гэсэн нийгмийн давхарга байна, зохиол ч гэсэн массад эсвэл элитэд зориулагдаж байна гэж шүүмжлэгчид үзэж буй бололтой. Би үүн дээр эргэлзэж байгаа тул энэхүү бичвэрийг толилуулж байна.
…Масс бол юу ч хүсдэггүй, хэн түүнийг удирдана, яаж удирдах нь хамаагүй. Массд зөвхөн идэж, унтах, тв үзэх, ажиллах, гоо сайханд ороход хангалттай. Эхнэр, нөхөр, хүүхэдтэй, орон байртай, машинтай байж наад захын хэрэгцээ нь хангагдахад масс өөр юуг ч хүсдэггүй. Энэ бол орчин үеийн масс… гэсэн нэг тодорхойлолт байна. Энэ массынхан бол ном уншдаггүй хүмүүс байх нь. Масс ном уншдаггүй юм бол массын зохиол гэж яагаад яриад байгаа хэрэг вэ?
Америкийн социологч Лэшийн үзэж буйгаар орчин үеийн улс төр, эдийн засгийн элитүүд жинхэнэ элит мөн чанараа гээчихсэн. Одоогийн элитүүд бол нийгмийн оройд ямар нэгэн байдлаар гарчихсан, авьяас чадвар, ур ухаан, соёлоороо дундажаас доогуур түвшний хүмүүс ажээ. Тэд нь мэдээж хөрөнгө мөнгөтэй…
Орчин үеийн масс болоод элитийн тухай ийм зүйлийг олж мэдлээ. Гэхдээ масс, элит гэдэг харьцангуй ойлголт юм. Жишээ нь хөдөөгийн малчныг масс гэх үү? эсвэл элит гэх үү? Малчид чинь их хөрөнгөтэй. Хөрөнгө чинээгээрээ бол элит давхаргынханд ороод явчихна. Гэтэл сэтгэл ханамж талаас нь аваад харвал телевизийн мэдээ сэлтээр мэдээллээ хязгаарлаж, өөрийн амьдрал ахуйд сэтгэл дүүрэн яваагаар үнэлбэл массын гэдэгт багтах мэт.
Миний ойлгосноор элит гэдэг сонгодог ойлголт тэртээ дээр байсан бөгөөд театрын лоожинд сууж дуурь үздэг, яруу найрагчдыг урьж үдэшлэг зохиодог, улс төрийн сэдвээр яриа өрнүүлдэг боловсролтой хүмүүс юм шиг билээ. Манайд ийм элит хэд вэ?
Шүүмжлэгч Батсуурийн тоогоод буй элитар зохиолыг нь тэр элитүүд нь уншдаг л байгаа даа. Дуурь үзээд явж байгаа их хурлын гишүүнийг олон хараагүй л юм байна. Хэд нь сонин захиалж, хэд нь ном уншдагийг мэддэг хүн бий юу? Хүүхэн хүчинддэг их хурлын гишүүнийг элит гэхэд хаашаа. Их хурал дотор массын төлөөлөл байж мэднэ.
Манайд массын хүрээ өргөжсөөр байна. Энэ л хамгийн аюултай. Ер нь ардчиллын жилүүд массыг бий болгоход хамаг бодлогоо төвлөрүүлсэн юм шиг санагддаг. Ядуус олон болж, тэдний өлөн ходоодыг баясгах төдийгөөр Улсын их хурлын гишүүн болох боломж бий гэдгийг мэдсэн хүмүүс мөнгөөр тэнд очоод суучихжээ.
Сурах бичгээс уран зохиолыг хассан байдал, жижиг наймаа эрхлэгчдийг дампууруулах бодлого, хагалан бутаргах, сонин хэвлэлийг хянах, эсвэл мөнгөөр талдаа татах… цөм массыг бий болгох бодлого гэж харагдаж байна. Гэвч социализмын үеийн соён гэгээрсэн хүмүүс бурханы оронд явж дуусаагүй болохоор үгүй дээ л үр хүүхэддээ ном уншуулья гэсэн бодолтой нэгэн хэсэг байна. Бас өөрсдөө ч ном уншаад сурчихаж.
Манай төрийн бодлогын уриа чинь хүмүүнлэг, иргэний гэх тодотголтой ч явуулж буй бодлого нь болохоор хүмүүнлэг бус, массын бодлого байдаг нь хачин. Боловсролын системийг харъя л даа. Гарч ирсэн засаг бүхэн бодлогыг нь өөрчилсөөр одоо бүр бодлогогүй болж амарсан. Багш нарын тэмцлийг би гайхаад байдаг юм. Цалингаа нэмүүлье гэх нь зөв. Гэхдээ массын муйхар тэмцэл л харагдаад байх юм. Үгүй дээ л оффшорын мөнгийг олж ир, тэгээд бидний цалинг өг гэж болно оо доо.
Эх үүсвэрээ өөрсдөө заагаад тэмцвэл үр дүнд хүрэх байх гэж санагдах юм. Үүний дараа манай багш нар чинь нөгөө масс гэдэг нь юм уу гэж санагдаад. Тэгвэл ч баларлаа шүү. Тэдний хэд нь ном уншиж сурагчдаа ярьж өгдөгийг судлаагүй байх шиг байна. Ном уншдаггүй, хэвлэл захиалдаггүй бол тэгээд л масс гэдэгт нийлнэ биз дээ. Хамгийн их борлуулалттай “Өдрийн сонин” гучин мянган хувь хэвлэгддэг гэвэл 3 сая хүний 30000 нь л хэвлэлийн мэдээлэл авч байна гэсэн үг. Хэрэв боловсролын системийнхэн масс болоод явчихвал ч дүүрчээ. Юун хүүхдийн боловсрол? Дээд сургууль төгсөгчдийн ихэнхи нь масс байж мэднэ. Энэ бүхэн төрийн бодлогогүй, бусдын бодлогыг дагаж гүйсний харгай юм.
Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомлинскийн бичсэн номыг би эргүүлж тойруулж хардаг байлаа. Тэр хүн ингэж бичсэн байдаг. “Боловсролтой атлаа хүмүүжилгүй байна гэдэг сонирхолтой бөгөөд аюултай”…
Ерэн оноос хойш боловсролын яам хүмүүжил гэдгийг сурган хүмүүжүүлэх ажлаасаа хассан. Манайд боловсролтой атлаа хүмүүжилгүй сонирхолтой бөгөөд аюултай улсыг бэлтгэсний гор өнөөдөр харагдах Батсуурь докторын хэлээд буй масс манайд байх нь байна. Харин зорьж очоод 25000 төгрөгөөр роман худалдаж авч байгаа уншигчийг масс гэж доромжилж болохгүй байх. Уншигчийг би манай нийгэм дэх соёлын элитүүд гэж үздэг. Тэд Аюурзаныг ч уншдаг, Шүүдэрцэцэгийг ч уншдаг. Гэтэл нэгийг нь массын нөгөөг элитийн зохиолч гэж хэлэх ямар шалтгаан байна.
Бичвэр зүйн хувьд өөр байх аа. Нэг нь уламжлалт нөгөө нь орчин үеийн бичвэрээр бичиж байна. Өмнөх тогтолцооны үед популярный буюу алдаршсан, нэрд гарсан зохиол гэж нэрлэдэг байсан. Монгол романууд дөчин мянган хувиар хэвлэгддэж тэр романыг гар дамжуулан уншдаг байлаа. Тийм олон хувь хэвлэгдэж байсан гээд массын зохиол гэх үү. Зууны манлай роман “Тунгалаг Тамир”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”. Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан”, С.Эрдэнэ, П.Лувсанцэрэн, П.Пүрэвсүрэнгийн өгүүллэгүүдийг алинд нь хамааруулах юм бол.
Модернизм, постмодернизм хэлбэрийн биш бол зохиол биш гэж судлаач арай үзээгүй байлгүй. Постмодерн утга зохиол гэдэг нь ерөнхийдөө уялдаа холбооноос зориудаар татгалзсан, уламжлалт уншигчдад бол ийм зохиолууд авцалдаа муутай ч юм шиг, хэтэрхий тулгаж гөрдсөн мэт, зүгээр л амар хялбараар өрөөд тавьчихсан мэт санагддаг. Үйл явдлаас илүүтэй уншигчийн ойлгох явцыг чухалчилдаг, тийм ч учраас өгүүлэмжээ гүйцээлгүй дутуу хаяад дэвшүүлж буй санааныхаа тайллыг хөөгөөд явчих нь элбэг гэж доктор П.Батхуяг тайлбарлажээ.
Монгол улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, профессор Дарамын Батбаярын ярилцлага ч массын болоод элит зохиолд хариу өгсөн байгааг сонирхлоо. Тэрбээр ярилцлагадаа … “Тэгэхээр уран зохиолыг үй олны буюу массын эрэлт хүслээс үүдсэн тэр үнэлэмжээр үнэлэх юм уу, эсвэл цөөнхийн үнэлэмжээр үнэлэх юмуу гэсэн асуулт гараад ирнэ. Гэвч аль алинаар нь уран зохиол үнэлэгддэггүй. Уран зохиолын үнэлэмж гэдэг сонгодог хэмжүүр. Хүн төрөлхтний бүтээсэн, уран зохиолын эрдэнэсийн санд орсон гайхамшигтай бүтээлүүд тодорхой нэг хэмжээний зүй тогтлоор бүтсэн байдаг. Жинхэнэ уран зохиол гэж юу вэ? Юугаар батлах вэ? гэвэл нэгдүгээрт, гоо сайхны үүднээс нь, яагаад гэвэл уран зохиол өөрөө гоо сайхны нэг ай учраас, нөгөө талаас хvний-оюун санаанд яаж vйлчилж яаж тусч байна вэ? Гуравдугаарт жинхэнэ уран зохиол бvтдэг хуулиудаар хийгдэж vv?
Тэрхүү зүй тогтлоор бүтсэн уран зохиол бол сонгодог уран зохиол юм гэжээ. Уран зохиолын нэг чухал чанар нь Батбаяр абугайнхаар ямар ч хүнд ойлгогдох, таалагдах шинж чанар. Ямар ч үндэстний ямар ч хэлээр орчуулахад ойлгогддог чанар”… юм байна.
Харин шүүмжийн талаар яруу найрагч, зохиолч М.Уянсүх “Ямар ч сайхан ордон батгана дуугарахад гутна” гэсэн нийтлэл цахимд тавьжээ. Түүндээ утга зохиолд онолын шүүмж гэж бий. Энэ нь мэргэжлийн түвшинд яригдана. Хувь хүний бодрол, эргэцүүлэл, сэтгэгдэл гэж бий. Үүнийг тусад нь авч үзэх ёстой. Шүүмжлэгч хүн сэтгэгдэл бичих эрхгүй гэдэг үг чухам эндээс үүдэлтэй байх. Гэтэл өнөөдөр “мэргэжлийн” гэгдээд байгаа хүмүүс хүртэл сэтгэгдэл бичих явдал газар авч байна.
Мэргэжлийн шүүмжийн үүрэг бол шуугиан тарих биш. Зөв дүгнэх л үүрэг. Ингэснээр зарим уншигчдын эрэлт, сонголтыг зөв зүгт залахад дөхөм болно. Түүнээс биш талцсан маргааны талбар огтоос биш ээ. Гэхдээ ухамсартай, зорилготой, зөв мэтгэлцэх явдал аль ч цаг үед байсаар ирсэн нь маргаангүй гэж тайлбарлал хийсэн байна.
Эмч нарын өргөдөг тангараг гэж бий. Тангаргын үг нь “Эмч би, эмчийн ёс зүй, монгол улсын хуулийг дээдэлж… гэж эхэлдэг Цөөхөн үгтэй л дээ. Энд нэг зүйл анхаарал татдаг. Эмчийн ёс зүйг дээдэлж гэдэг нь хуулийн гэсэн үгний өмнө орсонд л хамаг учир байгаа юм. Эмчийн ёс зүй гэдэг хуулиас өндөрт тавигддаг зүйл.
Шүүмжлэгч бол үгийн мэс засал хийдэг мэргэжилтнүүд. “Мэс засал” хийх эрхтэй тул ёс зүй туйлын чухал. Мэсний шарх эдгэдэг, үгийн шарх эдгэдэггүй гэсэн зүйр үгийг аваад үзвэл шүүмжлэгчийн хэрэглэсэн буруу үг эдгэрэхгүй шарх болж үлдэхнэ ээ. “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” бичвэр дэх “…Ингээд манай хар массын уран зохиолын загалмайлсан эмээ нар болох, аугаа их хов базагч Б.Сарантуяа, Л.Сарантуяа, Шүүдэрцэцэг мэтийн эрээчих донтнуудынхаа эгнээнд тавтай морил, Б.Эрхэмбаяр гуай…” гэсэн өгүүлбэрийг харсны дараа л би өөрийн хүндэтгэдэг судлаач, шүүмжлэгч Батсуурийн бичвэрийн талаар хэдэн үг бичихээс аргагүй болсон юм.
Харин түүний дэвшүүлсэн номын тавиур дээрхи дарааллыг би туйлын зөв гэж үзсэн шүү. Тэр бичвэрт “…Уран зохиол гэдэг зүйл нь өөрийн гэсэн хөгжлийн зүй тогтолтой, хүрсэн түвшин, хөгжлийн үе шаттай тул эдүгээ номын дэлгүүрээсээ эхлээд бүтээл, бүтээгдэхүүн хоёрыг ядаж тавиураар нь ялгах болсон. Ойрын жишээ хэлэхэд Москвагийн номын дэлгүүрүүдэд хамгийн доод талын буюу шалны тавиуруудад “Женский роман” гэсэн хаяг хадаж номнуудыг байршуулсан байдаг билээ. Ийнхүү дэлгүүрээсээ эхлээд тавиураар нь бас үнээр нь зааг ялгаа тогтоогоод өгчихвөл уншилтын хүрээ тодрон, тэр хэмжээгээр манай уран зохиол хөгжих, уншигчдын мэдлэг боловсролын түвшин дээшлэх магадлалтай болов уу” гэжээ.
Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа нарын романыг би уншдаг. Зарагдаад, зарагдаад 5000 хүрсэн бол их юм. Хүнсний бүтээгдэхүүн биш нэг өдөр зарагдчихаагүй нь мэдээж. Арван мянга ч байсан гэлээ гурван сая хүний масс тоо болж чадахгүй. Тэгэхээр массын зохиолч гэдэг нь үнэнд нэг л тохирохгүй байна.
Ерээд оноос хойш манай уран зохиол паг зогсчихоод байхад хэд хэдэн дэвшлийг нийгэмд болоод уран зохиолд авчирсан зохиолч гэж Шүүдэрцэцэгийг би үнэлдэг.
1.Уран зохиолын реклам гэдгийг бидэнд ойлгууллаа.
2.Түүхэн дэх үзэг хүрээгүй талбар, хатдын сэдвийг гаргаж ирлээ. “Мандухай сэцэн хатан”-наас өөр роман байхгүй шиг санаж байна.
3.Уншигчдыг эргүүлж номын дэлгүүрт авчирлаа.
4.Түүхэн роман бичих багийг хүртэл ажиллуулж үлгэрлэлээ.
5.Өөрийн хайртай фенүүдийг нэгэнт бий болголоо.
Хатадын сэдэв нь манай хүүхнүүдийг хатдын ухаанаас суралцахад, нийгэм дэх хүүхнүүдийн үнэлэмж нэмэгдэхэд бас өөрийнх нь араас олон эмэгтэй зохиолч төрөхөд нөлөөлсөн билээ. Романы чанарын тухайд шүүмжийг би өөрт нь хэлчихдэг. Хэн ч шууд гайхалтай туурвил бүтээхгүй. Түүхэн сэдвээр роман бичигчид ямар ч гэсэн түүхийн хуудсыг хэдэнтээ эргүүлж, олон юм уншсан байх шаардлагатай. Богдын хатны тухай роман бичнэ гээд Шүүдрээ Хэнтий аймаг хэд ч явав даа. Хатадын сэдэв бол ховын сэдэв биш. Б.Сарантуяа, Шүүдрээ нарын бүтээл нь нэгэнт нийтэд түгжээ. Бусад сэдвээр бичдэг романчид байна. С.Батжаргалыг би бичих бүрдээ сайжирч өөрийгөө олж яваа зохиолч гэж үнэлдэг. Роман бичсэнээрээ Удвал гуайн дараа орох эмэгтэй романч Пүрэвдоржийн бүтээлүүд байж байна. Эднээс бусдыг нь би сайн мэдэхгүй юм.
Харин нэмэхэд нэг материалд …Эцсийн эцэст эдийн засгийн хувьд ялгарах элит болон масс туйлдаа хүрэх үед хувьсгал болж, элитүүд устаж, коммунизм байгуулагдана. Энэ бол элит ба массыг харах марксист үзэл гэж бичсэн байна лээ шүү.
СГЗ, уран зохиол судлалын доктор С.Оюун
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
унэн хэлжээ унэн