Нутгийн иргэд айдаст автжээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт химийн хорт бодис боловсруулдаг үйлдвэр барих гэж байгаа. Үүнд нутгийн иргэд бухимдалтай хандаж байгаа тухай мэдээлэл ирлээ.

Эх сурвалжийн мэдээллээр тус аймгийн Ханхонгор сумын нутаг Улсын тусгай хамгаалалтад байдаг Гурван сайхан уулаас 20 км зайд “Номхон бадрал” компани нь уул уурхайн компаниудад хэрэглэдэг химийн бодисыг хадгалахаар зэхэж буй гэнэ.

Тус компани нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, хятад иргэд ажилладаг болохыг хэлсэн юм. Нутгийн иргэдийн хэлж буйгаар тус газар нутагт жуулчны бааз ажилладаг байсан аж.

Гэтэл “Номхон бадрал” компанийнхан тухайн газрыг худалдан авч улмаар үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус компани аймгийн төвийн дээд талд буюу салхин дээр нь химийн хорт бодис хадгалсан нь иргэдийг айдаст автуулжээ. Оршин суугчдын хэлснээр “Бидэнд компанийн удирдлагууд тайлбарлахдаа хор хөнөөлгүй гэж хэлсэн. Үүнд итгэх аргагүй юм. Хэзээ нэгэн цагт ус, агаар, хөрсөнд минь шингэхийг үгүйсгэхгүй. Говийн нутаг болохоор гүний худгаас ундны усаа хангадаг. Тэгэхээр химийн бодис алдагдсан тохиолдолд бүх юм хордоно гэсэн үг” хэмээв.

Энэ мэдээллийг уншигчиддаа тэнцвэртэй байдлаар хүргэхийн тулд үйлдвэр байгуулж буй “Номхон бадрал” компанийн Монгол дахь төлөөлөл н.Нацагдоржоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Химийн бодисийн үйлдвэр биш. Тэсрэх бодисийн бороог хадгалдаг агуулах байгуулж байгаа юм. Хадгалсан бордоогоо уул уурхайн компаниудад хүргэж өгдөг.

Уг бордоонууд Гашуунсухайтын боомтоор оруулж ирдэг. Бид холбогдох газруудад хандаж тусгай зөвшөөрлийг нь авчихсан. Нутгийн иргэдтэй уулзаж энэ тухайгаа хэлсэн. Тэд хүлээн зөвшөөрсөн. Бүгд хуулийн дагуу явагдаж байгаа. Уг байгууламж аймгийн төвөөс 30 км Ханхонгор сумын нутаг дэвсгэр Мандах багт баригдана. Өнгөрөгч аравдугаар сард тухайн нутгийн иргэдтэй уулзсан. Мал, ус, хөрс хордохгүй гэж хэлсэн байгаа. Сум орон нутгийн төлөөлөгч иргэдтэй уулзсан. Тухайн бүс нутагт 16 айл өрх байдаг юм билээ.

Компанийн агуулахын үйл ажиллагаа ирэх оны гуравдугаар сараас эхэлнэ. Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас тусгай зөвшөөрлийг нь авсан. Одоогоос хоёр сарын өмнө. Бүгд хуулийн дагуу явагдаж байгаа” гэлээ.

Албаныхны өгсөн мэдээллээр манай улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг 24 компани байдаг аж. Өмнөговь аймгийн нутагт гэхэд таван компани тэсрэх бодисийн бордоо агуулдаг байна. Тавантолгойд хоёр, Оюутолгойд хоёр ч компани ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ бодис нь шар будаа шиг хэлбэртэй гэнэ. Үүнийг үйлдвэрт ашиглахдаа дизель түлштэй хольж зуураад тэсэлгээ хийх үедээ ашигладаг байна.

А.Лхагважав


URL:

Сэтгэгдэл бичих