Халтиргаанаас болж дөрөвхөн цагт 34 хүн эмнэлэгт хүргэгджээ
Замын халтиргаа гулгаа нийслэлчүүдийн толгойны өвчин болсоор байна. Тухайлбал сүүлийн 10 хоногийн дотор 226 хүн халтиргаанаас болж гэмтэн ГССҮТ-д эмчлүүлжээ. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан сар, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. Тиймээс зам талбайн халтиргаанаас болж бэртэж, гэмтэх цаад шалтгаан юу болохыг ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч П.Баярсайханаас тодрууллаа. Тэрбээр “Замын халтиргаа гулгаанаас болж Гэмтлийн эмнэлэгт ирж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дөрөвхөн цагийн дотор 34 хүн ирсэн тохиолдол гарсан. Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их. Мөн үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Монголын цаг агаартай тохироогүй хавтан шат тавьж, ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс хөлдөж мөстөн, хүмүүс халтирч унаж байна. Иймээс байгууллага, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо мөстсөн хэсгүүдийг цэвэрлэж, гөлгөр гадаргуутай хавтанг солихгүй бол энэ өвөл асар олон хүн эд эрхтнээрээ хохирч, амь насаа алдах аюултай болоод байна” хэмээсэн юм.
URL: