Өвөрхангайчууд нэхий илдэх, боловсруулах цехтэй боллоо
Өвөрхангай аймаг анх удаа нэхий илдэх, боловсруулах цехтэй боллоо. Австралийн ЭСЯ-ны Бичил зээлийн хөтөлбөрийн 39,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажиллаж байгаа тус цех дөрвөн хүнийг ажлын байраар хангав.
“Өрхийн тариалан бизнес хөгжил” ТББ-ийн харъяа 11 хоршоотой. Газар тариалан, хүлэмжийн аж ахуй чиглэлээр Хархорин, Хужирт, Баянгол, Тарагт, Гучин-Ус, Төгрөг, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж, 30-35 тонн орчим хүнсний ногоо хураан борлуулдаг аж.
Харин “Арвин Шунхлай” хоршоо 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сард Австралын ЭСЯ-ны Бичил зээлийн хөтөлбөрт төсөл бичжээ. Ингээд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нээс боловсруулах цехийн тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.
Цехийн бүрэн тоног төхөөрөмжийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнд хийсэн бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн тоног төхөөрмжийг ашиглаж байгаа гэдгээрээ онцлог юм. Мөн хоногт 20-30 нэхийг илдэх хүчин чадалтай аж. Тэд өнгөрсөн оны долдугаар сард авч хадгалсан нэхийгээ одоо боловсруулалтанд оруулж байгаа юм байна.
Нэхий боловсруулах илдэх цех нь хуурай ба нойтон гэсэн тусгаарласан цехтэй байх ёстой. Одоогийн байдлаар тус цех зориулалтын байргүй учраас нэхийгээ өөр газар хатаадаг гэнэ. “Арвин Шунхлай” хоршоо нийт 11 гишүүнтэй цехээ өргөтгөн оёдлын цехтэй болсоноор арьс нэхийгээгээр дараагийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болж бусад гишүүдээ ажлын байраар хангах төлөвлөгөөтэй юм байна.
Өөрийн гэсэн байргүй байгаа нь боловсруулах, илдэх, бүтээгдэхүүн болгон гаргахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Иймд аймгийн удирлагад боловсруулах үйлдвэрийн газрыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
URL: