Бизнесийн боломжоос хумслах төр
Төр тоох ч үгүй, хувийн хэвшилтэйгээ өрсөлдсөөр. Хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалах яамны удирдлагууд цэвэр усны шинэ үйлдвэрийн үүдийг нээж, тууз хайчилсныг та дуулав уу. Эх орны энхийг манадаг уг салбар энэ жилээс эхлээд ус, ундааны зах зээлд хүч сорихоор шийдсэн нь энэ. Цагт 0.5-1.5 литрээр савласан 2300 ширхэг ус үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр зэвсэгт хүчний бие бүрэгдэхүүний цэвэр усны хэрэгцээг хангаад зогсохгүй зах зээлд нийлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдэж байна. Үүнийг ч салбарын сайд нь сайшаан, зөвхөн зэвсэгт хүчин төдийгүй олон нийтийн хэрэгцээнд нийлүүлж болохоор эрдэсжүүлсэн цэвэр ус үйлдвэрлэж буй нь том ажил хэмээн үнэлжээ.
Дотоодын цэвэр усны зах зээлийн дийлэнхийг үндэсний бизнес эрхлэгчид үйлдвэрлэдэг. Тэд өнөөгийн хүчин чадалдаа хүрч, дотоодын хэрэгцээгээ хангахын тулд сүүлийн 30 орчим жил чармайн зүтгэсээр өдий хүрсэн. Гэтэл энэ зах зээлд нь төр хүч түрэн орж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх гэж байна. Үндэсний үйлдвэрлэгчийн хүчин чадал хэдийнэ эрийн цээнд хүрч, олон улсын түвшинд хүрчихээд байхад Батлан хамгаалах яам тусдаа үйлдвэртэй болох ямар шаардлага байна вэ. Ингээд эрх мэдлээр далайлгасан төр хувийн хэвшилтэй нэг талбарт өрсөлдөх нь.
Тамга барьсан төр, бор зүрхээрээ яваа хувийн хэвшил хоёрын хооронд ямар тулаан өрнөх нь тодорхой. Төр ингэж хувийн хэвшлийн урдуур орж бизнес эрхэлдэг болоод удаж байна. Хаана л ашиг олчих зах зээл байна, тэнд төрийн гарт хүрчихсэн, хүч тэнцвэргүй тулаан эхлүүлж явдаг. Төрийн нэр барьсан түшмэд “бизнесийг дэмжинэ”, “ээлтэй орчин бий болгоно” гэх чихэнд чимэгтэй үгс урсгах атлаа үйлдлээрээ хувийн хэвшилтэй тэрсэлдэнэ.
Урамшууллын талбар болсон төрийн өмчийг хумих сонирхол алга
Бизнесийг боомилж, хувийн хэвшлийн өмч, эрх чөлөө, үнэт зүйл рүү хүч түрэн халдахаас сийхгүй. Ийнхүү тамга, тэмдгээр далайлгасан эрх мэдэлтнүүд сүүлийн хэдэн жил монгол төрийг хэд дахин данхайлгасан. Татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаараа урсгаж, үр ашиггүй, өрийн хүүдий болсон олон өмч хөрөнгийг төрд авсан. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээлснээр төрийн нэр дээрх нийт хөрөнгө 30 их наяд төгрөгийг давсан аж. Энэ нь зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад 1.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Сүүлийн хэдхэн жилийн дотор төр ингэтлээ данхайн томорчээ.
Гэтэл энэ хугацаанд эрх мэдэлтнүүд улс орны төсөв, санхүүгийн байдал хүнд байна хэмээн уйлагнаж, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг өсгөлгүй өдий хүрсэн. Нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг татан буулгаж буйгаа Засгийн газар энэ сарын эхээр мэдэгдэв. Энэ дунд нэрийг нь бараг сонсож ч байгаагүй компани цөөнгүй байна.
- Сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байсан өмч хувьчлал өнгөрсөн оноос таг болсон.
- Банк, санхүүгийн салбартаа гадаадын гар хүргэдэггүй байсан БНХАУ хууль журмаа зөөллөөд эхэлсэн.
- Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээлснээр төрийн нэр дээрх өмч хөрөнгө 30 их наяд төгрөгийг давж байгаа аж.
“Аж үйлдвэрийн цогцолбор”, “Монгол тариалан корпораци”, “Монгол мах корпораци”, “Монгол тамга”, “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” зэрэг төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгахаар болжээ. Өнөөг хүртэл манай төр тариалан эрхэлж, махны үйлдвэрлэл явуулж бүр тоног төхөөрөмжийн түрээс хүртэл хийхээр зорьж байсныг үүнээс харчихаж болно. Хэдхэн хоногийн өмнө татан буулгахаар болсон энэ газрууд нь үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өртэй, хөрөнгийн эх үүсвэргүй байсныг Засгийн газраас мэдээлэв. Гэвч үүнтэй адил татан буулгах, нэгтгэн нийлүүлэх, хувьчлах шаардлагатай төрийн өмчит газрууд үүгээр дуусахгүй. Төрөөр овоглосон аж ахуйн нэгжүүд жил жилийн төсөвт томоохон дарамт болдог.
Стратегийн ач холбогдол бүхий компаниудыг эс тооцвол үйлчилгээний салбарын олон амралтын газар, цогцолбор төрөөр овоглож, татаас авсаар. Дээрээс нь хувийн хэвшлийн санхүү, даатгалын үйлчилгээ олон улсын жишигт хүртлээ хөгжчихөөд байхад энэ салбарын компаниуд ч төрийн өмчлөлд байсан хэвээр. Дэлхий даяар эдийн засгаа нээлттэй, бизнест ээлтэй болгож, энгийн салбараас эхлээд стратегийн ач холбогдол бүхий салбаруудаа хүртэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Банк, санхүүгийн салбартаа гадаадын гар хүргэдэггүй байсан БНХАУ өнгөрсөн жилээс эхлээд энэ чиглэлийн хууль журмаа зөөллөөд эхэлсэн.
Дээрээс нь төрийн өмчийг цэгцлэх зорилтоо сүүлийн хэдэн жил тууштай хэрэгжүүлж байна. Цомхон атлаа ухаалаг төрийг цогцлоох бодлогын хүрээнд Хятадын төрийн өмчит компаниудын нэгдэн нийлэх хэлцлийн тоо 2013 оноос хойш 98-д хүрсэн байна. Улмаар олон салбарын томоохон компаниудыг хувьчилж, төр бизнесийн салбараас аль болох гар татаж, хувийн хэвшилдээ боломж олгосоор. Гэтэл төрийн өмчийг цэгцлэх чиглэлд монгол төр хойрго хандсаар. Сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байсан өмч хувьчлал өнгөрсөн оноос таг болсон. Дээрээс нь цэгцлэх шаардлагатай олон аж ахуйн нэгж байсаар байтал нэр төдий хэдхэн компанийн үйл ажиллагааг татан буулгаад л өнгөрч байна.
Угтаа өр, алдагдлаас өөр өөдтэй юм дагуулдаггүй улсын өмчит аж ахуйн нэгжүүдээс төр аль болох салах хүсэлтэй баймаар. Харин манайд “эвий минь” хэмээн өрөвдөн, төсвийн мөнгөөр тэжээсээр өдий хүрлээ. Өдгөө хэрэгжүүлж буй бодлогоос нь улс төрчдөд ч төрийн өмчийг цэгцлэх сонирхол алга гэсэн дүгнэлтэд хүрч болохоор байна. Төрийн өмч нь ялсан намын шагналын касс, урамшууллын талбар болдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг юм.
Г. Байгал
Засгийн газрын мэдээ
URL: