Шатахуун импортлогчдын монополь бүлэглэлийг бут ниргээч
Дөрвөн жил гаруйн өмнө яг өдийд юм даа. Тэр үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нийгмийн салбар салбарын төлөөллийнхөнтэй МУИС-ийн дугуй танхимд ээлжит уулзалт хийж байхдаа нэгэн ноцтой мэдээлэл хийснийг санаж байна. Нефть, шатахууны үнэ зохиомлоор өсөж, түүний үр дагавараар өргөн хэрэглээний бүхий л бараа материалын үнэ ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тэр үеийн Шинэчлэлийн Засгийн газраас Үнэ тогтворжуулах бодлого гээчийг хэрэгжүүлж эхэлж байсан юм.
“Монголын шатахуун импортлогч тоотой хэдэн компанийн монополь хэрээс хэтэрлээ.Тэдний зүгээс энэ салбар дахь давуу эрхээ баталгаажуулж хангахын тулд Засгийн газрыг хүртэл шантаажлан, зохиомлоор хомсдол үүсгэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг болохыг та бүхэнд дуулгамаар байна. Үнэхээр хэцүү юм билээ. Эдгээр компанийн үйл ажиллагаа, лобби улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүртэл өндөр авсан байдгийг харлаа.Тэдний эсрэг тэмцэхэд хүчин мөхөсдөж байна. Монгол Улсад нэн ашигтай хувилбараар БНСУ, Казахстанаас асар хямд шатахуун оруулж ирье гэсэн олон гарц, боломжийг энэ монополь компаниуд шууд хааж, шинээр гарч ирсэн өрсөлдөгч нараа айлган сүрдүүлэх замаар зах зээлээс шахаж байна.
Засгийн газрыг дарамтлахдаа тултал даварчээ тэд
Тэд Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэртэй болох бодлогыг ямагт хааж боон, эсэргүүцдэг…” хэмээн тун ч шаналгаатай төрхөөр өгүүлж билээ. Харамсалтай нь, тэдгээр компаниудийг нэрлээ ч гэсэн сэтгүүлчийн асуултад яагаад ч юм булзаад, “Та нар бараг гадарлаж байгаа шүү дээ. Тэдний төлөөлөл хууль тогтоох дээд байгууллагад хүртэл байгаа” гэж хэлээд хурдхан гараад явчихсан юм даг. Өнөөдөр байдал ямар байгааг хар. Чөмөг царцам тас няс хүйтэрсэн өдрүүдэд шатахуун түгээх станцуудын үүдэнд сунасан автомашинуудын урт цувааны дараалалд хөлдөж үхэх шахан өдөржин зогсож буй иргэдийн бухимдал аягүй бол ШТС-уудыг дэлбэлж ч мэдэхээр хуримтлагджээ.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө УУХҮЯ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, шатахуун импортлогчдын төлөөлөл хамтран хэлэлцээд, зохиомол хомсдол үүсгэсэн компаниудад хариуцлага тооцохоор болж, нефтийн хангамжтай холбоотой асуудал үүсээгүй хэмээн мэдэгдсэн нь шал худлаа байж. “Петровис”, “Магнай трэйд”, “Шунхлай”, “Тэс петролиум” гэсэн хэдхэн компанийн монополь хэрээс хэтэрлээ. Нэгэн цагт Н.Алтанхуягийн Засгийн газрыг “базаж” өөрийг нь үг дуугарч чадахгүй болтол айлгаж асан эдгээрийн монополийг эс задлах аваас Монгол Улсын хөгжлийн тухай яриа цуурай адил замхарах вий. Яг үнэндээ Монголын эдийн засгийн тамирыг шатахуун импортлогчид шавхаж сороод барлаа. Ямар ч баялаг үйлдвэрлэдэггүй атлаа юутай их хөнгөлөлтийг эдэлдэг билээ.
Дотоодын, үндэсний гэсэн тодотголтой өмгөөллийн дор зүгээр л дамын наймаа хийж, улс үндэстнээ шулсан улс төр, бизнесийн зохион байгуулалттай бүлэглэл эдгээр компанийн цаана байдаг нь нууц биш. Улс орныг хөгжүүлэх том төслүүдэд хэчнээн жил тээг болж байгааг нь сана. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болно хэмээн хорь шахам жил ярилаа. Нэг байтугай нэлээд үйлдвэртэй болчих хугацаа өнгөрсөн. Нефтийг боловсруулж, ашиглах нь ганцхан бензин шатахуунтай болсноор хязгаарлагддаггүй. Энэ нь тухайн улс орныг аж үйлдвэржүүлэх үндсэн суурь нь болдог. Нефть боловсруулах үйлдвэрийг даган 100 шахам нэр төрлийн бүтээгдэхүүн гарна. Химийн үйлдвэрлэл хөгжинө.
Газрын тос боловсруулах үйлдвэрлэл орчин цагт нэн хялбарчлагдаж, жирийн нэг цехийн хэмжээнд ч үйл ажиллагаагаа явуулж болохоор энгийн болсон гэдгийг захын инженер мэднэ. Гэтэл нөгөө хөгжлийн тухай хоосон чалчдаг эрхмүүд хийгээд нефть импортлогчдийн лобби энэ бүхнийг нам дарсаар ирлээ. Ерээд оны сүүлчээр шиг санагдаж байна. Зүүнхараад нефть боловсруулах авсаархан үйлдвэр байгуулсан хэдэн залуусын бизнесийг хэн, яагаад зогсоох болсныг мэдэх хүмүүс байдаг юм. Монгол Улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоос нэн болгоомжилдог бүлэглэлийн ашиг сонирхол сүүлийн арав гаруй жил зохион байгуулалттайгаар хэрэгжиж ирсний золиос тэдгээр залуус болсон.
Шинэ Засгийн газар гарч ирэх бүрийдээ нефть боловсруулах үйлдвэрийг нэн даруй бий болгоно хэмээн амладаг. У.Хүрэлсүх ч ялгаагүй ийн амласан. Ядаж “унахаасаа” өмнө энэ ажлыг эхлүүлчихээсэй. Үйлдвэр байгуулах мөнгө нь байна. Үйлдвэрлэл явуулах газрын тосны хангалттай нөөц нь бидэнд байна. Хамгийн гол нь энэ бүхэнд өдий болтол саад тээг болсон үндэсний гэх хэдэн монополь компаниудын “барьцаа”-наас салах зориг л алга. Үнэндээ манай шатахууны жилийн хэрэглээ өчүүхэн. Ердөө л нэг сая гаруйхан тонн. Өнгөрсөн онд гэхэд л бид 1.3 сая тонн шатахуун хэрэглэсэн байх жишээтэй.
Гэтэл Монголын нефтийн боломжит нөөцийн хэмжээ 870 гаруй сая тонн, баталгаат нөөцийн хэмжээ 332.6 сая тонн хэмээн тогтоогдсон байдаг юм билээ. Энэ бол Монгол Улсыг 150-200 жил элбэг хангах нөөц гэсэн үг. Ийм бололцоотой атлаа гаднаас хамгийн өндөр үнээр импортлон дотооддоо дамлан зардаг бодлогыг юу гэж тайлбарлалтай билээ. Энд улс орны хөгжлийн эсрэг бодлого явагдаад байна гэж хардахаас ч аргагүй. Дорнод аймгийн Тамсагаас Хятадын төрийн өмчит “Петрочайна Дачин Тамсаг” ХХК гэхэд л 1996 оноос эхлэн газрын тос олборлон бүтээгдэхүүн хуваах гэрээ гэх халхавч дор бараг үнэгүй шахам 21 жил урагшаа зөөлөө.
Эл компани долоо хоногт нэг удаа вагон цистернээр ойролцоогоор 8535 баррель буюу 1170 тонн түүхий нефть хилээр гаргадаг. 2017 оны байдлаар Монголоос зургаан сая гаруй тонн нефтийг эл компани экспортлосон байдаг. Мөн өдий хэмжээний түүхий нефть экспортлодог “Доншен газрын тос” ХХК хэмээх Хятадын компани байна. Бид энэ олон жил ядаж хоёр хөрштэйгөө хамтарсан үйлдвэр байгуулж яагаад болоогүй гэж. Роснефтийн Ерөнхийлөгч Сечин Монголд хандан хэд хэдэн удаа тавьсан саналыг яагаад хүлээж аваагүйг одоо олон хүн асуудаг. Оросуудаас хараат байдалд орно, геополитикт нөлөөлнө энэ тэр гэсэн утгагүй тайлбарыг энэ бүх саналаас татгалзсан нөхдүүд өгдөг.
Яг үнэндээ энэ бүхний цаана нөгөө л дотоодын монополь хэдэн компанийн эрх ашиг хөндөгдөх шалтгааны улмаас монголчууд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэж, Монголын төр засаг арчаагаа алдан тэдэнд шантаажлуулсан хэвээр үлдсэн. Стратегийн ач холбогдолтой салбар учраас гаднын хөрөнгө оруулалтыг хориглоно хэмээн тайлбарладаг нөхдүүд энэ хуульд нөгөө “дамын наймаачдын” лобби нөлөөлснийг дурддаггүй юм.
Монголын эдийн засгийн тамирыг шатахуун импортлогчид шавхаж сороод барлаа
МИАТ компанийн алдагдалын гол шалтгаан нь “Шунхлай” тэргүүтэй компаниудад байдгийг тус компанийнхан олон жил ярьж байгааг холбогдох байгууллага, эрх мэдэлтнүүд яагаад үл тоодгийн бол оо! Төрийн өмчит эл компанид ой тойнд багтамгүй өндөр үнээр шатахуун шахаж, улмаар дампуурахад хүргэсэн үйл ажиллагаа нь гэмт хэрэг биш юм гэж үү. Өнөөдөр туйлдаж ядарсан ард түмний нуруун дээр зохиомол үнийн хөөрөгдлөөр дааж давшгүй дарамт үүсгэн, ягт нь тулгаж байгаа эдгээр компанийн байн байн давтдаг үгсэл, хуйвалдаан Монгол түмний эрх ашгийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг биш юм гэж үү! Энэ бүхнийг төр, засаг зохицуулж үл чадах аваас иргэд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө тэмцэж яагаад болохгүй гэж. Засгийн газрыг шантаажлахдаа тултал даварсан шатахуун импортлогчдын монополь бүлэглэлийг бут ниргээч.
БАЙР СУУРЬ
Шатахууны үнийг татвараар зохицуулах боломжгүй болсон
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат
-Үнийн зөвлөл энэ сарын 18- нд хуралдаж, зөвлөмж гаргасан. Үүгээр өргөн хэрэглээний А80, АИ92 автобензиний хангамж, үнийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзсэн. Мөн дизель түлш болон евро 5 стандарттай экологийн ангиллын шатахууны үнийг үе шаттайгаар нэмэхээр болсон. Ингэхдээ аль болох хэрэглэгчдэд дарамт багатайгаар зах зээлийн зарчим руу оруулах үүрэг өгсөн байгаа. Манай улс 2016 онд 1.27 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бол 2017 онд 1.5 сая тонн болж өссөн. 2017 оны долдугаар сараас Олон улсын валютын сан (ОУВС)- гийн хөтөлбөрт орж, буураад байсан шатахууны онцгой албан татварыг нэмсэн.
Үүнээс үүдэн жижиглэнгээр борлуулагч компаниуд өнгөрсөн аравдугаар сараас алдагдалтай ажиллаж эхэлсэн. Өнөөдөр үүсэн нөхцөл байдлыг татвараар зохицуулах ямар ч боломжгүй болоод байгаа. Цаашид гал унтраах бодлогоор зохицуулж чадахгүй, бодитой өөрчлөлт хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс энэ сарын 27-ноос ОУВС-гийн төлөөллүүдтэй хэлцэл хийхээр хүлээж байгаа. Онцгой албан татварын хувь, хэмжээг дэлхийн зах зээлийн үнэ ханштай уях боломжийн талаар ярилцана. Бид шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарахаас илүү хангамжийг нэн тэргүүнд тавих нь зүйтэй. Дараа нь чанар, үнийн асуудал орно. Чанар, хангамжийн асуудлаа орхигдуулж ирсний үр уршиг нь өнөөдөр гарч байна. 2017 онд манай улсын шатахууны нийт хэрэглээний 7.7 хувь нь л евро 5 экологийн ангиллын шатахуун байсан. Үүнийг 2019 онд 50 орчим хувьд хүргэх зорилт тавьсан.
Татаасыг 77 хувиар багасгах ёстой
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав
-Сүүлийн 10 жилийн хугацаанд шатахууны бизнес хаалттай болсон. Монополь маягийн компаниуд давуу эрх эдэлж, төрөөр янз бүрийн шийдвэр гаргуулж буйн үр дагавар өнөөдөр хурцаар илэрлээ. Манай байгууллагын судалгаанаас харахад шатахуун импортлогч компаниудын татаасыг ойрын хоёр жилд 77 хувиар багасгах шаардлагатай байгаа. Ингэж байж зах зээлийн зарчим руу орно. Компаниудын хувьд импортоор авсан өртөг дээрээ гурван хувийн ашгаа нэмж үнээ тооцдог. Манай улсад одоогоор ийм төрлийн бизнесийн зөвшөөрөлтэй 87 аж ахуйн нэгж бий. Зөвшөөрлийг нь чөлөөтэй олгоод, монополь байдлыг задалбал үнийн өрсөлдөөн бий болно. Зөвшилцөл гэдэг бол чөлөөт зах зээлийн эрэлт, нийлүүлэлт байдаг.
Харин төрөөс зөвшөөрөл, татвар, татаасаараа л оролцох боломжтой. Компаниуд нэг литр шатахуун тутамд 100-200 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Дээр нь зөвшөөрлөө хураалгах, татаас өгдөг тогтолцоогоо өөрчлөх вий гэсэн айдастай байна. Засгийн газраас ирэх дөрөвдүгээр сар хүртэл ийм алдагдалтай хэвээрээ ажилла, үнээ нэмбэл зөвшөөрлийг нь хураана гэж шахаж, бизнесийн эрх чөлөөнд нь халдаж байгаа нь буруу. Аж ахуйн нэгжүүд Засгийн газрыг сайхан харагдуулах гэж биш ашгийн төлөө ажилладаг. Тиймээс зах зээлийн ердийн зарчмаар нь явуулах хэрэгтэй. Гэхдээ аж ахуйн нэгжүүд хэрэглэгчдийг барьцаалах маягаар асуудалд хандаж хэрхэвч болохгүй.
Ш. Даваадорж
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
buhel buten neftin gazar geed ulsin baiguulaga 5shard baidag sh te yamar ajil hiideg buu med zuger tsalin abdag ulsuud baidag sh te