С.Амарсайхан: Бодит бэрхшээл хүндрэлийг бид нууж биш нээлттэй ярилцаж шийдвэрлэнэ

”Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт 1000 гаруй иргэд оролцлоо
НИТХ-аас санаачлан зохион байгуулсан ”Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг Соёлын төв өргөөнд боллоо. НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу уг хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд  хэлэлцүүлгээс өмнө нэг сар орчим хугацаанд иргэдийн санал гомдлыг НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдээр   дамжуулан хүлээн авсан байна.
Энэ хугацаанд иргэдээс  520 гаруй  санал гомдол өргөдөл ирсэн бөгөөд эдгээрийг нэгтгэн 1-рт Газрын харилцааны эрх зүйн орчин, 2-рт Газрын албаны  үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, 3-рт Газар зохион байгуулалттай холбогдох өргөдөл гомдлын шийдвэрлэлт гэсэн үндсэн сэдэвт хуваан хэлэлцүүлгийг өрнүүлжээ.
Соёл төв өргөөнд болсон тус хэлэлцүүлэгт 1000 гаруй иргэд оролцлоо. Хэлэлцүүлгийн панелистээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан, Д.Тэрбишдагва, Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Б.Батнасан, Ё.Цацралтуяа, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар, Д.Нямдаваа болон Хотын удирдлагууд, ТББ болон судлаачдын төлөөлөл оролцлоо.
НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: ”… өнөөдрийг хүртэл зохион байгуулалтгүй, нэгдсэн төлөвлөгөөгүйгээр олгогдож, шийдвэрлэгдэж ирсэн газартай холбоотой асуудлыг иргэд та бид хаана хаанаа сайн мэдэж байгаа. Бодит бэрхшээл хүндрэлийг бид нууж хааж, хаацайлж биш ажил хэрэгч зарчимч байдлаар хэлэлцэж, нээлттэй ярилцаж, шийдлийг нь гаргаж, ингэхдээ иргэн бүрийн оролцоо, идэвх санаачлага, албан тушаалтан бүрийн хариуцлага, бүтээмж, итгэл сэтгэл хамтын хүчээр шийдвэрлэж ард нь гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэд газрын албаны үйл ажиллагаа, газартай холбоотой  асуудал нь иргэдийн гомдол бухимдал дагуулдгийг илэрхийлж, УИХ-ын гишүүд болон хотын удирдлагууд, Нийслэлийн газрын албаны дарга нараас холбогдох асуултууд асууж, хариулт авч, санал хэллээ.
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн газрын албанаас тараасан материалд  2017 оны байдлаар дүүргүүдийн Газрын албанд 31327 өргөдөл гомдол хүлээн авснаас 27352 өргөдөл гомдлыг шийдвэрлэж,  3975 өргөдөл гомдлыг судалж байгаа, шийдвэрлэлтийн явц 88%, А үнэлгээтэй байгаа гэсэн мэдээлэл тараасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байна. ”Газар зохион байгуулалттай холбогдох өргөдөл гомдлын шийдвэрлэлт” сэдвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны дарга М.Оюунчимэг ”Нийслэлийн газрын албаныхан иргэдийн өргөдөл гомдлыг 2017 онд  бараг 98 хувьтай А үнэлгээтэй шийдвэрлэсэн гэжээ. Хэрвээ газрын албаныхан ингэж ажилласан юм бол өнөөдөр энд  олон хүн цуглаж, газрын албанд өргөдөл гомдол шийдвэрлэгдэхгүй байна гэж  та бүхэн энд сууж байх уу” гэж хэлсэн нь олны талархлыг хүлээж, иргэд заал дүүрэн алга нижигнүүлэн ташсан байна.
Хэлэлцүүлэгт оролцож асуулт асууж, санал хэлсэн иргэдийн олонхи нь Нийслэлийн болон дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагаа хүнд суртал ихтэй, өргөдөл гомдлыг хугацаанд нь шийдвэрлэдэггүй, иргэдийг удаа дараа явуулж чирэгдүүлдэг, газрын кадастр давхардуулж олгодог, авлига хээл хахуульд идэгдсэн  гэдгийг тодорхой  жишээ  баримт дурьдан ярьж байлаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Газрын харилцаатай холбоотой хэлэлцэгдсэн асуудлуудын хүрээнд зөвлөмж гаргаж, зөвлөмжийг ”Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлгийг  зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасанд гардуулж, зөвлөмжинд тусгагдсан саналуудыг ажил хэрэг болгож ажиллах чиглэлийг оролцогчдоос өглөө.

URL:

Сэтгэгдэл бичих