Wikimon: Монголын төлөөлөгч Энхээ гэгч тайванчуудад газар зарж 600 мянган доллар луйварджээ

2011 оны 11 дүгээр сарын 22-нд Тайванийн мэдээллийн төв суваг болох CTI TV телевизийн 18 цагийн мэдээгээр Лю Ян Хоу, Тин Мань Вэй нар Тайбэй хотоос мэдээлэхдээ нэгэн газрын наймааны асуудлыг хөндсөн юм. Монголд үйл ажиллагаа явуулдаг Тайванийн нэгэн Ротари клубын гишүүн Ли хэмээх хүн Тайбэй хот дахь Монгол улсын төлөөлөгч Энхээ гэгчтэй уулзаж учирсны эцэст тус улсын нутаг дэвсгэр дээр газар худалдаж авахаар тохиролцсон байна.

Чингээд Ли овогт Монголд хөрөнгө оруулагчдын хамт ирж 1.5 сая ам.доллараар газар худалдаж авчээ. Гэтэл уг газрыг зуучлагч тайвань эр, Энхээ нар нийлж тэрхүү газрыг 900 мянган ам.доллараар жинхэнэ эзнээс нь худалдан авч өөрсдөө 600 мянган долларын унацтай наймаа хийжээ. Хамгийн гол нь Тайванийн хөрөнгө оруулагчид нутаг нэгтэн болон Монголын төлөөлөгч нарт залилуулснаа мэдэж Тайбэй хотын шүүхэд хандсан байна. Шүүхээс өөрийн иргэнд 10 сарын хорих ял оноосон боловч Монголын төлөөлөгч Энхээд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй аж. Энэхүү мэдээллийг та дээрх телевизийн сайтаас хятад хэл дээр үзэж болох юм. Саяхан ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан В.Нямхандыг хятадуудад Монголын газрын зураг, ашигт малтмалын орд газруудын нөөцийг тодорхойлсон “маш нууц” мэдээллийг дамжуулсан хэмээн үзэж эдүгээ таслан хориод байгаа билээ. Тэгвэл Гадаад харилцааны яамны дипломат ажилтан А.Батсайхан гэгч Польшид зорчиж явахдаа урьд өмнө буюу 2004-2007 онуудын хооронд тамхи зөөвөрлөсөн хэргээр баригдаж чамгүй хэмжээний барьцаа төлсний эцэст батлан даалтад гарчээ.

Энэ мэтийн мөнгөний сонирхолтой, эх орноо гэх сэтгэлгүй увайгүй нөхдүүд ойр ойрхон Монголын чихийг халууцуулж байгаа нь даанч харамсалтай. “Миний газар шорооноос Бурхан гуйсан ч бүү өг” гэж цагтаа Галдан бошигт хаан өгүүлж байсныг зарим нэг этгээдүүд умартсан бололтой. Эс бөгөөс тэд сонссон ч сонсоогүй царайлж, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн халаасаа түнтийлгэж байвал хятад нь байна уу, канад нь байна уу ялгаагүй аж. Эцэг өвгөдөөс минь өвлөж ирсэн эх нутгийн минь газар шороо энд тэндхийн панзчдад зарагдаж борлуулагдсаар байгааг төр, засагт олон нийт ярьж хэлсээр байгаа ч нүдэн балай чихэн дүлий явсаар өнөөдрийг хүрлээ.
А.Харанга


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих