ХОНХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТ: ХУУЛИАС АЙДАГГҮЙ ХҮМҮҮСИЙГ АЙЛГАДАГ ХҮМҮҮС БАС БАЙДАГ ЮМ
“Хөх Монгол” бүлгэм саяхан хэвлэлийн бага хурал хийв. Тэд Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаа, хуулийн цоорхой ашиглан гадаадын иргэдэд үйлчилж, төрийн өмчийг луйвардан авдаг хуульчид болон газрын лицензтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбааатар, АМГТГ дарга Х.Хэрлэн, “Гачуурт” ХХК-ий захирал Л.Чинбат нартай холбоотой хэргийн баримт материалуудыг ЦЕГ болон ТЕГ албан ёсоор хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Энэхүү хурлын зорилго, чиглэлийн талаар тус бүлгэмийн тэргүүн Хонхэрээдийн Б.Энхбаттай цөөн хором ярилцлаа.
-Манай иргэний хөдөлгөөнүүд хэн нэгэн хүний нэр дурдахгүйгээр нийт дунд нь “Төрийн өндөр албан тушаалтнууд тэглээ ингэлээ” гэж ярьсаар байгаад ард түмнийг бүр мөлийлгөж орхисон. Тиймдээ ч хүмүүс “За эд нар ингэж худлаа хуцаж л байдаг юм” гээд тоохоо байсан. Харин саяын хурлаат та нар зарим хүний нэрийг зоригтой дурдлаа. Энэ тухайд?
-Манай бүлгэм гурав дөрвөн асуудлаар мэдэгдэл хийлээ. Үүнд би 1-рт 1990-ээд оны дундуур хэвлэгдэж байсан “Захиалгат аллага” романыхаа дөрөвдүгээр дэвтэрт бичигдэж байсан нэг ноцтой баримтыг харуулсан. Энэ юу вэ гэвэл 1980-аад оны сүүл үеэр БНМАУ-ын төрд өндөр алба хашиж явсан, тодруулж хэлбэл Гадаадтай эдийн засгаар харилцах хангамжийн яамны сайд Пунсалмаагийн Очирбат ажлын хариуцлага алдаж, Монгол улсын төрд тэр үеийн ханшаар зуун сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг юм. 2-р баримт нь 2006 онд хэвлэгдсэн “Өглөөний сонин”-ыг үзүүлж, 2006 онд “Хөх Монгол” бүлгэм Авилгатай тэмцэх газарт Хөрөнгийн биржийн захирал асан Н.Золжаргалтай холбоотой төрийн өмч хөрөнгийг буруу зарцуулж, Монголын төрд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт гарган уламжилсан байдаг. Энэ хоёрыг яагаад эхэлж ярьсан бэ гэвэл хэрвээ наяад оны сүүл ерээд оны эхээр Монгол улсын төрийн өмнө гэмт хэрэг үйлдэж, ноцтой хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан П.Очирбатын хэргийг шалгаж шийдвэрлээд энэ хүнд зохих ёсны арга хэмжээ авсан бол Монгол улс 1990 оноос хойш энэ хүнд ингэж самруулахгүй байх байлаа. Монголын төр ингэж хямрахгүй, эдийн засгийн сүйрэлд орохгүй байх байсан. 2-рт 2006 онд бидний гаргасан гомдлын мөрөөр Монгол улсын хууль хяналтын байгууллага Н.Золжаргалд хариуцлага тооцсон бол өнөөдөр ингэж Монголын ард түмэн Золжаргал гэдэг нөхрөөр төрийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийлгүүлэхгүй байх байлаа. Мөн энэхүү хэвлэлийн бага хуралд дээр бид хоёр гол асуудлыг хөндсөн. 1-рт Монгол улсын төрийн мэдлийн хууль хяналтын байгууллагад элдэв өндөр албан тушаал хашиж байгаад хөөгдсөн, тэтгэвэртээ гарсан янз бүрийн хуульч нар өөрсдийн хувийн хуулийн фирм байгуулж өмгөөллийн ажил эрхлэнэ хэмээн Монголын ард түмний эсрэг харийн хүмүүстэй хуйвалдан бузар үйл ажиллагаа хийдэг болсон. Үүнийг бид хөндлөө. 2-рт Монгол улсын газар нутгийг лиценз нэрээр хэдэн хүн хуваан авч харийн хүмүүст зарж борлуулдаг болсон нууц сүлжээг таслан зогсоох тухай байв. Мөн Монгол улсын Прокурорын ерөнхий газрын дэргэд байсан Мөрдөн шалгах газрыг дахин сэргээн байгуулж, хуулийн байгууллагад ажиллаж байгаа мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудын хэргийг хянан шалгах хэрэгтэй байгаа тухай мэдэгдсэн. 1-р асуудал дээр жишээ нь Монгол улсын хуулийн байгууллагад насаараа ажиллаад “Монгол улсын гавъяат хуульч” цол хүртээд тэтгэвэртээ гарсан хүмүүс хуулийн зөвлөгөө өгөх фирм гэгчийг байгуулаад гадаадын иргэд, байгууллагад хэтэрхий үйлчилж, Монгол улсын газар нутаг, монгол хүний өмч хөрөнгийг, Монгол улсын газар нутаг дээр дагаж мөрдөж байгаа элдэв хуулиудыг өөрсөддөө хэрхэн ашигтай зөвөөр хэрэглэж, шүүхээр далайлган булааж авах аргыг тэдэнд зааж өгч байна. Энэ гавъяат хуульч, хуулийн байгуулагад ажиллаж байгаад хөөгдсөн юмуу, тэтгэвэртээ гарсан хүмүүс Монгол улсын хууль журмуудыг гарынхаа арван хуруу шиг сайн мэддэг, тэр дотроо Монгол улсын хуулийн цоорхойг маш сайн мэддэг учраас үүнийгээ ашиглан хөрөнгөжин баяжиж байна. Тиймээс Монгол улсын өмгөөллийн байгууллагад ажиллаж байгаа ийм хүмүүсийн асуудлыг Монголын төр анхааралдаа авч, тэдэнд хариуцлага тооцох ёстой. Жишээ нь Монгол улсын гавъяат хууль Ц….О, Б… гэх мэтийн олон хүнийг бид хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлт тавьж байгаа юм. Одоохондоо хууль хяналтын байгууллага нягтлан шалгаж эхлээгүй байгаа болохоор энэ хүмүүсийн нэрийг ил зарлаж болохгүй байна. Хэрвээ хуулийн байгууллагууд энэ хүмүүсийн хэргийг шударгаар хянан шийдвэрлэхгүй бол бид гараа эвхээд, дуугүй хараад сууж чадахгүй. Монгол улсын төрийн хууль үйлчлэхгүй байгаа эдгээр хүмүүстэй бид төрийн хуулиас гадуур өөрсдийн арга хэмжээгээ авах болно. 2-рт газрын лицензийн тухай. Өнөөдөр Монгол улсын газар нутгийг лиценз нэрээр хэсэг бүлэг хүмүүс өөрсдийнхөө нэр дээр үнэгүй шахам шилжүүлэн авч, улмаар түүнийгээ харийн хүмүүс, гадны компаниудад асар өндөр үнээр зарж хөлжин баяжсаар ирлээ. Ингэж баяждаг бүхэл бүтэн далд сүлжээ бий болсон байна. Тиймээс зарим нэг цагаандаа гарсан хүний үйлдлийг ил зарлах хэрэгтэй болж байгаа юм. Жишээ нь Монгол улсын засгийн газрын гишүүн, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатарын дүү Ч.Гансүх гэгчийн “Хотгор шанд”-ын орд газрыг харийн хүмүүст асар өндөр үнээр зарж борлуулсантай холбоотой асуудлыг, Монгол улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга Х.Хэрлэнгийн өөрийн таньдаг хүнээр дамжуулан “Шивээ-Овоо” орд газрын лицензийг, бас өөр хэд хэдэн газрын лицензийг гадаадын харь хүмүүст зарсан асуудлыг, мөн “Гачуурт” ХХК-ний захирал Л.Чинбатын газрын лицензийн наймаа эрхэлдэг хийгээд Монгол төрийн өндөр албан хаагчдад хээл хахууль өгч, янз бүрийн тендерт ялалт байгуулдаг байсан асуудлуудыг Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар шалган тодруулж, хэвлэл мэдээллээр байнга яригдаж байгаа эдгээр асуудлын үнэн худлыг эцэслэн тогтоож өгнө үү гэсэн мэдэгдэлийг холбогдох газруудад хүргээд байна.
-Хамгийн эхэнд хөндсөн Пунсалмаагийн Очирбатын тухай асуудлыг жаахан тодруулна уу?
-1980-аад оны сүүл үед П.Очирбат Гадаадтай эдийн засгаар харилцах хангамжийн яамны сайд байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тухайн үеийн БНМАУ-ын төрд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байсан хүн. Энэ хэргийг тэр үеийн Улсын ерөнхий прокурор Бүдрагчаа тэргүүтэй хүмүүс шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж амжаагүй байхад Монголд ардчилсан хувьсгал өрнөж, улмаар Пунсалмаагийн Очирбат Монгол улсын анхны ерөнхийлөгч болсноор энэ хэрэг хаагдсан байдаг. Хэрвээ тухайн үед П.Очирбатад зохих хариуцлага хүлээлгэсэн бол энэ хүн ерээд оны үед Монголын төрийг самрах ажиллагаанд идэвхтэй оролцож чадахгүй байх байлаа. Энэ хүн бол Монгол улсыг бар улс болгоно гэж сүржигнэж байгаад л “баар” улс болгоод самраад хаячихсан жинхэнэ адгийн муу хүн шүү дээ. Монголын төрд мөн ч их гай тарьсан.
-Зөвхөн П.Очирбат гэлтгүй өөр бусад томчуултай холбоотой хэрэг явдал маш олон байгаа. Гэвч танай бүлгэм баримт материал олох тал дээрээ хэр вэ? Чадалтай улс хэр олон байгаа вэ?
-Манай “Хөх Монгол” бүлгэм 1990 оны ардчилсан хувьсгалын дараа байгуулагдсан үндсэрхэг үзэлтнүүдийн анхны хөдөлгөөн. Энэ ч утгаараа манай бүлгэмийн архивт 1990 оноос хойш Монгол төрийн өндөр албанд орж ирээд элдэв луйвар хийж хөлжсөн олигархиудтай холбоотой баримтууд маш олон байгаа. Харамсалтай нь энэ олигархиудтай Монгол улсын хуулийн байгууллагууд тэмцэхгүй байна. Тэднийг зөнд нь орхисон. Тиймээс хууль хяналтын байгууллага тэмцэхгүй байгаа эдгээр хүмүүстэй хууль зөрчин харьцахаас өөр аргагүй байдалд хүрэх гээд байна. Яагаад гэвэл энэ хүмүүстэй Монгол улсын төрийн хуулийн дагуу арга хэмжээ тооцож болдоггүй юм бол хуулиас гадуур тооцоо бодож болохгүй гэсэн юм байхгүй. Бидэнд ийм ажил хийх хүч хангалттай байна.
-Хуулиас гадуур арга хэмжээ гэдгээ жаахан тодруулна уу?
-Нэгэнт өнөөдөр мөрдөж байгаа хууль журмууд эдгээр хүмүүст үйлчлэхгүй мөртлөө Монголын ард түмэнд үйлчилж байна. Хууль үйлчлэхгүй болохоор үнэндээ оодроод байгаа л даа. Ийм байдалтай хэдэн жилийн нүүр үзлээ. Хуулиас айдаггүй хүмүүст бас өөр бусад айдас гэж байдаг юм. Тэр айдсыг нь хөндөх ёстой. Даанч манай хуулийнхан тэр айдсыг нь хөндөж чадахаасаа өнгөрсөн. Тэгвэл хуулиас айдаггүй хүмүүсийг айлгадаг хүмүүс гэж бас байдаг юм. Тэр айдсыг эд нарт бий болгодог хүмүүс бол эрүүгийн гэмт хэрэгтнүүд. Манай “Хөх Монгол” бүлгэм эрүүгийн ертөнцийн зарчмаар ажиллана гэдгээ өмнөх хэвлэлийн бага хурал дээрээ албан ёсоор мэдэгдсэн. Жишээ нь би ярилцлагынхаа төгсгөлд “Бид нар бол хийх ёстой юмаа зүгээр хийгээд л явна. Хүн алах хэрэгтэй бол ална. Цэвэрлэх хэрэгтэй бол цэвэрлэнэ. Бид нар бол өөрийн ертөнцтэй. Бид нар бол цагаан захтнуудаас авах юмаа авна, цуглуулах юмаа цуглуулна. Яг л эрүүгийн ертөнцийн зарчимаар ажиллана…” гэж мэдэгдсэн. Яагаад гэвэл бид нарт эдгээр луйварчдын амь нас сохор зоосны ч үнэгүй зүйл. Учир нь гэвэл төрийн өндөр албан тушаалыг ашиглаж үйлдсэн гэмт хэргийг дэлхий нийт хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үздэг. Хувь хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг хувь хүнийх гэж үздэг. Тиймээс Монголын ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа энэ хүмүүстэй хувь хүнийх нь хувьд тооцоо хийж чаддаг улс бас байдаг юм. Тэд бол эрүүгийнхэн.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
demjij baina hoh mongol bulgemd yaj elsej boloh be