Шонхор шувуу…бахархая…

17252

…Газарт төрж тэнгэрт ясаа тавьдаг жигүүртэн бол шонхор шувуу бөлгөө. Шонхор нь Монголчуудын хувьд “тэнгэрийн элч”, мөн “тэнгэрийн ирвэс” гэгддэг тэнгэрлэг шувуу юм.
Судлаачид тэр дундаа түүхчид, шувуу судлаачид:
- Монголчууд бүр Хүн, Хятан гүрний үеэс махчин шувууд тэр дундаа шонхор, харцага, бүргэд анч шувуудыг ан авд сурган тэдгээрийн хүчирхэг, шаламгай, дайчин чанарыг нь бишрэн шүтэж хүндлэн дээдэлсээр онго, сүлд болгон тахиж туг, далбаандаа оруулж ирсэн тухай өгүүлэх нь бий.
Монголын өвөг дээдэс ийнхүү Шонхор шувууг дээдлэн шүтэж ирснийг батлах биет дурсгал археологийн малтлагаар олдож байсан юм. МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг хээрийн судалгааны ангийнхан доктор Д.Наваан агсаны удирдлагаар Сүхбаатар аймгийн Онгон сумын нутгаас Их Монгол улсын алтан ургийн хүнийх байж болох булш олж, малтан судалсан. Түүнээс баялаг эд өлгийн зүйлс олдсоны дотор алтадмал эмээл, дүүлэн нисэж буй шонхор шувууны дүрс бүхий алтадсан бөгж олдож байсан нь Шонхор Монголчуудын чухал билгэдэл байсныг нотолгоо болох нь дамжиггүй юм.
Шонхор хамтаараа амьдрана. Насан туршдаа нэгэн эрийн төлөө эм нь, эр нь бас нэгэн үзэсгэлэнт бүсгүйн төлөө амьдрана. Шонхор зоригтой байдаг шигээ хайр сэтгэлдээ үнэнч шувуу бөгөөд ижлээ хамгийн их халамжлаж хайрладаг шувуу ажээ. Шонхорын эм нь эрээсээ илүү зоригтой тул ангаа эхэлж эм нь довтолно. Ханхүү хүч хавсарна.
Монголд арван зүйлийн шонхор шувуу байдаг. Тухайлбал, идлэг шонхор, цагаан шонхор, начин шонхор, зээрд шонхор, амарын шонхор, турамтайн шонхор, эгэл шонхор, хайргууна шонхор, шилийн шонхор гэх мэт нэрлэж болно. Эдгээрээс идлэг, цагаан, начин, зээрд, амарын шонхорууд манай оронд түгээмэл үзэгддэг. Бусад шонхруудын хувьд нүүдэллэн ирдэг ховор төрлийн шувууд юм. Шонхруудаас хамгийн том биетэй нь идлэг шонхор. Ер нь махчин шувуудын эм нь эрээсээ том биетэй байдаг. Энэ нь эмэгчин шувуу нь өндгөө дардагтай холбоотой. Мөн эм шувуу нь ан ав хийхдээ ч эрээсээ илүү байдаг гэнэ. Шонхор шувууд өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог ба ингэснээрээ байгаль экологийн тэнцвэрт байдлыг тодорхойогч “АЙБОЛИТ ДОКТОР”-ын үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Идлэг шонхор биеэр том учраас үлийн цагаан оготноор түлхүү хооллодог бол хамгийн жижиг амарын шонхор нь жижиг мэрэгчдийг барьж иддэг байна. Шонхрууд хосоороо амьдардаг бөгөөд тус тусын эзэмшил нутагтай, өөрийн эзэмшилд өөр шувуу орж ирвэл газар нутгаа хамгаалан тулалдах үе ч гарна. Махчин шувууд зоригтой. Нэг идэш рүү тал талаасаа зэрэг дайрах боловч аль хүчтэй, зоригтой нь л авна. Тэр дундаа начин шонхор хурдан шалмаг хөдөлгөөнтэй гэдгээрээ бусдаасаа онцлог. Хэдийгээр хурдан шалмаг хөдөлгөөнтэй ч биеэр жижиг учраас ан агнуулах зорилгоор төдийлөн тэжээдэггүй байна. Шонхор шувуу цагт 300 км хүртэл хурдлах чадвартай болохоор “тэнгэрийн ирвэс” гэж нэрлэдэг байна.
“Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Нанчилдах дайсантай учирхад
Начин шонхор мэт довтол.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих