Банкуудыг залилагчид 100 гаруй хадгаламж эзэмшигчийн нэрсийг гаргасан байжээ
/Өдрийн шуудан/: Банкны төлбөрийн карт, хуурамч даалгавар ашиглан манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудаас их хэмжээний мөнгө залилсан Ж, Э, Б, П, Э, Г, Б, А, Б нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн өдгөө УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд шалгаж байна. Тэдний дунд брокер дилерийн компанийн ажилтан ч байгаа.
Энэ хүмүүс нь тус тусдаа бүлэглэл аж. Тэд хуурамч төмбөрийн карт, даалгавар ашиглахаас гадна арилжааны банкуудын хэрэглэгчдэд ойртсон үйлчилгээ болох мобайл болон интернэт банкны гүйлгээг ашиглаж байсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм. Тухайлбал, Ж, Э, Б нар нь энэ оны дөрөвдүгээр сард манай нэгэн арилжааны банкны харилцагч АНУ-ын банкны 14 харилцагчийн төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж ашиглан, АТМ-аар хуурамч гүйлгээ хийж 12 сая төгрөгийн хохирол учруулсан нь шалгалтын явцад тогтоогдсон гэнэ. Түүнчлэн энэ оны долдугаар сард
Манай өөр нэгэн банкны харилцагч Англи улсын нэр бүхий арилжааны банкны дөрвөн үйлчлүүлэгчийн төлбөрийн картыг хуурамчаар үйлдэж АТМ-аар гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулжээ.
Банкны төлбөрийн карт, хуурамч гүйлгээ ашиглан залилагчид “Монгол шуудан”, “Зоос” гээд манайд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудаас хуурамч баримт, төлбөрийн даалгавраар 17-50 сая гаруй төгрөг хэд хэдэн удаагийн гүйлгээгээр авсан тогтоогдсон байна.
Шалгалтын явцад Бямбасүрэн нарын бүлэглэл нь “Зоос” банкнаас хурамч төлбөрийн даалгавар, гүйлгээ ашиглан 50 сая төгрөг авсан бөгөөд үүнийхээ 30 саяыг нь Баянзүрх дүүргийн IV хороо, “Американ дэнж” хороололд байрлах хууль бус аргаар авсан байрандаа төмөр шүүгээнд хадгалж байсан аж. Түүгээр зогсохгүй дээрх хүмүүсээс хэд хэдэн банкны хадгаламж эзэмшигч 100 гаруй хүний дансны мэдээлэл, хадгаламжийн тоо бүхий баримт ч олдсон гэнэ. Цагдаагийн байгууллагын ажилтнууд тэдэнд байгаа нэрс дараагийн хохирогчдынх байх гэлцэж буй юм. Эдгээр хэргийг үйлдсэн хүмүүсийн хоёр нь өмнө нь залилангийн хэргээр хоёр ч удаа ял эдэлж байсан аж. Тэднийг шалгах явцад Б нь нэг дүүргийн иргэний бүртгэлийн албанаас хоёр нэрээр иргэний үнэмлэх авсан байжээ. Түүнчлэн нэр дээрээ хэд хэдэн банкинд данстай байсан гэнэ.
Энэ олон холбогдогчтой хэргийг шалгаж дуусаагүй байхад өнгөрсөн баасан гаригт Ховд аймаг дахь “Монгол шуудан” банкинд ажиллаж байсан хүн мөн л хуурамч гүйлгээ ашиглан гурван удаагийн үйлдлээр 55 сая төгрөг завшсаныг цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгаж байна. Тус банкинд ажиллаж байгаад гарсан Н.Булганчимэг гэдэг эмэгтэй найз залуу болох Т.Жамъян-Осор нарын таван хүнтэй бүлэглэн уг мөнгийг завшсан нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм байна. Өдгөө тэдгээр хүмүүсийг УМБГ-ын Эдийн засгийн албанд шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлж байгаа болохоор үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс эх сурвалжууд татгалзаж буй юм.
Дээрх есөн хүн дээр нэмэгдэж сүүлд нь саатуулагдсан Т.Жамъян-Осор, Н.Булганчимэг нарын бүлгийн таван хүний хохирогчоор өдгөө хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг залилуулсан банкны төлөөлөгчид хавтаст хэрэгт тайлбар мэдүүлэг өгч оролцож байгаа гэнэ.
URL: