Би үхэхээр чи үх!
Онцгой татварын нэмэгдэл, олон улсын зах зээлийн үнийн өсөлтийн улмаас шатахууны компаниуд үнэ нэмэхгүй болохоо байлаа гэж учирласаар удаж байна. Хэргийн эзэн төр засаг маань судална, шалгана, шийднэ гэсээр хэдэн сарыг барсны эцэст өчигдөр Шатахууны үнийн зөвлөлөө хуралдуулжээ. Хурал дээр Зам тээврийн дэд сайд “шилэн” Цогоогоор ахлуулсан, Сангийн яам, Уул уурхайн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөлтэй ажлын хэсэг шатахууны зардал, үнийн байдалд хийсэн шалгалтын дүнгээ танилцуулжээ.
Ажлын хэсгийн дүгнэснээр бүх төрлийн шатахууны хил дээрх үнэ, гаалийн татвар, онцгой татвар зэрэг үндсэн өртөг нь өнөөдөр зарж байгаа үнээсээ давчихсан байгаа нь нотлогдож. Энэ зөрүүн дээр тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагааны зардлыг нэмэхээр бүх компани литр тутамд 204-389 төгрөгийн алдагдал хүлээж байгаа ажээ.
Хамгийн хачирхалтай нь үнийн зөвлөлийн гишүүн дарга сайд нар маань ийм алдагдал байгааг өөрсдөө шалгаж хүлээн зөвшөөрсөн хэрнээ бензиний үнэ нэмж болохгүй шүү компанийн төлөөлөгчдөд зарлигдсан байна. Ёстой нөгөө би үхэхээр чи үх гэдэг шиг бид татварын орлогоо алдахгүй, бас олон түмэнд попдохоо болихгүй харин та нар дампуур гэсэн байгаа юм. Үнийн зөвлөлийн зөвлөснөөр дизель түлш, Аи95-ын үнийг нэмээд А80 болон Аи92-ын үнийг хүчээр барь гэвэл иргэдийн хамгийн их хэрэглэдэг энэ хоёр бензин тасрах нь тодорхой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Ингэж муйхарлалаа гээд энэ хэдэн нефтийн компани дампуурч олон мянган монголчууд ажилгүй болох нь ч хамаагүй юм байж. Хамгийн гол нь хөхөө өвлийн хүйтнээр шатахуун тасарчихвал улс орон яахыг бодож байгаа төрийн түшээ байна уу?
Олон хүний ярьдагчлан одоо байгаа хэдэн шатахууны компаниа дампууруулаад хаачихаар амьдрал сайхан болно гэдэг юу л бол. Угаасаа одоо шатахуун импортлох эрхтэй 80 гаруй компани байгаа, тэр дотор биднийг жаргаанаа гээд байгаа оросын компаниуд ч байдаг хэрнээ алдагдалтай болсон энэ үед алга болчихсон, үндэсний хэдэн компани л үйлээ үүрч байгааг нэг анзаарцгаая.
Эх сурвалж: 24tsag.mn
http://www.24tsag.mn/content/159057.shtml
URL: